Монгол Улс, монголчууд бид хувийн өмчийг хуульчилж давамгайлуулсан капитализмд шилжээд 33 жил болоход шагналын тэр социалист тогтолцоогоороо яваа цорын ганц шилжилтийн орон болж сондгойрсон.
Өмнөх нийгэмд (1921-1990-ээд он) төр нь иргэнийг баяжуулах, хөлжүүлэх, хөрөнгөжүүлэх ямар ч механизмыг үл тэвчинэ. Алдвал гинжээ, авбал бүх дэлхийг авах пролетарийн диктатурт ноёлуулж байлаа шүү дээ. Хөрөнгө, өмч гэдэг нь нийгэмд юу ч биш, тэр тухай бодсон сэтгэсэн нь ад болно, хэт цөөнх, жишээ нь хувийн автомашинтай хүн Улаанбаатарт 1960-аад онд 10 гаранхан байсан гэвэл үнэмших үү дээ? Хувийн машин сонирхсон, авсан, унасан хүн ихэд онцгойрох ба ядуу чадуу нэг нь атаархана, дарга нар нүд үзүүрлэнэ, ихэвчлэн нийгмээсээ шахагдсан, тэтгэвэрт суусан нэг нь л хувийн тэрэг авч өмчилдөг байв.
Ингээд бодоход сайн ажиллалаа, хөдөлмөртөө гялалзлаа гэхэд амьдрал ахуйд нь нэмэр болох юм тун бага байжээ. Үхтлээ зүтгээд баяжихгүй, хөрөнгөжихгүй юм бол баярын бичиг хэмээх эрээн цаас, одон тэмдэг гэх пааландсан төмөр цуглуулаад байх нь тэр.
Гэхдээ гэрэл гэгээ байсаан. Сүхбаатарын одонг сар бүр 50 төгрөг дагалдана, Хөдөлмөрийн баатар, гавьяат болбол сайд нарын тусгай II эмнэлэгт хэвтэж эмчлүүлнэ, үхвэл Алтан-Өлгийд газар олгоно гээд дэвшил байсныг үгүйсгэхгүй ээ. Баяраар 25-ын үзэг, халуун сав, хоргойн өөдөс, ноосон цамц, орны бүтээлэг, торго дурдан бэлгэнд, сугалаанд явдаг байсныг үгүйсгэхгүй ээ.
Шагнал олгох, олгуулахын төлөө Засгийн газрын бүтэц ажиллаж байсан, байгаа юм болов уу гэх хар лав надад байсан, одоо ч бий. Жишээ нь яг малчин хүнд тулгаад асуу, Танд Хөдөө аж ахуйн яам яг хэрэгтэй юү? Сургуулийн жирийн багшаас асуу, Танд Боловсролын яам яг хэрэгтэй юү? Жирийн эмчээс асуу, Танд Эрүүл мэндийн яам яг хэрэгтэй юү? Хэн нь ч хариулахгүй, лав хэрэгтэй гэхгүй. Тэр яамных нь сайд, дэд сайд хэн хэн гэгч байгаа нь бүр ч падгүй. Байсан, байгаа, ирээдүйд морилж ирэх нь ч падгүй. Харин падтай ганцхан юм байна аа. Тэр юу вэ? Шагнал олгох дээр л тэр яамд нь падтай.
Яам нь байдгаараа байж, тэр яам нь салбарын “Тэргүүний” цол тэмдгээр цаад нөхрийг шагнаж байж, тэр дөрвөлжин, гурвалжин тэмдгийг олж зүүж байж салбартаа шалгарч, хүлээн зөвшөөрөгдөх нь цаад мэргэжлийн хүний энэ насны зорилго ба агуулга. Хэрэв тийм салбарын тийм тэргүүний ажилтан болоод авбал дараа нь тархийг нь өөр нэг мэгзэм ээрээд авна. Тэр мэгзэмийг “гавьяат” гэнэ. Гайгүйхэн ажиллаад тэр нь салбартаа үнэлэгдээд авбал уу гавьяатын төлөө лобби тэр нөхрийг, гэр бүлийг ороогоод авах нь тэр, өдрийн бодол, шөнийн зүүд.
“Гавьяат багш” болохын төлөөх цусгүй дайнд Монголын их дээд, дунд сургуулийн багш нарын арми тэр чигтээ бараг бүгдээрээ сүрэглэн довтолгож яваа.
