logo
logo
Театр & Кино

  Д.НАМДАГ: УЧИРТАЙ  ГУРВАН ТОЛГОЙ  

Д.НАМДАГ  

                                                УЧИРТАЙ  ГУРВАН ТОЛГОЙ

                                     Анх тайзан дээр хэрхэн гарсан тухай  дурсамж 

    1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврүүн өдөр би, Улсын төв театрын бөмбөгөр ногоон гэж  алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Нацагдоржийнх руу явлаа.

    Уг нь би Нацагдоржийнхоор бишгүй явдаг байсан атал сүүлийн  бүтэн жил ер ороогүй  байж. Энэ зуур Нацагдорж, Нина  гэдэг орос хүүхэнтэй  ханилан өөр газар  шилжин  суусан байлаа.
    Нацагдоржийнхыг эрэн суран олж очиход минь Нина над хаалгаа тайлж  өгөв. Арай  чарай  мэдэх  хэд гурван үгээрээ мэнд мэндсэний минь дараа  Нина  над хэдэн  үг  хэлэн хаалгаа  дахин түгжив. Үүний  нь  би  байшин  хүйтэн хаалгаар  жавар  их орж  ирдэг  гэв  гэж  ойлгов.  Уг байшинг гаднаас  нь харвал сүрхий  сайн дүнзээр дорвитой барьсан  тэргүүн  зэргийн орон  сууц  шиг  байвч  доторхи дулааныг барьж  чадахаа  больсон  ийм  юмс  бишгүй  байдгийн нэг нь  юм.  Гэтэл энэ байшинг хоёр айлын орон сууцанд зориулан барьсны зүүн талын бяцхан хоёр өрөөнд Нацагдоржийнх суудаг аж.

    Нацагдорж  өөрөө  ном  дэвтэр,  бичиг цаас  овоолсон хоолны  ширээний  хажууд  юм  бичиж  сууснаа  орхин  “Наяа”  гэж  намайг  дуудан угтаж  ширээнийхээ  нөгөөтэй суулгав. Тасалгаан дахь өөр  бусад сав шургуулга  мэтэс  дээр мөн л ном  судар, бичиг  цаас  овоолгоостой. Үзтэл орон сууц багадаж, үзэх судлах, хийж бүтээх зэрэгт дарагдан  бүхий  нь  илэрхий.  Гэтэл би бас өөрт нь ажил нэмэх санаатай очсон билээ.  Босоо дугуй  хар пийшинд хахаж  цацтал  нь чихсэн ноймон мод шийгсэн шүүсээ  пис  пис  дуугарган дуслуулж, дуртай  дургүй  асаж  байгаа  бололтой.
    Пийшингийн  хажууд шихэн  хийсэн хашилгат бяцхан  модон өлгийвч  дотор  зузаан хөнжилд  хучаастай  нялс хүүхэд нойрсон  байгаа  нь  миний  нүдэнд  содон  туслаа. Уг  нь би орж ирэнгүүтээ хүүхэдтэй  болсон тухайд нь баяр бахдалын үг хэлэх ёстой байлаа.  Гэтэл одоо нэгэнт зохих цагаа  ашиглаж  чадаагүй  тул сэтгэл минь дэмий зовиурлахад хүрэв.

    Ард минь Улсын төв театрын жүжигчид зохиолгүй  суусаар  нилээд удсан.  Энэ  бол нэг  завод түүхий  эдээр  дутагдан  суусантай ав адил хэрэг. Нийт жүжигчид маань хорь гаруй. Дарга  нь  жаал Гомбожав гэгч. Дороо хоёр найруулагчтай  байсны  нэг  нь  би, нөгөө  нь Ши. Аюуш байлаа.

    Нацагдоржтой  уулзахаар миний очсоны учир гэвэл яаран барих  зохиолтой  болгож  өгөхийг  гуйх гэснээс  өөр юм  алга. Үүний  урьдтай бид хоёр “ Би биш” гэдэг жүжиг хамтран бичиж  театрын тайзан дээр тавьсан юм. Одоо ингээд зохиолгүй байгаа  зовлонгоо тооцсоныг  Нацагдорж маань анхааралтайгаар сонсож, сэтгэл хуваалцав. Дараа  нь гаргах жүжигтэй болгож  өгөхийг  гуйсны  маань  ч үгүй гэж  хэлж чадалгүй  хүлээн  авлаа.  Иймд  бид тэр дорхиноо чухам  юун тухай  хэрхэн  бичих рүүгээ  яаран оров.

