logo
logo
Уран зохиол

ТУРКИЙН НЭРТ ЯРУУ НАЙРАГЧ БЭЖАН МАТУРЫН ШҮЛГҮҮД...

БЭЖАН МАТУР. Туркийн яруу найргийн өнөө цагийн гол төлөөллүүдийн нэг. Анкарагийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн тэрбээр анхны номоороо л Туркийн уран зохиолын нэр хүнд бүхий шагналууд болох Халил Кожагөз болон Орхан Мурат Арыбурнугийн нэрэмжит шагналыг тус тус хүртэж, хүч түрэн гарч ирсэн. Түүнчлэн хэл шинжлэл болон Курдын тухай асуудал хөндсөн нийтлэлүүд нь ихээхэн алдартай. 
           
Түүний шүлгүүд “чинжаал хутгаар цус шүүрүүлэн зүсэх” мэт зүрх шархируулж, сэтгэл сэртхийлгэм хурц, тод, хүчирхэг илэрхийлэмжээр ялгардаг. Дэлхийд нийтдээ 36 хэлээр бүтээл нь орчуулагдан түгсэн бөгөөд монгол хэлнээ ийнхүү Х.Нямхишигийн орчуулгаар анх удаа бууж байгаа нь энэ юм. Яг одоо үзэсгэлэнт Истанбул хотноо ид бүтээн туурвиж суугаа нэгэн алдартай яруу найрагчийг монгол уншигчдадаа анхлан танилцуулж буйдаа баяртай байна.



БУРХНААС НУУГДСАН ЯЛЗРАЛ

Ирт сэлмээр хөрсөө сийчүүлсэн
илт давчуу, салангид гудамжууд,
хулжигч амьдрал, цусан толбонууд...
Хуучирсан энэ газрын ой санамжаас
хуршсан хөгц урсаж, хананд нэвчиж байна.

Ялзрал нь бурхнаас нуугдаж амжжээ,
ямартай ч тахил өргөх хөвгүүн
                                        бэлэн болжээ.

Эртний хунтайжийн хав харанхуй
эдлэн газарт муурнууд,
урт сүүлэн дээрээ зогсож байна.
Усан оргилуурын сүүдэр,
шүдтэй чинжаал,
уг чанар нь дотроосоо муудсан
                        төмрүүд болоод
хүмүүсээс үлдсэн аман аялгуу,
хүж утлага,
хүүршсэн шат...

Яг энд хаалга бүр нь
яльгүй бөхийж ирэх хүзүүг хүлээж байна.

ЛАМ НАР ТААЛАЛ ТӨГССӨН

Царай төрх минь аль эртнийх
цаг хугацаа хязгааргүй, мартамхай
ор дэр минь үнэхээр гүн гүнзгий,
тэгтлээ гүнд живсэн уй гунигийг
тээгч лам нар таалал төгссөн.
Цусан болоод усан галав,
дуу чимээ, нам гүм байдал,
цуурай болоод мөстлөг,
эх газрыг хооронд нь холбогч;
элж живэхийн тулд харагдагч
эрэгт дүлий давлагаа тасрахгүй.

ЭМЭГТЭЙЧҮҮД

Шивээс хийгээд
ширгэшгүй гашуудлын хөхөрсөн ул мөртэй
тэд гал руу гөлрөн зогсоно.
Салхи үлээхэд цөмөөрөө дагжин чичирч,
салгалах цээж нь газар шүргэн алдана.

Гартаа түлээ тэвэрсэн тэр эмэгтэйчүүд
гадар зэв нь хуурсан хуучин зуухаа
тойрон эргэлдэнэ.
Үе үехэн галын хилэн бадрахуйяа
үг дуу нь чангарна.

Тэнд гал огтхон ч унтрахгүй,
тэгж унтрах аваас гай зовлон тохионо.

Хайран цээж нь үрчийсэн тэр эмэгтэйчүүд
хатангир гартаа тэвэрсэн түлээнийхээ
хатуулаг чанарын тухай эргэцүүлэхдээ
дуугаа хураана.

Аниргүйд нь тэдний нулимсыг анзаарахгүй,
аашлан хашхичихад нь харин
газрын үнэр ханхийнэ.

Уй гашуу хааш чиглэдгийг мартсанаас
усан нүдээ тэд газарт дусаадаг,
учир нь үүлс ч тэнгэртээ үргэлж байдаггүй.
Халуун зүрхнийхээ хамгийн гүнээс
өөрийгөө тэд ийнхүү газар луу юүлнэ,
хааяа газраас үнэртэнэ.

АТГАНД БАЙХ ҮСЭГНҮҮД

Иртэй чинжаал шохоорхох хүү
ишин дээрх үсэг рүү нь ширтэж байна,
ирээдүйн хувь заяа руугаа ширтэж байна.
Гар нь халаас дотроо,
нэр нь Мухаммед.
“Чи юу бодно вэ?” гэж би асуулаа,
“Коран судрын тухай бодож байна”
                                    гэж тэр хэллээ.
Тэрбээр үсэгнүүдийг,
тэгээд цусыг эрхшээгч болно.

 

ОРЧУУЛГА: Х.НЯМХИШИГ

Холбоотой нийтлэл