logo
logo
Нийтлэл & Ярилцлага

ХӨДӨӨГ ЯААЯ ДАА БАЙЗ?

Хөдөөг яаая даа байз?

Хоёр зун дараалаад Хяргас нуурыг зорилоо. Байгалийн сайхан, нуурын сайхныг хэлж магтаж барах юм биш, зүгээр л “ХОСГҮЙ” гээд дүгнэчихье.

Хяргас нуурыг би “Хяргас далай” гэж нэрлэнэ. Далайд гарцгүй Монголдоо далай л юм даа. Хөлгүй их далайд жараахай шиг умбаж +37 хэмийн халуунд сэрүүцнэ гэдэг жаргал байлгүй яахав.

Харин нуурыг хөвөөлөн суугаа ардууд, эсвэл тэр нуурыг харьяалах аймаг, сумын захиргаа гэж ёстой нэг дүлий годилууд байх юм аа. Ямар их баялаг дээр сандайлан суугаагаа мэдэхгүй хэнэггүй гөлийгөөд явцгааж байгаа учраас годил гэчихлээ. Хүлцээрэй!

Хяргасыг ингэж тэгж өөрчил гэж үүрэг даалгавар өгдөг нь би биш ч гэлээ шүүмжилж, хэлж засч залруурах нь миний насны ахмад хүний үүрэг, эсвэл санаа сэдэл шийдэлд өгөх ташуур болоосой гэсэндээ дахин үзэг цаасаа харшуулан бичих авай.

Нуурыг зорих монголчуудын цуваа тасрахгүй. “Хэцүү хад” хэмээх онгон дагшин газар руу цувж барагдах юм биш. Машины дуу, боссон тоос, элсэнд суусан жижиг машинууд гээд ноднингийнх яг хэвээрээ. Бараг арав хорин жилдээ тийм байсан гэв үү?

“Хэцүү хад”-ыг зүглэсэн засмал зам тавихгүй бол малын бэлчээр ба байгаль орчныг чинь баллаж тавилаа гэдгийг Увс аймгийн удирдлага ба УИХ дахь Увсын депутатуудад анхааруулах нь иргэн миний үүрэг болсугай!

Худалдаа арилжаа, үйлчилгээний цэг, шатахууны цонж олныг байгуулахгүй бол тийшээ зүглэдэг монголчуудын хараал хэрүүл дийлдэхгүй шүү гэдгийг Увс аймгийн удирдлага ба УИХ дахь Увсын депутатуудын сонорт хүргэчихье!

Нуур тойрсон нутгийн ардууд үнэхээр унхиагүй арчаагүй амьдарч байна. Давуу талаа олж мэдрэх хүсэлгүй байна. Нуурын захад бус алс хол нүүдэллэн суугаа малчдаас хавьгүй давуу эрх ба боломж гарт нь байна. Тэдний эрх ба боломж нь илт нүднээ харагдаж байна.

Сайн дураараа, эвлэлдэн нэгдээд, хоршоод дэд бүтэц хөгжүүлэх бүрэн боломж байна. Хэрэв тэгж чадвал лав зуны гурван сард намар, өвөл, хаврынхаа хэрэглээний бэлэн мөнгийг хязгааргүй ууталчихаж болох юм байна гэдгийг би яаж уриалъя даа, байз?

Ажиглахад Хяргас нуурыг тойрон аялаж яваа монголчууд цэвэр ус, мах, хүнс, чихэр боов, газ, өөр юу ч юм худалдан авахад мөнгө хайрлана гэж байхгүй бололтой. Юу л байна. Бэлэн мөнгө. Хөөрхий тэд зовж зовж 100 км давхин явж Наранбулаг сум ороод хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй буцаж ирэх юм. Үнэгүй зүгээр авах гээгүй, худалдаад авъя гэцгээж байна. Юу ч авахад бэлхэн өлөн нүдтэй, аяншсан, гэхдээ мөнгөтэй монголчууд Хяргасын эргээр, Хяргасыг тойрон хөлхөж байна. Гэтэл сумын дэлгүүр гэж модоо барихын наагуур. Сумын төвд мах зардаггүй ч гэх шиг. Бүр шал тэнэг юм. Эсвэл дэндүү хэнэггүй, арчаагүй.

