logo
logo
Уран зохиол

"Аранжин Цом - 2023"

Өнөөхөндөө аав нь

Үрсийнхээ төлөө

Залбирахаас бусдыг чадахгүй

Байгаа шиг,

Залбирлыг минь сонсоод

Гийгүүлэх

Бурхан бас харагдахгүй

Байгаа шиг,

Аав ээж чинь ч

Харагдахаа больчихно,

Атга атгахан

Шороо болчихно.

Суусандаа л суух

Газар болчихно, аав нь.

Зогссондоо л зогсох

Уул болчихно, аав нь.

Хамгийн энгийнээр,

Миний хөвгүүд ээ,

Эх орон

Энэ шүү!

* * *

Нулимсгүй болтлоо эгшиж

Хатсан

Нүд мэт энэ навчсын

Аниастай нүдэнд аниастай

Би..,

Аниастай чигээрээ амьдраад л

Байх уу?

Гээгдэж буй өнөөдөртэй

Хамт

Гээгдэхгүй мэт гээгдсээр л

Байх уу?

Үгүй, үгүй, гэвч

Үндсэндээ бол тийм.

Үггүй үг, би

Үүсгүүргүй гэрэл, би.

* *

Энүүхэн зүгийн

Тэнгэрт

Түмэн шувуу

Бужигнана.

Ийм аниргүйгээр

Бас

Шаагилдах гэж

Байдаг аа.

Миний сэтгэлийн

Дотоод шиг,

Дотогшоогоо будрах

Над шиг,

Тув тунгалаг ертөнцийн

Дээврээс

Намайг хамаад нурах шиг

Энэ цас

Надад

Мөнх бусын хучлага шиг...

~ ~ ~

Дү.ОТГОНБАЯР

Холбоотой нийтлэл