    Нацагдоржид аялгуутай эмгэнэлт зүйл бичих нэгэн сэдэв бий аж. Үүндээ  автономитын  үед үзэсгэлэн  сайхнаараа  дуунд гарсан Юндэн гөө гөө гэдэг хүний  бодит амьдралд тохиолдсон зүйлсийг ярив. Үүний нь би сонирхон  тайзан дээр  хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Үнэдээ  юу  юуны  урьд эмх замбараатай маш цөөн хүмүүсийн дунд эргэлдүүлэхийг л эрхэмлэнэ.  Энэ  бодлыг нацагдорж  зөвшөөрөхийнхөө  зэрэгцээгээр үндэсний  аялгуут  жүжгийг бий  болгох  явдалд  зохистой  шинэ хэлбэр  бий  болгохыг  эрхэмлэв.  Гэтэл энэ  үед  ая  дуу зохиох мэргэжлийн хүн  байтугай  нот мэдэх  хүн  бараг байхгүй  шахам  байсан цаг.  Гэлээ  ч  бид оролдох нь чухал гэж  үзээд хоёр цаг  хиртэй  харилцан ярилцсаны  үр дүнд, нэгэн жүжгийн төлөвлөгөө  бүрэн боловсруулан гаргаж амжив.
    Энэ  бол анхны  “Учиртай  гурван толгой”  бүх үйл  явдал Юндэн, Нансалмаа,  Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт  явдал бөгөөд  үүнээ  бид хөдөө  талын гурван бяцхан толгойн  дунд эргэлдүүлэв.
    Төлөвлөгөөгөө гаргасны дараа Нацагдорж даруй  бичихдээ орох, би  хоёр  хоногийн  дараа  эргэн  ирж  бичиж  дууссанаас  нь аван  шууд  сургуулилж  эхлэхээр хэлэлцэн  тохиролцлоо.

    Хоёр хоноод эргэж ирэхэд Нацагдорж маань намайгаа баяр баясгалантайгаар  угтлаа.  Бидний  түрүүчийн гаргасан төлөвлөгөө сэтгэлд  нь тавтай тохирсон учир нэгдүгээр үзэгдлийг  бүрэн бичээд байгаа аж.  Тэгээд бичсэнээ над уншив.  Тэрнийг  нь  би  мөн сэтгэл бахдан сонсож  шууд  суургуулилахаар шийдэв.

    Бүх жүжигчид, ажилгүй  байсны  завшаанд  би аль  дуртайгаа  сонгон авлаа. Гол ролийн Юндэнд Ц.Цэгмэд, Нансалмаад Хандсүрэн, Балганд талийгаач  Жадамба,  Хоролмаад мөн талийгаач Дэвээ,  хоёр бэргэндэгчийн  нэг нь Сосорбарам,  нөгөө  нь  Дагийсүрэн, бэр буулгагч  хоёр эрэгтэйн  нэг нь Цэндээхүү,  нөгөө нь Нацагдорж гэдэг нэг  залуу,  миний энэ авсан жүжигчид бол  цөм  шинэ.  Би  ч  өөрөө шинэ  найруулагч  бөгөөд тэгээд урьд  өмнө гараагүй  шинэ хэлбэрийн  юмыг дан шинэ хүмүүстэй  бүтээсэн нь  дээр гэж  бодсон юм.

    Жүжиглэх дуунуудаа  бид ардын дууны  аялгуунаас  сонгон авна.  Үүнд хөгжимчид маань цөм бэлэн.  Хувцас гэвэл ноёд феодалын хөрөнгө  хураалтаас  ирсэн янз бүрийн  хувцас театрын агуулахаар дүүрэн.  Тайзны  заслыг жүжгийн  жинхэнэ мэргэжлийн  зураач  Бехчеева  гэдэг орос  авгайд Нацагдорж  өөрөө  зохиолоо танилцуулан  хийлгэх болсон. Энэ бүхнийг  дарга  Гомбожав  маань  зөвшөөрөн зохих  зардлыг харамлалгүй  гаргаж  өгөхөөр болсон. Жүжигчид маань  рольдоо баярлдан наддаа  итгэсэн. Би гэвэл тэдэндээ  Нацагдорждоо,  өөртөө ч итгэсэн хэрэг.  Ингэсээр ажил маань гайхалтай  сайхнаар эхэлж  билээ.

