logo
logo
Уран зохиол

Х.НЯМХИШИГ: ДЭЛХИЙН АЛДАРТ ЗОХИОЛЧДЫН СҮҮЛЧИЙН ЗАХИДАЛ - 1

Х.НЯМХИШИГ: ДЭЛХИЙН АЛДАРТ ЗОХИОЛЧДЫН СҮҮЛЧИЙН ЗАХИДАЛ - 1

Техник технологи хөгжсөн өнөө үед цаас, үзэг хэрэггүй болжээ. Цахим дэлгэц цаасыг халж, товчлуурууд нь үзгийг орлов. Өмнө нь харилцааны хамгийн чухал хэрэгслүүдийн нэг байсан захидал өнөөдөр маш ховор хэрэглэгддэг болжээ. Хэдий тийм ч захидлын олон төрөл зүйл дотор уран зохиолын захидал хэмээх чухал ойлголт бий. Уран зохиолын захидал нь олонд нээлттэй хэвлэгддэг бөгөөд зохиогч аливаа сэдвээр өөрийн үзэл бодол, мэдрэмжийг хэн нэгэнд хүргэх, илэрхийлэх гол зорилгыг агуулна. Мөн тухайн үеийн урлаг, уран зохиол, оюун санааны үйл явдлуудын талаарх мэдээллийг ийм төрлийн захидлуудаас авах боломжтой. Тэгвэл энд дэлхийн хамгийн алдартай зохиолчдын бие болоод сэтгэл зүрхний гашуун өвдөлтөөс төрсөн, үхэл амьдралынх нь эмзэг заагт бичигдсэн сүүлчийн захидлуудыг орчуулснаа цувралаар толилуулж байна.

  1.  АРТУР РЭМБО (1854-1891)

"Миний хамаг бие саажилттай болсон"

Артур Рэмбо хорин нэгхэн настайдаа яруу найргаасаа хөндийрч, түүнээс хойш Африк тив, Аден хот, захгүй тэнгис, зааны соёо хийгээд зэвсэгийн хууль бус наймаа, амь дүйсэн адал явдалт аялалуудад залуу насаа үржээ. Арван жилийн дараа тэрбээр хүндээр өвчилж, Францдаа буцаж ирсэн ч хурц өвдөлт болоод нойргүйдлийн улмаас сэтгэцийн хямралд оров. Гэсэн ч далайдаа эргэн гарах хүсэл тэмүүлэл нь огтхон ч сарниагүй бөгөөд хамгийн сүүлчийн захидал нь үүний нотолгоо болон үлджээ. Энэхүү захидлаа Артур Рэмбо далайн тээврийн нэгэн компанийн зохион байгуулагчид хаяглан бичсэн бөгөөд маргааш нь буюу 1891 оны арваннэгдүгээр сарын 10-нд гучин долоон насандаа таалал төгссөн байна.

1891 оны 11-р сарын 9-ний Даваа гараг

Марсель хот

Эрхэм хүндэт зохион байгуулагч аа,

Би өр төлбөрөө нэгмөсөн цэглэмээр байна. Афинарынх байх ёстой боловч нэрийг нь ч мэдэхгүй энэ нэг хөлөг онгоцыг бол бүр орхимоор байна. Далайчдын компаниуд хаа сайгүй бужигнаж байлаа ч азгүйтэж, арга мухардсан надад нэг нь ч олдохгүй гэдгийг гудамжны ноход ч гэрчлэнэ шүү дээ. Суэц рүү хөдлөх Афинарын аяллын хөлөг онгоцны хөлсийг над руу илгээж болох уу? Миний хамаг бие саажилттай болсон. Тиймээс би амьд цагтаа хөлөг онгоцонд байхыг хүсэж байна. Намайг хэзээ хөлөгт авч явах боломжтойг хэлж өгч болох уу?

 

  1. ОНОРЕ ДЕ БАЛЬЗАК (1799-1850)

"Би амаа ч хөдөлгөхгүйгээр, ганц ч үг унагахгүйгээр яг л муми шиг зогсож байх ёстой."

Амьдралынхаа сүүлийн саруудад тэрбээр хүнд өвчинтэй байсан тул бичих юмсаа эхнэр Ханскадаа хэлж өгч бичүүлж байв. Дотнын найз Теофил Готьед илгээсэн энэ захидлаа ч эхнэрээрээ бичүүлсэн бөгөөд хамгийн сүүлчийн мөрийг нь л Бальзак өөрийн гараар бичсэн гэдэг. Зохиолч 1850 оны 8-р сарын 18-нд тавин нэгэн насандаа таалал төгсчээ.