“Гавьяат эмч” болохын төлөөх цусгүй дайнд Монголын улсын бүх эмнэлэг, хувийн бүх эмнэлгийн бүх шатны эмч нарын арми тэр чигтээ бараг бүгдээрээ сүрэглэн довтолгож яваа.
Энэ хоёр армийн дайчдын чин хүслийг хангахын төлөө салбарын хоёр яам нь ажил албаныхаа ихэнх алтан цаг, бичиг цаас, хурал зөвлөгөөнийг зарцуулна. Бас авлигадна.
МУГЖ, МУАЖ, МУУГЗ, МУСГЗ цолоор шагнуулах мөрөөдөл (дон) СУИС-ийн бүх оюутны тархийг хар нялхад нь эзэмдчихсэн. Их сургуулиа төгсгөөд урлагийн салбарт ажиллаж яваа л бол чин хүсэл тань юу вэ гэж асуу л даа, бараг бүгд “гавьяат” л гэнэ. Зөвхөн түүний төлөө ч цаад нөхөр тайз, дэлгэц дээр зовж шаналж, тэсэж, үзэлцэж, лоббидож, хахуульдаж, хуйвалдаж явдаг юм. Тэд МУСТА-г бол тоохгүй, нэг шат гэж л үзнэ. Гэхдээ өгөхгүй удвал гонгинох талдаа. МУГЖ болчхоод МУАЖ-даа атаархаж мөчөөрхөж, бас нэгэн гэрэлт өдрийг хүсэн хүлээгээд байх нь тэр. МУАЖ болоод авбал хэдэн жил өөрийгөө магтуулна. Алтан үеийн тэр алдартан намайг тэгж магтдаг байсан гэж ирээд л зурагтаар ярьж өгнө. Өөрийгөө илтгэх бүх бололцоог ашиглана. Тэр нь Хөдөлмөрийн баатарт хүргэх учиртай. Хөдөлмөрийн баатартаа сэтгэл ханахгүй, цаашаа үргэлжилнэ. Чингисийн одон олгодог болсны гайгаар олон ахмад нойргүй хонож байна. Тэрийг л авахгүй бол үхлээ гэсэн царайтай зурагтаар уянгалуулж, сургамж дурсамж айлдаж байхыг нь бид мөн ч олон үзлээ дээ. Чингисийн одонгоос цааш дахиад нэг одон зохиочихвол тэрийг нь авах гээд шаналаад эхэлнэ.
Дуусашгүй драм ийнхүү өрнөнө. МУГТ болж чадахгүй бол биеийн тамираар оролдоод нэмэргүй, МУГТ болоод авбал уу, дараа нь Хөдөлмөрийн баатар хүлээж байгаа? Урлагийнхантай яг адилаар Чингисийн одон гарч ирээд тэднийг бас гэгэлзүүлж эхэлсэн.
МУГЖ, МУАЖ, МУСГЗ өгөхөө болилоо гэсэн хууль гарвал яах бол гэхээс би үнэхээр айж балмагддаг. Монголын урлаг соёл яг л хөмрөөд ороод ирэх вий дээ. СУИС бол шууд элсэлтгүй үлдэнэ, театрууд эзгүйрнэ, дуу зохиогдохоо болино, дуучид цөөрнө, цаана нь мөнгө зарлага хэмнэгдэнэ гээд янз янз л болох байх.
Сэтгүүлч нөхдөө би сайн мэднэ, бас сайн ажигласан. Хорин хэдтэй, гучин хэдтэй сэтгүүлч залуусыг хэлэх гээгүй байна. Дөч даваад явчихсан, тавь шүргэсэн л бол сэтгүүлч гэж яваа л бол МУСГЗ цол авахгүй юм бол сэтгүүлч хийж яах юм гэсэн нэгэн төрлийн мэгзэм тархинд нь суугаастай. Шувтан мөрөөднө, түүнийхээ төлөө муудалцах, сайдалцах, лоббидох, дээшээ гүйх харайх бол цаг наргүй. Сэтгүүлчдийг ховстдог хэд хэдэн үе шатны шагнал байна. Энгэрт нь зүүлгэх элдэв төмөр мундахгүй. Төрийнх бол Хөдөлмөрийн хүндэт медалиас эхэлнэ. Тэрийг хэн ч тоохгүй, тэмдэглэхгүй. Алтангадас гэж томхон одон зүүчихвэл “гавьяат”-ын тооцоо төлөвлөгөө тархинд нь автоматаар ороод суучихна. Бүр программчлагдана. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон авбал МУСГЗ-ий босго гээд бүр хатуу ойлгочихсон. Боловсрол, эмнэлэг, урлаг, аж ахуйн салбарт бараг бүгд тийм дээ. Цэрэг, хүчнийхнээс бусдад нь.