Малчид нь хэдэн арван жил, магадгүй өвөг дээдсээсээ эхлэн хэзэн зуун жил малаа дагаж нүүдэллэж ирсэн байх. Мал дагах ч юу байхав. Ерөөсөө л малаа манаж харуулдана. Тоо толгойг нь эрхбиш мэддэг байх. Нэмэгдсэн юм нь суудлын ба ачааны автомашин, мотоцикл, гар утас, зурагт, хөргөгч, цахилгаан... Гэхдээ тэр нь дэвшил гэхээсээ зүгээр л ердийн хэрэглээ. Тэдгээрийг хэрэглээд амьдрал ахуй нь сайжирсан дээшилсэн юм ер алга. Гэгээрсэн сэхээрсэн нь ч бас алга.

Аль 150 жилийн тэртээ Оросын нэртэй газар зүйч Н.М.Пржевальский монголчуудын тухай ингэж бичиж байжээ. Юу хэмээвээс:

- Монголчууд үндэстний асуудлыг бараг мартсан. Амьдралын хэцүү нөхцлөөс болж тэдний дунд байгалийн хатуу шалгарал явагдах бөгөөд хүчтэй нь л үлднэ, манайх шиг тахир дутуу хүн амьд байна гэж байхгүй.

- Монголчуудын хараа сайн хөгжсөн. Аргалын утаа үнэрлэсээр үнэрлэх мэдрэмж нь сайн хөгжөөгүй.

- Хоол хүнс нь ядуулаг, цагаан идээ идэж ууж, хааяа хонины мах зооглодог тэдний амтлах мэдрэмж муу хөгжсөн. Цаг агаарын хүнд нөхцөл, малын дуу чимээнээс болоод сонсох чадвар сайн хөгжөөгүй.

- Монгол хүний амьдрал ч ядуу, дотоод ертөнц ч ядуу. Цайлган, зочломхой, нэлээн шударга, гэр бүлдээ сайн ханддаг, эцгийн эрхт ёстой, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг гээд эерэг чанарууд бий. Өөрийн бичиг үсэг, бичмэл хуультай, төвөд бичиг мэдэх хүн олон, шашинд үнэнч гээд онцлогууд бий.

- Нүүдэлчдийн дундаа монголчууд тайван амгалан хүмүүс, том гэмт хэрэг, ялангуяа аллага энд маш ховор, зохион байгуулалттай хулгайч нар ч байхгүй.

- Гэртээ тэр юу ч хийдэггүй, хааяа гарч ойр бэлчиж буй малаа харна. Эр хүн гэртээ өдөржин цай гүзээлж сууна, энэ нь бараг шашны ариун зан үйл мэт, эсвэл бусад айлд цай уухаар очно. Зун бол архи айраг гүзээлнэ.

- Монголчууд явган явах маш дургүй, залхуу учраас тэр. Морь унахгүйгээр болж л өгвөл алхам ч явган явахгүйг бодно.

- Монголчууд залхуу хэрнээ сониуч, үгэнд дуртай, гэхдээ хөгжилтэй хүмүүс биш. Хүүхдүүд нь бага тоглоно. Дуу бага дуулна, нүүдэлчний амьдрал ахуйг дүрсэлсэн гунигтай гутрангуй дуунууд байдаг. Өргөө болон бусад том шашны төвүүдэд жилд 1-2 удаа ядуу агуулгатай баяр наадам болно.

- Нүүдэлчин нь бүхийл хөгжөөгүй хүний адилаар ахуй нөхцлийнхөө маш жижиг сажиг зүйлсийг санах тогтоох гайхалтай чадвартай. Бүх мориныхоо царайг танина, төөрсөн хонио бусдын мянган хонь дундаас олно, олон жилийн өмнө унаж байсан морио тодорхой дүрслэнэ, залуудаа өмсөж байсан хувцсаа тодорхой санана. Газар орныг сайн нүдлэнэ. Цаг, орон зайг тодорхой хэмжихийг ойлгодоггүй.

- Залхуу алмай байдлын зэрэгцээ хулчгар, маш хуурамч хүмүүс. Бүх азичуудад байдаг хулчгар зангаас монголчуудынх бүр илүү. Идэвхгүй түгжигдмэл амьдралаас нь болдог. Их шашинлаг юм шиг хэрнээ шашны номоо дагаад мөрдөөд байгаа юм байхгүй.

- Эрч хүчгүй, тууштай биш, хөнгөн хийсвэр, хөгжөөгүй зэрэг нь хүүхэдтэй адил мэт санагдуулна.

Пржевальскийн хэлсэн онцлог чанаруудаас зарим нь алга болсон, өөрчлөгдсөн байх боловч үндсэн суурь нь байгаад байгаа юм биш үү?

Холбоотой нийтлэл