    Бид сургуулиа  тайзан дээр биш, тасалгаа ч хэрэглэсэнгүй,  хаа чөлөөтэй байгаа булан зай  бараадан хэдүүлхнээ  хийнэ.  Заримдаа  бид шоовдорлогдсон хүүхдүүд шиг ч  байсан удаа бий.  Хоёрдугаар үзэгдлийг  Нацагдорж хэдхэн хоногийн дотор гаргаж  өгөв.  Энэ нь ч  бас  бидний  урам  зоригийг нэмсэн.
    Үнэндээ бид ажилдаа өлөн ховдог амьтад хоол руу шунах адил зүтгэнэ.  Гэтэл  гуравдугаараас эхлэн бичилт нь удааширлаа. Нацагдорж “Жүжиг бичсэнээс болж албан ажилдаа дарагдаж, зэмлэл хүлээх болов”  гэж зовлон тоочно.  Би өөдөөс  нь  “Жүжигчид хийх юмгүй хүлээж байна”  гэж  хөмсөг зангидан  бухимдана.  Нацагдорж  бол уур бухимдалгүй хүн бөгөөд нөгөө талаар бид хоёр гурван жилийн өмнө цаг зуурын сүрхий гамшгийг зургаан сар хамтдаа эдэлснээс хойш Нацагдорж намайг чин  сэтгэлээсээ  дотночлох болсон  юм.

    “Өвгөн чинь тун аргагүй байна шүү дээ” гээд Нацагдорж “ За чи маргааш юм уу, нөгөөдрөөс нэг ирж  үз. Би шөнө суухыг бодож  үзье”  гэж  хэлээд  намайг  буцаана. 
    Нөгөөдөр гэснийг нь би хүлээж эс чадан,  маргааш  гэсэнд нь очив.  Гэлээ ч дэмий.  Нацагдорж албан ажилдаа дарагдаастай,  мөн л зовлон тоочно.  Би ч хөмсөг  зангидан бухимдана.



    Энэ  байдал хэд дахин  давтагдсаны  дараа  Нацагдорж  “Өнөөдөр хагас сайн өдөр, маргааш бүтэн сайн, би сууя.  Чи нөгөөдөр хэзээ дуртай цагтаа ирж гуравдугаар үзэгдлээ ав” гэж хэлэв. Ингэж хэлсэндээ Нацагдорж  хүрсэн  бөгөөд гэвч  дөрөвдүгээр  нь бүр ч унжирсанд миний бухимдал туйлдаа хүрэв. Дэргэд минь гэвэл наддаа  итгэсэн  авьяастай  залуу  жүжигчид  цаг  ямагт  намайгаа  ширтээстэй.  Тайзны  заслыг  Савелов гэдэг намхан  биетэй  шар толгойтой  ахимаг настай орос  мужаан / би тийм  гавшгай хүнийг ер үзээгүй/  Цэрэндорж гэдэг мужаантай хоёул хэдэн арван банзыг  хөндлөн гулд  хөрөөдөн  хийж,  дунд нь  Бехчеева авгай  хар  хөх  халаад  өмсөн  хувинд найруулсан  будаг шунх  барин ажиллаж,  хэдхэн хоногийн дотор бэлэн болгосон. Нөгөө талаар  дарга  Гомбожав  “Эцсийн  чинь  үзэгдэл  хаана  байна”  гэж  өдөр өнжилгүй нэхэж намайгаа эрэгдэнэ.  Иймд надад бухимдахгүй байх нөхцөл алга.  Би  Нацагдорж  руу олонтаа харайлгасан бөгөөд Нацагдорж миний өмнө өөрийн эрхгүй  байгаа  зовлонгоо тоочихоос  өөр  ямар ч эгдүүцэлтэй юм хэлээгүй боловч түнжин  хагарахад ойртов. Ажил маань ингэж гацаж орхив  гэж байн байн  бодогдон  гэмшинэ. Эцсийн бүлэгт Нацагдорж руу явахаа болив. Гэтэл нэг өдөр Нацагдоржийн ирж явахыг би цонхоор харав. Эцсийнхээ үзэгдлийг авч ирсэн болов уу гэж  горьдохын зэрэгцээ зориуд нүүр өгөхгүй  байя  гэж  бодов. Гэтэл Нацагдорж  бичсэн юм  алга.  Үг бүр дээрээ найрсгаар инээмсэглэж “Би албаныхаа ажлыг бүрэн цэгцэлсэн. Одоо эцсийн үзэгдлийг бичих завтай  болсон” гэж хэлэхийг нь ажихад минийхээ  сэтгэлийг  тайтгаруулахаар ирсэн нь илэрхий. Гэлээ ч би зориуд томорхсоор л байлаа. Нацагдорж  явахдаа  “ Чи  над  руу  гүйх  хэрэггүй, би хэзээ дууссан цагтаа авч  ирье”  гэв.  Үүнд  нь  ч  би  царай  өгөлгүй  сууж  байж  дөнгөв.