Монголчуудын цол-шагналын дэвийг залиландаа ашиглах луйварчид мундахгүй. Улс нь өгдөггүй юм бол бид гэсэн зарчмаар “Авьяастны төлөө холбоо” ажиллаж “Ард түмний гавьяат”-ыг ёстой нэг бөөндөж байв даа. Ойрноос дуулдахаа больчихлоо. Бодвол төр нь “гавьяат”-даа гар татахаа больж, жилд хэдэн зуугаар нь цацаад байхаар нөгөөдүүл ажилгүйдсэн байх.
Надад тохиосон Дундговь аймгийн гайхамшигт жишээ сургамж. Тээр жил би Дундговьд лекцлэх ажлаар хоёр ч удаа явдаг юм. Лекц ном дүрмээрээ сайхан болж, асуулт хариулт өрнөж нэг өдөржин л завгүй өнжлөө. Орой нь аймгийн Засаг дарга, аймгийн нэг том намын бүлгийн дарга, ИТХ-ын депутатууд намайг лоббидож байна. Лекцэнд идэвхтэй суусан тэр нөхөр, энэ нөхрийг ЕТГ-аар дэмжүүлж шагнуулах лобби надаар хийлгэх тухай яриа өрнөлөө. Ардчиллын төлөө 25 жил тэмцсэн тул авах ёстой гавьяа шагналаа авч, төр-засгаараа заавал үнэлүүлэх ёстой гэнээ. Лав 300-аад хүн шагнуулах юм яриад эхлэв. Алтангадас өгчихвөл болно, цаад хүн үхсэн ч яах вэ гэсэн гээд баахан ахмад хүний нэрс хэлэв. Олон мянган хүний амь аварчихсан мэс засалчид гавьяат эмч олгуулж аль гэж байна. Эрүүл мэндийн яам нь хөөцөлдөх ёстой шүү дээ гэж би хэллээ. Болдоггүй гэнээ. Цаад мэс засалч нь аль 1990 онд МоАХ-нд элсчихсэн, Дундговьд шувтан МАН засаг барьчихсан, намын харьяаллаар тодорхойлолтыг нь дарсаар ирсэн гэнээ. Би өөрөөсөө зайлуулаад л суулаа. Би ямар шагнал олгох эрх бүхий хүн биш. Гэтэл ЕТГ руу очиж лоббидож аль гээд шалаад салдаггүй, шөнө дунд хүргэлээ. Нөгөө дарга нар ч багагүй халлаа. Ам халлаа. Нууцаа дэлгэлээ. Засаг даргын Тамгын газрын ажилтнаа Эрээн рүү явуулчихсан байгаа, 1,000 медаль хийлгээд (цутгуулаад, хэвлүүлээд) аваад ирнэ, битгий санаа зов гэж надад хэлж байна. Тэр медалийг Засаг дарга нь өөрөө зохиомжлоод баталжээ. “Дундговь”, “Ардчилсан хувьсгал 25” гэсэн хэдхэн үгс бүхий медалийн загварыг интернэтээс харж байгаад зохиочихсон, Улаанбаатараас одон медаль ирэхгүй бол өгнө тараана гэж байна.
Хожим сонсвол нөгөө алдарт мэс засалчдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тодорхойлоод нийслэл рүү илгээжээ. Гавьяат эрсдэлтэй, юу ч үгүй хоцорчих аюултай гэнэ. Цаадах нь одон болно гэсэн бололтой. Тэр Дундговийн 1,000 медалийнхаа эхний хэд дэхийг гэнэв, надад олгосон, ирж гардаарай гэж байна билээ. Миний энгэр цоологдох нь!
судлаач Д.БАЯРХҮҮ
Холбоотой нийтлэл
ХУРД
2024-04-14
ХӨДӨӨГ ЯААЯ ДАА БАЙЗ?
2024-04-14