1850 оны 6-р сарын 20

Парис

Эрхэм Теофил,

Надад таатай хандсан чамд чин сэтгэлээсээ баярлалаа. Хамгийн сүүлд ороод гарахад чинь гэртээ эзгүй байсан минь нөхцөл байдал сайжирсан гэсэн үг биш шүү. Би эмчийн зааврыг зөрчин гаалийн газраас нэг юм авахаар явсан байсан юм.

Одоогоор гуурсан хоолойн үрэвслээс салж, элэгний өвчнөө намжаав. Сайжирсаар л байгаа юм шиг байна лээ. Маргааш зүрх, уушги хавийн гол өвчнөө эмчлүүлэх ажил эхэлнэ. Энэхүү эмчилгээний ач тусад би маш их найдвар тавьж эхэлсэн. Гэхдээ би амаа ч хөдөлгөхгүйгээр, ганц ч үг унагахгүйгээр яг л муми шиг зогсож байх ёстой. Дор хаяж хоёр сар ингэж амьдрах юм. Эмч нар намайг буруушааж байсан ч энэ дэглэмийн үеийн нөхцөл байдлаа танд мэдэгдэхийг эрхэм нөхөрлөлийнхөө өмнө хүлээсэн үүрэг гэж би үзэж байна.

Хэрэв чамайг дахин ирвэл гэртээ хүлээн авч, удаан хугацаанд уулзаагүй мөрөөслөө тайлъя, гэхдээ зочлох цагаа урьдчилан мэдэгдээрэй.

Хайрт найз чинь!

Би уншиж, бичиж чадахгүй байна!

 

  1. МАРСЕЛ ПРҮСТ (1871-1922)

"Хэрэв амьдрах аваас уулзацгаая."

 Амьдралынхаа ихэнх хугацааг хүнд  өвчтэй өнгөрөөсөн Марсель Прустын цаг бусын үхэл 1922 оны 11-р сарын 18-нд тохиожээ. Тэрбээр тавин нэгэн настай байсан бөгөөд “Алдуул цагийн эрэлд” номынхоо төгсгөлийн ботийг бичиж амжаагүй юм. Нас барсных нь хойно түүний ах Роберт Прүст Жан Полхан, Жак Ривьер нартай хамтарч сүүлийн бүтээлүүдийг нь хэвлүүлжээ. Гэсэн хэдий ч тэд Хэнри Дюверноисд бичсэн сүүлчийн захидал дахь үгсийг нь төдийлэн хэрэгсээгүй гэдэг.

1922 оны 10-р сарын 28, (эсвэл) 29

Хайрт найз минь,

Хэрэв чи миний ямаршуухан байгааг харсан бол чиний захиаг нээж, чамд хариу бичих гайхамшигт хүчийг хэрхэн олсныг минь гайхах болно. Товчхондоо, яг одоо чек битгий илгээгээрэй, хэрэв би эрүүл мэндийн энэ ядаргаатай асуудлаас ангижрах юм бол бид тэдэнтэй харьцаж амжих болно. Романы тухайд гэвэл чи юу ч үлдээхгүйгээр галд өргөх юм уу, эсвэл толгойдоо хав дараарай. Түүний утгагүй дэмий нуршилтаас юу ч ойлгогдоогүй гэдэгт гайхах юм алга. Намайг хасахаа хассаны дараа нийт 9000 гаруй мөр үлдсэнийг тэд тооцоолсон. Тухайн үед бие чилээрхүү байсан тул бичгийн машинаар бичсэн бүх бүлгийг хассан юм. Хассан нь ч, хасаагүй нь ч надад хамаагүй. Энэ бүхнийг чам руу бичих болсон шалтгаан нь ном (Gallimard хэвлэлийн газраас) даруй гараасай гэж би хүсэхгүй байгаатай холбоотой юм. Ийм үед би хэн нэгэнтэй уулзах юм бол тэр нь чиний найз байх болно. Гэвч зочин хүлээж авах хориотой, огт боломжгүй байна. Хэрэв амьдрах аваас уулзацгаая. Онц шаардлагагүй урьдчилан сэргийлэх хэсэг гэдэг дэмий зүйл боловч асуудал үүсгэхгүй байх цор ганц үе шат юм. Хэрэв би дахин бичих эрч хүч олж чадваас хайрт Роберт де Флерс рүү захидал бичиж, “хурц хийгээд урт удаан өвчний дараах намайг уучлаарай” гэж хүсмээр байна. Гэхдээ энэ бол тийм ч зөв биш, сэдэвтэй ер хамааралгүй зүйл л дээ. Ямар ч гэсэн амь хэлтрэх байх гэж бодож байна. Ингэсэн тохиолдолд амласан ёсоороо өвчний дараах сул дорой үед минь надад чанд хатуу хандаарай гэж хүсье. Хариу бичих хэрэггүй ээ, хайрт найз минь. Миний тухай сураг ажиг бүү тавь, өөртөө төвөг бүү тарь (үнэндээ хэн ч, юу ч мэдэхгүй). Би чамд Bourget-ийн шагнал хүртсэн Riviиre тосны тухай нэг зүйл бичмээр байсан ч өвчин үнэхээр хэцүү байлаа. Чамайг бишрэн шүтдэгийг минь чи мэднэ шүү дээ. Яг одоо л сайн бичих хэрэгтэй. Миний бичсэн зүйлсээс зүүд нойрны тухай өгүүлсэн хэсгүүдийг хасаарай. Би мартчихсан байж магадгүй. Шаардлагагүй давталт утгагүй. Надаас чи цаашдаа нам гүм байдлаас ондоо зүйл хүлээх хэрэггүй, чи ч бас тийм байгаарай.