    Гурав дахь хоногийнхоо өглөө  Нацагдорж  бүрэн бичиж  дууссанаа  авч  ирэв.  Миний баярласан гэдэг хэмжээлшгүй  их.  Гэвч би  баярласнаа  мэдэгдэхгүй  байхыг  хичээнэ.  Бичсэнээ  над уншиж өгөв. Энэ  нь түрүүч  түрүүчийнхээсээ давуутай  болсонд  нь  би  зөвхөн сэтгэлдээ  л  баярлав.  Тэгээд жүжигчид дээрээ  харавсан  сум  шиг харайлган орсон бөгөөд гартаа  барьсан зохиолоо дээш өргөн “ Зохиол бэлэн”  гэж  хашгирав.  Жүжигчид  суудлаасаа  дуу  алдан  босон  харайв.

    Бид эцсийн  үзэгдлийг таван хоног дангаар нь хийгээд  зургаа  дахь өдрөөсөө  тайзан дээр гарч  эхнээс  нь  дуустал нь сургууль хийдэг болов.  Дараа  нь хэдэн орой  хувцас  ба гэрэл  чийдэн тохируулан хийснээр “Учиртай  гурван толгой”  аялгуут  жүжиг  нийт сар хагас хүрэхгүй  хугацаанд бэлэн боллоо. Олны  өмнө  тавих сонсгол том  зарлалаа  театрын өмнөх хоёр том  самбараас  эхлэн  хааяагүй  наав.

Энэ зуур би Нацагдоржтой дахин уулзсангүй. Нийтэд тавихын өмнөх эцсийн хяналтад авч  ирэх  гэж  байснаа  ч  завдсангүй.  Тэгээд жинхэнэ тавих дээрээ урилгын  билет авч  очин  нэг  мөсөн гүйцэтгэе гэж бодсон юмсан. Гэтэл  бас  л завдал болсонгүй. Нэг мэдэхэд жүжиг гарах цаг маань болж  орхисон  аж.  Үүндээ би  “Алтыг  нь  аваад  авдрыг  нь  хаяна  “гэгч  болов  гэж  сэтгэл зовж эхэллээ. Үнэндээ над завдал болоогүй  юм. Одоо бодоход  би  хамаг юмыг ганц  биендээ  хүлээн  авсан  аж.  Хамгийн  наад зах нь зарлал бичих, түүнд дагуур бичиг  хийн машиндуулах,  Хэвлэлийн хороонд хүргэх, тэгээд бас  түүнээ зохих цагт нь гаргах  гэж  хэд дахин  харайлгана.  Энэ  бол нас  залуугийнх.  Залуу  хүний  өмнөөс гүйх хэн л  байдагсан билээ.  Харин  өөрийнхөө  өмнөөс  гүйлгэх  хүмүүс  байдаг.

Жүжиг гарахын өмнөхөн   үзэгчдийн суудал руу  сэм  харахад аль гоё  сайхнаа  өмссөн эрэгтэй , эмэгтэй  хүмүүс пиг дүүрэн.  Гэтэл  хамгийн урд нүүрний гол суудал дээр дээд уруул  ба эрүүндээ  өтгөн хар сахалтай, европ маягаар тэргүүн зэрэг хувцасласан  гучин  тав зургаа  орчим насны  хүн  намуухан  дөлгөөн  цагаан  царайтай  бөгөөд мөн ёслол  хүндэтгэлийн  байдлаар  хувцасласан авгайтайгаа сууж байгаа  нь  надад олноос  онцгой  харагдав.  Энэ хүн  Гэгээрүүлэх яамны зөвлөх Ишдорж гэгч бөгөөд миний дунд сургуульд анх ороход  Ишдорж  хичээл  заадаг захирал багш  байлаа.  Би  ер нь тэр цагаас эхлэн Ишдоржоос ухаангүй айдаг болсон юм. Германд очин суралцахад минь мөн захирлаар очин айлгасаар байлаа. Би тэндээс эргэж  ирсэн  хойноо  хэдийгээр  бие даан ажиллах  болсон боловч  мөн  л  айна.  Энэ  багш ажилд  хичээнгүй, үзэн судлах,  хийж  бүтээхэд  биеэ  бүрэн  дайчилдаг сүрхий  хүн. Тэгээд  сурагч  нэг  бүрийг өөр шигээ  болгох  гэсэн сэтгэлээр бид бүхнийг хатуу  барьдаг байсан юм.

