Э.ОЮУН:
Д.НАЦАГДОРЖИЙН ЖҮЖГИЙН ЗОХИОЛЫН ЗӨРЧЛИЙН АСУУДАЛД
Ямарваа жүжгийн зохиол нь юуны түрүүнд сэдэв , драмын зөрчил, зохиомж, сөргөл ялгаа /контраст/ бүхий дүр хүмүүс тэдний сэтгэхүй, хоорондын ярианаас үүсэх үйл хөдлөлөөр бүх зүйлээ гаргадаг ажээ. Зохиолд орох хүмүүс, тэдний яриа үйлдэл, зөрчилдөх, эвлэрэх, хэсгүүдийг тодорхой журам, дэс дараатай байрлуулан, дүрүүдийн нэгдэл, зөрчлийг зөв хэмжээлэн бүрдүүлж баймааж сая хүмүүст зохиолынхоо санааг ойлгуулдаг байна. Бас зохиолч, өөрийн хэлэх гэснээ уншигч, үзэгчдэд бүрэн хүргэхийн тулд зохиолынхоо доторх хүмүүсийн ааш, төрж байдал, амьдралын үзэгдэл, юмсын ойлголтыг бие биеэс нь онцлон гаргаж, эрс тэсээр, сөргөл ялгаагаар үзүүлдэг нь уран сайхны арга юм.
Жүжгийн зохиолын хоорондын яриа /диалог / нь дор бүрдээ нийцсэн байхаас гадна мөн өөр хоорондоо байнгын зөрчилд хөгждөг. Эс тийм бол юугаа ярьж, юуны учрыг олох гэж үг урсгаж байх билээ. Амьдрал тэр чигээрээ зөрчил, тэмцэл. Зөрчил, бэрхшээл тэмцэлгүй бол амьдрал урагшлахгүй. Маргаан дунд үнэн үүснэ гэсэн мэргэн үг байдаг.
Манай социалист нийгэмд антагонист зөрчил үгүй боловч амьдралыг хуучин, шинэ үзлээр үзэх үзлийн зөрчил, хувь хүн өөрийн дотоод зөрчил, хүн байгалийн зөрчил зэрэг тоо томшгүй том жижиг зөрчлүүдийг даван туулж бурууг таягдан, зөвийг тунгаан ухамсарлаж амьдралыг урагш нь ахиулж байгаа билээ. Зөрчил , бэрхшээл дунд явж түүнийг туулан давж гэмээ нь жинхэнэ хүн төлөвшин, амьдралын нарийн бчрыг ойлгон, юуг дэмжин тэтгэхэд оролцох, юуг жигшин арилгахад хүчээ зориулахыг ухамсарлан мэдэж, амьдралын туршлагатай болж, амьдралыг өөрчлөн хувиргах материаллаг хүчин болдог ажээ.
Утга зохиол, түүний дотроос жүжгийн зохиолыг амьдралын сурах бичиг, хүн судлал, нийгэм судлал гэж эрдэмтэн мэргэд тодорхойлсон байдаг нь жирийн хэрэг биш.
Драмын /жүжгийн/ зохиолын дүрүүд нь тэднийг нэгтгэсэн амьдралын нэг гол зөрчлөөр санаагаа илэрхийлдэг бөгөөд энэ зөрчлийг шийдвэрлэхэд зохиол доторхи бүх хүний зан төрх, хүсэл эрмэлзлэл нь харилцан яриа, бие сэтгэхүйн хурц үйлдлээр тодорч үзэгчдэд нөлөөлөхдөө утга зохиолын бусад төрлөөс хурч байдаг бол уу гэж бичсэн зүйл цөөнгүй тохиолддог. Үнэндээ жүжгийн зохиол нь тайзан дээр жүжигчид тоглоход зориулагдсан утга зохиолын өвөрмөц төрөл билээ. Зөвлөлтийн нэрт зохиолч Паустовский “Жүжгийн зохиолыг би унших дургүй, харин тайзан дээр үзэх дуртай” гэсэн нь жүжгийн сэтгэл нөлөөллийн өвөрмөцийг тодотгож байна.
Манай их зохиолч Д.Нацагдорж бол утга зохиолын өвөрмөц нэг төрөл болох жүжгийн зохиол туурвидаг байсан нь түүний уран бүтээлийн хөдөлмөрийн цар хүрээ маш өргөн байсныг гэрчилж, хүний сайн хүслэнд хэмжээгүй, түүнийг биелүүлэхэд хүний зориг, хичээнгүй ажил шийдвэрлэдгийг бидэнд харуулж байна. Жүжгийн зохиол нь сэтгэлийн яруу драм, сүрлэг жавхлант драм, инээдмийн, улс төрийн, шог шүүмжлэлийн зэрэг олон янз байдгийн дотроос Нацагдорж нь сэтгэлийн яруу, дуут жүжиг “Учиртай гурван толгой” улс төрийн /Монгол ардын суут” хэмээх жүжиг, “Их авхай” хэмээх хөгжимт драм, “Би биш” хэмээх хөгжимт хошин жижиг, мөн “Нуугдсан эрдэнэ” зэрэг ухуулгын төрөл жүжгүүд бүтээснийг авч үзэхэд бас жүжгийн зохиолын төрөл бүрээс бичиж оролцож байсан нь түүний мэдлэг, боловсрол, эзэмшихийн төлөө чармайж байсны гэрч, түүнийгээ биелүүлж чадсаны баталгаа юм.