Хүндэтгэсэн:

Марсел Прүст

 

  1. ПОЛ ВАЛЕРИ (1871-1945)

"Тарчилсан бие билгийн мэлмийн хөшгийг сөхөж байна."

Францын алдарт яруу найрагч Пол Валери сүүлчийн захидлаа өөрөөсөө гучин хоёр насаар дүү романч бүсгүй Jean Voilier-т зориулсан бөгөөд амьсгал хураахаасаа хэдхэн хоногийн бичжээ.

1945 оны 6-р сарын 6

Лхагва гарагийн 6:00 цаг дор

Хайрт найз минь,

Тэд тэсэхүйеэ бэрх усан эмийн тунг яльгүй хаслаа. Өчигдөр уржигдарын айхтар халуурал ахиж бүү давтагдаасай билээ. Өнөөдөр миний бие илүү тэсвэртэй хариу үйлдэл үзүүлэв. Би толгойноосоо хөл хүртлээ цэв  хүйтэн, гэхдээ дагжиж чичрэхгүй байна. Намайг аль хэдийнээ зузаан хөнжил, халуун дэвсгэрт ороосон. Битүү хөлс... Энэ эмчилгээг зайлшгүй шаардлагатай гэж Г. хэлсэн. Цахилгаанаар цочроож эмчилсэн юм. Дюамель саяхан ирээд хоёр сайхан үнсэлт бэлэглэв. Танд хэлэх өөр зүйл байсан ч болоосой. Өө, юу билээ! Чамд чичрүүдэс төрүүлэм галзуу, тэр цуутай дуунуудыг дуулж өгмөөр байна. Гэхдээ одоохондоо дуулж чадахгүй нь дээ. Миний хэлэх үгс бол сахилгагүй зүйл. Яг одоо бол илэрхийлэх цаг нь биш. Чи гайхамшигтай хайрцаг илгээсэн байна лээ. Үүнийг чам шиг сайхан хүнээс хүлээж авах учиртай байжээ. Баасан гарагт ирээрэй. Ирэх үед чинь халууны эрхшээлд автчихгүй байх гэж найдаж байна. Чамтайгаа хэзээ уулзаж чадах вэ? Өө, юутай золгүй вэ! Тарчилсан бие – хөөрхий дөө - билгийн мэлмийн хөшгийг сөхөж байна. Бурханд гялайлаа, тийм ээ, бурханд гялайлаа.

 

  1. ФРАНЦ КАФКА (1883-1924)

"Намайг ердөө шивнэх төдий байвал, энэ нь ховор тохиолдол бол, надад ярих хувь буй гэж бодож байгаа бол, та нар эргэлтээ нэг өдрөөр ч атугай хойшлуулж болно шүү."

Кафка сүүлчийн захиагаа сүрьеэгээр өвдөн эмчлүүлж байсан Вена хотын ойролцоох Кирлинг сувиллаас гэр бүлийнхэндээ бичсэн байна. Дөнгөж дөчин нэгхэн настай ч маш сул дорой биетэй Кафка маргааш нь сүүлчийн амьсгалаа татсан юм.

1924 оны 6-р сарын 2, Кирлинг

Хайрт аав ээж минь, зарим захидалдаа дурдсан тэр уулзалтын чинь талаар ярилцъя. Энэ бол миний хувьд маш чухал зүйл учраас толгойд минь үргэлж байдаг. Бид нэлээд хугацаанд хамт байгаагүй тул уулзах мэдээж сайхан байх болно. Прага хотод болсон уулзалтыг тооцохгүйгээр шүү дээ. Тэр ч гэрийн нэгжлэг шиг юм болсон. Франценсбадад - хэдэн цаг вэ ч гэж тоолохгүйгээр, хамгийн сүүлд хэзээ үзэсгэлэнт хотдоо, ганцаархнаа, санаа амар хэдэн өдрийг өнгөрөөснөө санахгүй байна. Таны захидалдаа дурдсанчлан, хамтдаа “ганц аяга сайхан шар айраг” уух; "сайхан" гэдэг үгнээс миний ойлгосноор, Heuriger-ийн дарсанд аав минь тийм ч дуртай байсангүй. Шар айрагны тухайд бол санал нэг байна. Бид халуун өдрүүдэд байнга шар айраг уудаг сан. Олон жилийн өмнө аав минь намайг усан сэлэлтийн сургуульд хүргэж өгөхдөө ч хамтдаа уудаг байсан юм.