Одоо  энд ирээд  байгаа  нь миний  жүжиг  найруулгын ажлыг зориуд үзэхээр ирсэн хэрэг. Иймд миний  сэтгэл өөрийн эрхгүй түгшиж  орхив. Тэгээд юу  юуны  урьд  би  жүжигчид хөгжимчид  хоёроо битгий  л алдан  будлиасай  билээ  гэж  бодно.  Манай  хүмүүс  хэдийгээр тэргүүний  авьяастай идэвхтэй  ажиллагч боловч угаасаа  урсгалаараа  ажиллаж  эхэлсэн нэг их гэмтэй.  Би энэ дутагдлаас нь гаргахад хамаг анхаарлаа  тавьдаг байсан  юм.

Цагийн зүү яг  наймдаа  голломогц  жүжиг  гарахын  анхны  дохио харанга цохиж,  театр дүүрэн цууриатав. Энэ харангыг би түрүүн “Учиртай  гурван толгой” жүжгийн  өмнө чухам яаж цохиуштайг эрэлхийлэн туршсанаараа өөрөө  цохисон юм. Хоорондоо дөрөв дөрвөн  секундын зайтай  гурав дахин зөөлөн цохимогц  хөгжим  намуухнаар эхэлж,  хүнд  сонсдон  хөшиг алгуурхнаа нээгдэнэ. Энэ даруй өндөрлөг дээр тавьсан гурван бяцхан толгойн дүнд суугаа  Юндэн, Нансалмаа  харилцан дуулж гарлаа. Би их хөшгийн араас тэднийхээ  аялах, хөдлөх  нэг бүрийг сэтгэл түгшин ширтэнэ.  Гэтэл  тэд  маань  тун зүгээр.  Тус бүрнээ  хичээхийн ихээр  хичээх тул сургууль  хийснээсээ давуутай  тоглоно.  Үзэгчид  гэвэл чив чимээгүй  нэг  ч хүнгүй  байгаа  мэт.  Гэлээ  ч  миний сэтгэл түгшинэ. Хаа нэгтэйгээ алдан будлих вий гэж ямагт зовиурлана.  Хоролмаа гарч  ирж  чихэнд  хадсан чанга  хоолойгоороо  дуулна.

Нэгдүгээр  үзэгдэл сайхан өнгөрлөө. Хоёр ба гуравдугаар  ч  өө зөөгүй  өнгөрөв. Үүнд  хоёр бэргэндэгч ба  бэр буулгагч  хоёр эр  эм  эрчимтэй  тоглов.  Өөлөн өгүүлэхэд: тус  бүрд нь  дуулах  ба тоглох  маш их авьяас байвч  хоолойн ур чадвар л алга.  Гэвч энэ  бол бид өөрсдөө засаж залруулж чадах зүйл даанч биш юм. Энэ зуур үзэгчдэд үл мэдэгдэхүйц  дутагдлууд гарч  байсан бөгөөд  түүний  нь  би  жүжигчдэд одоо хэлэх хэрэггэй гэж бодон “Зүгээр”тун аятайхан болж  байна”  гэж тэднийгээ магтан улмаар урам  зориг оруулж байлаа.

Одоо үлдээд  байгаа  нь  эцсийн үзэгдэл.  Гэлээ  ч  сэтгэл минь түгшсээр.  Ээ дээ одоо л хичээнэ шүү дээ” гэж тус бүрд нь  аминчлан захиад харанга цохин  хөшиг  нээлгэв. Үзэгчид гэвэл чив чимээгүй. Өмнө  нь жүжигчид хичээхээрээ хичээж байгаагаар  барахгүй,  урьдынхаас илүү зориг орсон  нь илэрхий.  Гэтэл  бас жүжгийн  үйл  явдал  явагдах тусмаа хурцдан туйлдаа  хүрэх  шахсаныг хэлэх үү,  миний  сэтгэлийг улмаар донсолгоно. “Одоо л бүү алдаасай”  ямар нэгэн  хөндлөнгийн гай барцад битгий  ороосой  билээ”  гэж бодно. Ер нь  урлаг гэдэг бол маш эмзэг зүйл.  Жишээлбэл  энэ  үед тэр доор аятайхан сайхан дуугарч  байгаа хөгжмийн гурван  чавхдасны нэг  нь  тасарснаар бүх юм балрах  нь  тэр гэсэн үг.

