logo
logo
Уран зохиол

Х.НЯМХИШИГ: ДЭЛХИЙН АЛДАРТ ЗОХИОЛЧДЫН СҮҮЛЧИЙН ЗАХИДАЛ - 2

Х.НЯМХИШИГ: ДЭЛХИЙН АЛДАРТ ЗОХИОЛЧДЫН СҮҮЛЧИЙН ЗАХИДАЛ - 2

Манай сайт дэлхийн суут зохиолчдын сүүлчийн захидлуудыг Х.Нямхишигийн орчуулснаар цуврал болгон толилуулж буй билээ. “Хүлээн авагчийн мэддэг зүйлийг дурдалгүй орхиж, үүний оронд ямар нэгэн шинэ зүйл хэлэх нь захидал бичих хамгийн сайн дүрэм...”  хэмээсэн Зигмунд Фройдын үгийг эш татаад доорх захидлуудыг хүргэж байна.

  1. СТЕНДАЛЬ (1783-1842)

"Contes et Romans-ын хоёр боть гар бичмэлийг нэг жилийн дотор танд хүлээлгэж өгөх болно."

Стендаль 1842 оны 3-р сарын 23-нд тархины цус харвалтын улмаас тавин есөн насандаа таалал төгсчээ. Энэхүү гэнэтийн үхлээсээ хэдхэн хоногийн өмнө нэгэн хэвлэн нийтлэгчид хандаж доорх захидлыг бичсэн байна.

1842 оны 3-р сарын 21

Парис

3-р сарын 7-нд би таны нигүүлсэл нэвт шингэсэн захидлыг хүлээн авлаа. Мэр сэрхэн нарийн ширийн зүйлийг эс тооцвол таны бүх нөхцлийг хүлээн зөвшөөрч байна. Гар бичмэлийн нэг  үгийг ч (“Гэлэнмаа Кастро” номонд орсон "хагархай зүрх" хэмээх хэллэг шиг үгсийг ч) өөрчлөхгүй байх нэр хүндтэй амлалтыг танд өгөхийг хүсэж байна. Contes et Romans-ын хоёр боть гар бичмэлийг танд нэг жилийн дотор хүлээлгэн өгөх болно. Энэ маань миний “Парма сүм” романы хоёр дэвтэр болоод “Revue des Deux Mondes” сэтгүүлийн арван зургаагаас арван долоон дугаартай тэнцэнэ. Хоёр ботийн хариуд таван мянган франк төлнө шүү. Би танд хоёр сар тутам өөрийн гарын үсэг бүхий нэг өгүүллэг илгээмз. Та тэдгээрийг Revue des Deux Mondes сэтгүүлд нийтэлж болно. Романыг бол та наймын хэмжээгээр (форматаар) ботилох тохиолдолд долоон зуун хувь хэвлэх эрхтэй. Наймын хэмжээгээр хэвлэсний дараа илүү далайцтайгаар, арван наймын хэмжээгээр гурван мянган хувь хэвлэх боломжтой болно. Бүгдэд нь Стендаль гэсэн нэрийг тавина шүү. Энэхүү хэвлэн нийтлэх эрхийн төлбөр болох нэг мянга таван зуун франкыг цаг алдалгүй өгөөрэй .

Өгүүллэг хэвлэгдэх бүрд зохиогчид таван зуун франк, наймын хэмжээгээр хэвлэхээс өмнө таван мянган франкын төлбөрийг төлсөн байх шаардлагатай. Хэвлэл тус бүрээс бас надад арван хоёр ширхэгийг, эсвэл жаран франк илгээнэ үү. Зохиолын алдааг засахын тулд би хуудас хасах, шинэ хэвлэл болгонд хоёроос гурван хуудас нэмж оруулах эрхтэй. Үүнд хавсаргасан нэг мянга таван зуун франкийн нэхэмжлэлийг аваарай. Таныг  хүндэтгэн мэндчилж байна.

Тэмдэглэл: Хэрэв та сурталчилгаа, эсвэл каталог хэвлэх аваас миний бүтээлийн жагсаалтыг оруулна уу.

 

  1. ВИКТОР ХЮГО (1802-1885)

“Хөөрхийлэлтэй, хөгшин, хөндүүр зүрхэндээ өнгөрсөн цагийн нэгэн хуудас нээж...”