Та нарынхаа эргэлтийг зөвтгөх олон шалтгааны нэг нь энэ. Гэсэн хэдий ч одоохондоо энэ уулзалтыг хийхгүй байх шалтгаан бас бий. Юуны өмнө аав маань паспортын саад бэрхшээлтэй тулгарна. Тиймдээ тулвал эргэлтийн гол утга учир алдагдана.

Түүнчлэн хажууд нь хэн ч байсан ээжийн бүх анхаарал над дээр төвлөрөх болно.  Би аятайхан харагдахааргүй байна. Намайг Вена хотод болон энд анх ирэхэд ямар асуудал тулгарч байсныг та мэднэ дээ, тэр бүхэн намайг бага багаар сульдаасан. Түрүүчийн халуурал овоо сайн байх байсан биеийг минь бүр дордууллаа. Хоолой оролдсон тохуурхалт өвчин илүү ихээр нэрмэлээ. Би одоо хамаг ядаргаагаа арилгахыг хичээж байна. Дора, Роберт нар туслаагүй сэн бол би юу хийх байсан юм бэ? Хэрэв тэд хол байсан бол ингэх боломжгүй байлаа. Одоо ч сүүлийн өдрүүдэд туссан гэдэсний ханиадтайгаа тэмцсээр байна. Энэ бүхэн дундаж гэсэн үг боловч хажууд минь байгаа гайхалтай туслахууд, хэрэглэсэн цэвэр агаар, эрүүл хүнс, өдөр тутмын усан эмчилгээнд ч би бүрэн сэргэсэнгүй. Ерөнхийдөө бол хамгийн сүүлд Прага хотод уулзсан шигээ сайн биш. Намайг ердөө шивнэх төдий байвал, энэ нь ховор тохиолдол бол, надад ярих хувь буй гэж бодож байгаа бол, та нар эргэлтээ нэг өдрөөр ч атугай хойшлуулж болно шүү.

Сайн зүйл огт тохиохгүй байгаа юм биш шүү: Миний хоолой мэдэгдэхүйц сайжирсныг саяхан Профессор олж харсан. Түүнд ямар ч ашиг сонирхол байхгүй, зүгээр л надад элэгсэг ханддаг учраас машиндаа үсэрч суугаад долоо хоног бүр зочилж ирдэг юм. Үүнийхээ хариуд бараг юу ч шаардахгүй. Түүний үгс намайг маш ихээр тайвшруулдаг. Бүх зүйл сайхан болчих мэт. Гэхдээ энэ нь одоохондоо тийм ч чухал биш юм. Ийм нөхцөлд гаднын хүн ч гэсэн анзаарахуйц илт сайжраагүйгээр та нартай уулзах нь байна, тэгэхээр энэ уулзалтыг хойшлуулах нь зөв шүү. Одоохондоо больж болохгүй юу, хайрт эцэг эх минь?

Миний энд авч байгаа эмчилгээ, тусламж үйлчилгээ илүү сайжрах боломжтой гэдгийг битгий мартаарай. Хэдийгээр энэ сувиллын эзэн нь өөрийгөө 100 хувь ажилдаа зориулах боломжгүй хөгшин, бие муутай хүн байдаг ч залуухан туслах эмчтэй нь би эмнэлгийн гэхээсээ илүү анд нөхрийн харилцаатай. Бас мэргэжилтнүүдийн зочлохоос бусад үед дэргэдээс минь хоромхон зуур ч холддоггүй, өөрийн шалгалт шүүлгээс илүү миний биеийн байдлыг боддог Роберт байна. Миний маш их итгэдэг, долоо хоногт гурван удаа ирдэг бас нэгэн залуу эмч бий (миний сая хэлсэн профессор шиг, түүнтэй ч мөн архитектор Эрманны ачаар танилцсан). Эмчийн үзлэгт хандах миний хандлагыг тэр харгалзан үзэж, тун даруухнаар, долоо хоногт гурван удаа машинаар биш галт тэрэг, автобусаар ирдэг юм. Би энэ захидлыг урах гэж байхад нь  түүний гараас булааж авлаа. Маш хэцүү болж байна. (Захидал энд хүрээд дуусаж байна).

Холбоотой нийтлэл