Гэвч ямар ч алдаа,  аюул тохиодолгүй  яв  явсаар  ашгүй  төгсгөлдөө  хүрэхэд үзэгчид  алга ташив. Энэ нь алга таших заншил манай  үзэгчдэд ер дэлгэрэнгүй байсан  юм.  Иймд энэ нь харин ч анх удаагийн алга ташилт юм.

Үзэгчдийн хөлийн чимээ  нэгэн  зэрэг шүржигнэн гарч эхлэхэд сая миний  сэтгэлийн хүлээс тайлагдаж, мөрөн дээрээс  арван  пүү юм  мултран  унах шиг боллоо.  Жүжигчид  маань хувцсаа тайлахаар нүүр будгийн өрөө рүү орсон байв.  Би ганцаараа  тайзан дээр. Маргааш  жүжиг  маань дахин гарна. Тайзны  энд тэнд  ундуй сундуй болсон зарим юмыг засууштай бодогдоно. Гэтэл бие сул,  санаа  сэтгэлд  ч  бодогдох  юм  алга. Энэ  нь  хэдэн хоног ажилд дарагдсаны  дээр сая хоёр цагийн турш сэтгэл хүчтэй  түгшсэнээс  болов бололтой.  Энэ  тэрхнийг ийш тийш болгосон болж  байтал  нэг  хүн  сэп гэтэн ирэх  шиг. Нэн тэргүүний нүдний минь буланд урт түрийгий  нь  эргүүлсэн нимгэн хар эсгий  гутал тусав.  Лавлан харахад Нацагдорж.

Намайг ширтэн инээмсэглэн зогсов. Би нумалсан биеэ тэнийлгэн хариу инээмсэглэв.  Сэтгэлд минь зохиолыг  нь бүрэн гаргуулж авахтайгаа зэрэг одоо чиний хэрэг  байхгүй гэсэн шиг болсон  явдал маань  бодогдов. Тэгээд үүнээ  цагаатгая  гэтэл хэлэх үг үл  одох тул  би  зүгээр саандгүй  байдал үзүүлье  гэж  бодогдов.
Үгүй  чи  чинь  тун  их ядарсан шинжтэй  байх нь  юу вэ ? гэхэд  нь:
-“Ээ  тий  “  гэх мөртөө  үгүй  чи  яаж  орж  ирэв? Гэж  асууж  орхиод эцэст  нь  энэ  асуулт  маань  яасан  ч  эвгүй асуулт болж  орхив  гэж  хойноос  нь зовоход хүрэв.
-“яах вэ, билет аваад” гэж  хариулсан нь над мөн эвгүй сонсогдов. Дараа нь   Нацагдорж  “Би жүжиг дуусмагц нааш явж байтал Ишдорж замд дайралдаад …..   гэхэд нь  миний  сэтгэл зарсхийх  шиг болж:

“За тэгээд Ишдорж багш юу гэж байна вэ? Гэж  яаран  асуулаа.  “Ишдоржийн  сэтгэлд сүрхий  таалагдав бололтой.  Бидэнд  баяр хүргэж  байна гэж  Нацагдорж хариулав.  Энэ үг миний  сэтгэлийн хүлээсийг дахин нэг тайлж алдагдсан бүх бяр чадлыг  минь  эргүүлэн тохох  шиг болов. Цааш  юу өгүүлсний  нь сонсохыг  яаран “А  тэгээд?  Гэж нэмэн  шаардаад “Аль вэ,  хоёулаа  сууя”  гээд  тайзны засал эрэг дээр сандайлахад  зүлэг орлуулсан ногоон будагт хүрээний үртсан шаваас гарыг  минь  үрэн баригдаж  байж  билээ.

Ишдорж  багшийн  дүгнэлт “Учиртай  гурван толгойг”  хятад  ба  европ  дууриудаас  тэс  өөр,  өөрийн орны  байдалд тохиролтой  шинэ  хэлбэр эрэлхийлсэнд  байх бөгөөд далимд нь намайг өөртэйгээ уулзаарай гэж хэлүүлсэн  аж.  Эцсийн  энэ  үг нь  намайг  мөн л зарсхийлгэв. Гэвч би очно. Ишдоржийн өмнө очих явдал над хэдийгээр халуухан  байвч  санал  зөвлөгөөг нь авахаас илүү эрхэм юм байхгүй. Иймд би  маргааш  очьё  гэж  бодно.