Виктор Хюго сүүлчийн захидлаа Чарльз Франжу хэмээх нэгэн энгийн ажилчинд бичсэн байна. Тэр хүн өмнө  нь Хюгод өөрийн бүтээлээ илгээсэн байжээ. Алдарт зохиолч энэхүү захидлыг бичсэнээсээ хойш гурван хоногийн дараа, уушгины хүнд өвчний улмаас таалал төгссөн юм.

1885 оны 3-р сарын 20

Парис

Эрхэм Чарльз минь,

Хөөрхийлэлтэй, хөгшин, хөндүүр зүрхэндээ өнгөрсөн цагийн нэгэн хуудас нээж зовлонт эцгийнхээ тухай дурсамжийг амилуулж буй илэн далангүй сэтгэлийг минь өршөөгээрэй.

Таны хөөрхөн, бяцхан ном болбоос уран тансаг, энгийн атлаа сэтгэл хөдлөлөөр дүүрэн, жирийн хөдөлмөрчний бичсэн, ажилчин ангийн ариун шударга гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн ном юм. Би эхнээс нь дуустал дахин дахин маш анхааралтайгаар уншлаа. Үүнийг яагаад хав дарах ёстой юм бэ? Уншиж байхдаа би нулимсаа барьж дийлсэнгүй. Энэ замаараа итгэлтэйгээр урагшлаарай, эрхэм ээ. Танд үгүйсгэхийн аргагүй авьяас байна. Та ямар ч дүр эсгэлгүйгээр, зүрх сэтгэлээрээ бичжээ. Энэ бол амжилтанд хүрэх чухал хүчин зүйл юм шүү.

Сайхан сэтгэлээр хандаж буйд чинь гүн талархал илэрхийлье. Надад аавынхаа гарыг атгах зөвшөөрөл олгоно уу.

Виктор Хюго

 

  1. ЭМИЛИ ЗОЛА (1840-1902)

“Би чамд өөрийнхөө тухай мэдээ дуулгахдаа уулзахаас ялгаагүй баяртай буйгаа хэлэхийн тулд бичлээ.”

Эмиль Зола 1902 оны 10-р сарын 29-нд Парис дахь өөрийн байшиндаа, Меданаас дөнгөж ирмэгцээ таалал төгсжээ. Түүнийг яндангийн утаанд угаартсан гэдэг ч олон тооны үзэн ядагчдыг нь харгалзан үзвээс энэ хэрэг явдал аллагын үр дагавар байж болзошгүй гэлцэх нь бий. Нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө хоёр захидал бичсэн бөгөөд дотнын найз Альфред Бруно, Германы орчуулагч Леопольд Розенцвейг нарт хаяглажээ. Энд онцолж авсан захидалд түүний уран бүтээл драмын театрт тавигдах талаар голчлон өгүүлсэн байна.

Альфред Брунод

1902 оны 9-р сарын 25, Медан хот

Эрхэм хүндэт найз минь, би чамд тэр дор нь хариу өгөхийг хүссэн боловч гэнэт ирсэн шүдний өвчин надад боломж олгосонгүй. Үнэхээр сайхан өдрүүдийн араас бид энэ улирлыг иймэрхүү таагүй маягаар үдэж байна. Аз болоход өвдөлт нь намжиж байх шиг, гэхдээ эмчлүүлэх шаардлагатай тул Парис руу явахаар зэхэж байна. Бид ням гарагийн орой гэхэд тэнд байх болно. Эхнэр маань аравдугаар сарын 3, 4-ний хавьцаа Итали руу явах бодолтой байгаа юм.

