logo
logo
Уран зохиол

Д.МАНДАХСАНГИЙН “АЛТАН АЙ”-гаас ДЭЭЖЛЭХҮЙ

Д.МАНДАХСАНГИЙН “АЛТАН АЙ”-гаас ДЭЭЖЛЭХҮЙ

Монгол улсын гавьяат багш, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт хүүхдийн зохиолч, яруу найрагч Дамдинсүрэнгийн Мандахсангийн яруу найргийн шинэ түүвэр “Алтан ай” нэртэйгээр хэвлэгдэн гарлаа. Шүлэгт шимтэн дурлагч уншигчдын хүлээлтийг тайлсан энэхүү номын цоо шинэ шүлгүүдээс дээжлэн хүргэж байна.

* * *
Нарны гэрэлд

Саран хөгширнө.
Өвсний үзүүрт
Гуниг исгэрнэ.
Салхины дуун
Хөндий үелзүүлнэ.
Хүний хүүд
Гүн бодол сууна.

* * *

Бөгтөр мод
Өвгөн мод
Торойно.
Үггүй... анир
Үнсэх хүнгүй
Өнчрөл...
Үгээ бүтэн хэлэлгүй
Бөглөрөх
Өндөр насны нөмөр дэх
Өнөөдөр!
Дуу зохиож
Зүрхээ аргаднам.
Сарны нулимс...
Нарны инээмсэглэл...
Намайг хааяа хааяа баясаах...
Ганцаардлаа өрөвдөж уйлмаар...
Ганцаардлаа ад үзэж өширхмөөр...
Өвгөн мод
Бөгтөр мод.

* * *

Би нам гүмд дуртай
Нам гүм надад дуртай
Нам гүм бид хоёр
Яруу найрагт дуртай

* * *

Тээр хойд руу
Нар жаргана.
Тэнгэр дув дуугай...
Санаа алдмаар аа!

* * *

Долоон ноот
Долоон өнгө
Өө...
Намар аа!
Долоон аялгуу
Дорнын солонго
Өө...
Намар аа!
Долоон гол
Үл тасрах
Домог эртийн
Өнө буурал
Цаг нар!...
Өө...
Намар аа!

* * *

Миний хань
Надад – үл нээгдэх
Бичээгүй шүлэг мэт
Бийрний нь будаг
Арайхан
Хатаагүй хөрөг мэт
Зүрх чагнах
Шинэхэн эмч мэт
Зүгээр л
Даралтыг минь хэмжиж
120 – 80 байна! гэж
Гэрэл татан инээмсэглэх,
Гэгээ цацруулан
Гэр дүүртэл туяарах
Хань минь ээ!
Өвс хугарах
Цэцэг гундах бүхнийг
Надаас зайлуулнам зэ!

* * *

Хандхүү ээжийн
шүлэгч хүү Нямхишигт

Найрагч дүү
Хол яваа...
Ховдод яваа!
Хол явна аа...
Өмнөд нутгийн
Элсэн нүүдэл...
Гунигтай ч, их танил...
Уншаагүй шүлэг
Урьд сонсоогүй нэн авъяас
Чин сэрэл – чимээгүй найраг
Гэгээн дүү таны
Зүрхний чинь үг
Хаа гэрэлтэнэ вэ!
Тэнд
Хүмүүс хүлээнэ бус уу?
Би санаа бүлээсгэн
Саравчилнам...!

Холбоотой нийтлэл