Жүжигчид маань маргааш хэзээ цуглаж юу хийхээ надаас асуухаар бөөнөөрөө ирэв. Энэ завшаанд би тэднийгээ  Нацагдоржтой танилцуулав.  Хандсүрэнгээс бусад нь  бараг анх удаа уулзалдаж  байгаа  аж.  Бид баяр баясгалантайгаар хүрээлэн сууцгааж,  жүжгийн тоглолт, үзэгчдийн сонирхсон байдал, зохиолын явц ба түүний  шүлэглэлийн  аятай  сайхан  болсон тухай  харилцан  ярилцав.
    Ингэж бид  хийж , бүтээж  амьдарч  явлаа.
Тэр цагаас  хойш одоо  гучин нэгэн  жил  болов.  Энэ зуур манай  орны нийт театр,  урлаг танигдашгүй болтлоо өөрчлөгдөн хөгжив. Гэвч Нацагдоржийн бичсэн “Учиртай  гурван толгой” өдий хүртэл үзэгч  олонд тэргүүн зэргээр сонирхогдон  жүжиглэгдсээр  байгааг бахдахгүй  хэн  байх  билээ.:
Хийсэн бүтээл  хэзээд  үлдэцтэй гэдэг нь энэ. Гэтэл бас  хий  хоосон яриа агаарт  замхран мартагддаг гэдэг үг бас байдаг.

Нэмэн  хэлэхэд  нөхөр Д.Нацагдорж,  миний зохиолгүй байгаагийнхаа  зовлонг  тоочин очсоныг минь хүлээн авснаараа,  тэр мөртөө үндэсний өвөрмөц байдалд шинэ  сайхан  хэлбэрийг эрэлхийлснээрээ тэгээд  бас  албан ажлынхаа завсраар хичээнгүйлэн суун  бичсэнээрээ энэ нь манай театр  урлагт чин  сэтгэлээсээ  хандагч  нь  байлаа.


                   Би эл дурсамжийг Улаанбаатар хотын  3 дугаар дунд сургуулийн
                      пионерийн бүлгээс  зохиолч  Нацагдоржийн тухай өөртэйгөө
                    холбогдол  бүхий  ямар нэгэн  дурсамж  бичиж  өгөхийг эрсэнд
                                                            зориулан бичив.  
                                                                1965.02.25

                           

                                 “УЧИРТАЙ  ГУРВАН ТОЛГОЙГ “ ҮЗЭЭД

Гучаад оны эхээр монголын театр аялгуут жүжиг тоглож  эхэлсэн нь үндэсний  дуурийн  үүсвэр болов. Тэдний  дундаас манай  урлагийн санд үлдэн гандан бууршгүй бүтээл болсон нь Д.Нацагдоржийн “Учиртай  гурван  толгой” билээ. 1934 онд найруулагч Д.Намдаг  /одоо урлагийн гавьяат зүтгэлтэн төрийн шагналт зохиолч/ найруулан  нийтэл гаргасан  байна. Тэр үед Юндэнд БНМАУ-ын ардын жүжигчин Ц.Цэгмэд, Нансалмаад гавьяат жүжигчин Т.Хандсүрэн,  Балганд З.Жадамбаа,  Хоролмаад Ц. Дэвээ  нар жүжиглэжээ.  Тэр цагаас  хойш “Учиртай  гурван толгой”  театр, соёлын ордон, клуб, улаан булангийн  мөнхийн бүтээл болсон бөгөөд 1942 онд засварласнаас  хойш  зарим  гадаад оронд  ч  найруулан тогложээ. 1942 онд зохиолч  нөхөр Ц.Дамдинсүрэн, Д.Нацагдоржийн зохиосон эхийг зассан  юм. Ц.Дамдинсүрэн   уг цомнол зохиолын  төгсгөлийн   гуниг  эмгэнэлийг  хасч, эрмэлзэл  , тэмүүлэлтэй  болгосон  хийгээд хувийн чанартай  тэмцлийг нийтийн болгосон  нь уг  зохиолын агуулгыг  өргөжүүлж  цаашид  амьдрахад түлхэц  болжээ.  Үүний  хамт БНМАУ-ын ардын жүжигчин төрийн хошой  шагналт  Б.Дамдинсүрэн сайхан аялгуу  хийжээ. 
 Үүнийг А.Робинович, Д.Бат-очир нар  найруулсан болно. Тэр найруулгаар БНМАУ-ын гавьяат жүжигчин А.Цэрэндэндэв-Юндэнд, ардын жүжигчин Д.Ичинхорлоо-  Нансалмаад, улсын гавьяат жүжигчин Б.Лувсан-Балганд, Т.Хандсүрэн Хоролмаад  жүжиглэжээ. “Учиртай гурван толгойн” зарим дуу  одоо хир ардын  дуу  болсон бөгөөд уг  дуурь нь хүнийг  дахин дахин  үзүүлэх чадалтай  бүтээл хэвээр үлдсэн  юм.