Найз Дестранжес чинь надад “Enfant Roi” хэмээх зохиолыг дуусгасан тухай дуулгасан. Тэр далайн хар салхины тухай нэг товхимол явуулсан байна лээ. Өөрт маань талархаж буйгаа илэрхийлсэн. Чи ч бас нэгэн бүтээлийн ард гарсандаа баяртай байх учиртай. Чамайг том амжилтад хүрнэ гэдэгт найдаж байгаа шүү. Альберт Лаборде надад хэлэхдээ Каррегийн “Enfant Roi”-ийг “Opйra-Comique” театрын хөтөлбөрт оруулсан гэж хэлсэн. Батлагдаж, тайзнаа тавигдахаар төлөвлөгдсөн бүтээлүүд дотор байна. Энэ жилдээ мэдээж тавигдахгүй. Гэхдээ зөвшөөрлөө авсан. Үнэндээ би энэ тухайд өчүүхэн ч эргэлзсэнгүй. Тэдэнд саад тохиолдоод, 3-4 сарынх шигээ, жүжгээ тавихгүй байгаасай гэж залбирцгаая. Хэрэв тавих аваас заавал эсэргүүцэх хэрэгтэй байна. Би өч төчнөөн шалтгааны улмаас хүндэтгэж авсан Sylvanire хэмээх нэрээр “Paris en amour” зохиолдоо ахиц гаргаж байна. 10 дугаар сарын эхээр дуусгах болно. Биччихсэн байгаа хэсгүүддээ сэтгэл хангалуун байна. Гэхдээ чиний төлөө ажиллахдаа өчнөөн тус хүргэснийг минь чи мэднэ шүү дээ. Гэйлхардыг бидэнтэй гэрээ байгуулах талаар ятгах, бизнесийн практик талуудын нарийвчилсан мэдээллийг хэрхэн яаж хийх зэрэгт би санаа зовохгүй байж чадахгүй нь. Чамайг хүрч ирвэл эхлээд жүжгээ хамтдаа уншъя, хөгжимт драмын театрт хэрхэн зөвшөөрүүлэх талаар юу бодож байгаагаа ний нуугүй хэлээрэй. Дараа нь бид Гейлхардад бүтээлээ хэрхэн толилуулах талаар ярилцана. …. Бүх юм ийм маягаар шүү, эрхэм найз минь. Би чамд өөрийнхөө тухай мэдээ дуулгахдаа уулзахаас ялгаагүй баяртай буйгаа хэлэхийн тулд бичлээ. Энд ирмэгцээ өглөөгүүр, арван цагийн үед манайхаар ороод гараарай. Танд төвөг удахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ажлын цаг маань арай хожуу эхэлдэг юм.

Хүндэтгэсэн: Эхнэр бид хоёр.

 

  1. РАЙНЕР МАРИЯ РИЛКЕ (1875-1926)

"Яагаад ч юм бүү мэд, жилийн эцэс дөхсөн өдрүүдэд муу ёрын салхи үлээж байна."

Цусны хорт хавдарт шаналж асан суут яруу найрагч Райнер Мария Рилке нас барахаасаа хэдхэн хоногийн өмнө анхны хайр Лю Андрес Саломедаа сүүлчийн захиагаа бичжээ.

(Даваа гараг)

1926 оны 12-р сарын 13

 Val-Mont-sur-Montreux

Хонгор минь,

Чи харж байна, сэргэг зан чанар минь намайг олон жилийн турш чиглүүлж, урьдчилан сэрэмжлүүлсээр иржээ. Энэхүү өчнөөн тус дэм, засаж залруулахуй хийгээд эс засрахуйн дунд өөрийгөө мохоосон мөн чанар минь эдүгээх байдлаасаа хэрхэн ангижрахаа мэдэхгүй байна. Тэсвэрлэшгүй зовлонгоор дүүрэн сүүлчийн үе шатандаа орохоос өмнө тэрбээр над лугаа адил гэдэсний ханиадтай тэмцэлдсэн. Лю минь, би өөрөө өөрийгөө захирах ёсондоо бие махбодийн үнэн гашуун, асар их өвдөлтийг хэрхэн ангилан ялгадаг байсныг минь чи мэднэ шүү дээ. Гэвч энэ бол цэвэр, эрүүл агаар лугаа золговоос хүчинтэй, тусгай шинж чанар бүхий зүйл байсан. Харин одоо бол намайг өвчин өвч бүрхэж, бие минь болж хувирлаа. Зүү орох ч зайгүй! Эр зоригийг хаанаас олох вэ? Хайрт Лю минь, чамд эмч захидал бичиж байна; хэд хоног туслахаар ийшээ ирсэн хатагтай Вандерли үүнийг бичиж байна. Тэр бол маш сайн халамжлагч. Намайг гурван жилийн турш харгалзаж буй эмч учраас энэхүү дөрөв дэх эмчилгээндээ зөв онош тавьсан байх гэж бодож байна. Гэвч энэ бол үйл лай! Чи сайн уу? Танай тэнд ямаршуухан байна? Энд яагаад ч юм бүү мэд, жилийн эцэс дөхсөн өдрүүдэд муу ёрын салхи үлээж байна.

Райнер

Холбоотой нийтлэл