1951 онд “Учиртай  гурван толгойг”  БНМАУ-ын гавьяат   жүжигчин нэрт  найруулагч  С.Гэндэн  засварлан  найруулж  гол  дүр Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Л.Цогзолмаа,  Балганд Ц.Пүрэвдорж, Хоролмаад В.Сүрэнхорлоо  нар анх жүжиглэжээ. “Учиртай  гурван толгой” бол олон уран бүтээлчдийн чадал чансааг  шалгаж олон хүнийг  нэрд гаргасан билээ. Уг дуурьт Ц.Пүрэвдорж, В.Сүрэнхорлоо.  Долгоржав, Г.Дулмаа зэрэг хүмүүс олон удаа  тоглосны дотор дуучин Ц.Дагванамдаг 900 гаруй  удаа  Юндэнд жүжиглээд одоогийн шинэчлэгдсэн  Юндэнд жүжиглэж байна.

Одоогийн шинэчлэн найруулсан “Учиртай  гурван толгойг “ үзэхэд олон шинэ сайхан зүйл харагдлаа. Юуны өмнө   тайз чимэглэлийн тухай ярихгүй өнгөрч  болохгүй. БНМАУ-ын  ардын зураач төрийн шагналт  Л.Гаваа  монгол зураг  , гэрэл сүүдрийн хослолыг чамин тааруулж  сонин  тайз бүтээсэн байна.

Ардын жүжигчин, төрийн хошой  шагналт Б.Дамдинсүрэн орчин үеийн монгол дуурийн шинж бүхий  сонсохуяа  эвтэй  аялгуу  хийсэн нь  тайз, хувцас лугаа  ихэд тохирчээ.  Удиртгал хөгжмөөс  өгсүүлээд  ардын дууны  уян яруу  аялгуу  эгшиглэж,  улмаар  найр наадмын түрлэг  дуу, бяцхан  түгшүүр   дуулдан байна. Уг дуурийн  үйл явдалтай  хөгжмийн  найрууламж  сайн уялджээ.  Найрын дуунд түрлэг,  бүүвэйн  дунд  хоолой  ялгаа,  бүжиг болон Балганы  хоёр , гуравдугаар дууг  анд явж  байгаа  аялгуугаас  өөрчилсөн  нь  их сайн  болжээ.

    Ер нь найрал дуунд олон хоолойн ялгамжийг сайн гаргасан явдал БНМАУ-ын гавьяат жүжигчин Х.Доёддоржийн  зүтгэл  бүтээлтэй  холбоотой.  Бүжгүүдийн хэмнэл, үндэсний  шинж  сонирхолтой болсон нь бүжиг дэглэгч  Б.Гүрбазарын  зүтгэл бүтээлтэй  холбоотой. Уг дуурийг  залуу  удирдаачид удирдаж,  Нансалмаа, Хоролмаа, Балган  зэрэгт залуу  жүжигчид тоглож  байгаа  нь  улсын дуурь бүжгийн  театрын ахмад зүтгэлтэн. Ардын жүжигчин Ж.Чулуун,  урлагийн гавьяат зүтгэлтэн Д.ЛхасҮрэн  нарын  санаачлага  гэж  үзэх үндэстэй  байна. Ерөнхий  найруулагч  Л.Лхасүрэн уран сайхны удирдагч Ж.Чулуун найрал  дууны  багш Г.Дарамзагд болон  найруулагчид тайзны  ажилчин, хувцас гэрлийн хүмүүс  багагүй   чармайлт гаргасныг цохон тэмдэглэлтэй.

    “Учиртай  гурван толгойг”  шинээр тавьсан  найруулга үндэсний  хэлбэр, бодит  байдал,  ардач  агуулга, уран сайхны  найрамж, хөгжим,  дуу, бүжиг  жүжиглэлийн  цогцолбороороо монгол  дуурийн шинжийг  хадгалж  чадсан  байна.
    Сайн уран бүтээлчдийн  туурвил дахин  дахин засагдсаар  мөнхийн бүтээл болдог  тавилантай  ажээ.   

 

Холбоотой нийтлэл