Эдгээр жүжигт зохиомж, зангилгаа, үйл хэргийн явц туйл, үйл явдлын үргэлжлэл, тайлал, дүрүүдийн хувиарлал, тэдгээрийн үг, үйл явдал тус бүрийн онцгой дүрслэл, зөрчлийн диалектик хурцдал, буурал зэрэг драмын зохиолын гол цогц бүрдэл гойд тодорхой туссан байдаг байна.
“Учиртай гурван толгой” яруу дуут жүжгийн зөрчлийг ажиглахад хүн бүрийн дээд хүслэн, амьдралын ойлголтын зөрчлөөс эхлээд яв явсаар тэр нь феодалын монголын дарлагч, дарлагдагч хоёр анги хоорондын тэмцэл болон хувирч зохиолын зөрчлийг болон дүрүүдийн ухамсрыг диалектик хөгжлөөр үзүүлсэн нь драмын зохиолын чанарын гол үзүүлэлт мөн байна. Эхлээд Юндэн, Нансалмаа хоёр байгалийн гоо үзэмжийг баясан харж хоёр сэтгэл бие биедээ татагдан хайрын сайхныг амсаж байгаагаа ярилцан ярилцсаар хоёр сэтгэл шийдэж Юндэн хот хүрээ орж хуримын юмаа төхөөрөхөөр явж байгаа нь тайван, намуун эхлэл боловч Нансалмаагийн хурдан ирээрэй, хагацахад хэцүү байна гэх зэрэг үгнүүд түгшүүрийн эхлэл өгч байгаа нь үл мэдэгдэм байх нь тун нарийн ур чадвар байх юм.
Юндэнг гаргаж өгөөд байтал Балган ноён, дагуул хиа нарын хамт гарч ирэн Нансалмаагийн гоо үзэсгэлэнд шунаглаж, улмаар ноёлогч ангийн хүчээр түрээ барин халдах хэсэгт энэ хоёр хувь хүний хайр сэтгэлийн тухай ойлголтын зөрчил үүсч мөн тэр дороо оргилдоо хүрч байна.
Нансалмаа: Эрэлхэг баатрыг чинь үзвэл
Эрхэм дээд хүн шиг
Ичгүүргүй аашийг чинь харвал
Эргүү мунхаг адгуус шиг
Чамаас би айж байна
Тавьж хурдан явуул
Балган: Ахныхаа гарын дор чи
Оготно хулганатай адилхан
Ангүй өнөө явсан биш
Аваад чамайг явна даа
Эвээр эс болбол
Эзний зарлигт хүргэнэ дээ
Нансалмаа: Хүний арьсыг нөмөрсөн
Хээрийн галзуу чоно чи
Хүзүү толгой үргэлж байхад
Чи намайг боолчлохгүй
Омог зан чинь хэцүү ч
Ойртуулж чамайг чадахгүй
Хэлэлцээ сүйтэй нөхөр бий
Чиний чадал их ч
Миний зориг хатуу
гэж байгаа нь амьдралыг ойлгож байгаа энэ хоёр хүний үзэл, бууж өгшгүй хатуужил яг тэнцүүгээр харагдана. Тэгэхдээ энэ хэсэгт Нансалмаагийн өөрийгөө хамгаалахын төлөө тэмцэж байгаа нь бадаг бүрт хурцдаж, феодалын үед дээд ноёны үгийг сөргөж ийнхүү хэлдэг бүсгүйн гойд зоригийг илтгэж байна. Цаашаа мөн энэ хэсэг дотроо амьдралыг дээрх хоёроос өөрөөр үздэг боловч бас л зоримог хүүхэн Хоролмаа ирж, Нансалмааг:
Өөрийн эрээ явуулаад
Хүний эрийг эргүүлж явна уу?
Ичгүүр сонжуураа алдсан
Яасан муухай амьтан бэ?
гэхэд Нансалмаа өөрийн хайр сэтгэлийн эсрэг байгаачуудын арга залийг зөрчил дундаас ухааран эхэлж:
Баавгай гөрөөс шиг Балган
Балмад хүүхэн та хоёр
Ариун нэрийг минь бузарлаж
Алд биеийг минь зовоож байна
Үхэвч журамтай үхнэ
гэж байгаа нь энэ нийгмийн амьдралын тогтоц бүхэнтэй Нансалмаагийн бодол үзэл улам зөрчилд орж байгаа нь харагдана.
Үүгээр би юу хэлэх гэж байна вэ гэвэл Нацагдоржийн жүжгийн зөрчлийн асуудал тун нарийн тавигддаг нь амьдралын бодит байдалтай яг нийцдэг. “Учиртай гурван толгой”-д хувь хүмүүсийн санал нийлэхгүй жижиг зөрчлөөс эхлээд яв явсаар нийгмийн хоёр ангийн хоорондын эрс тэс аль аль нь хэн хэндээ бууж өгөшгүй зөрчил болоод “Учиртай гурван толгойн” хувьд харгис дарлагч ноёны гарт амь үрэгдсэн Юндэнгээ үзүүт Нансалмаа хүүхэн өөрөө өөрийгөө хороож байгаа нь харгис бурангуйд бууж өгөхгүйгээ, тухайн нөхцөлд өөр яах ч аргагүй чин зоригоо харуулсан явдал хүний сэтгэл хөдлөл, үнэнч ариуныг хамгаалснаараа , тэгш биш харьцаат нийгэмд ял тулган амиа өгч байгаа их хэмжээгээрээ, ер В.Шекспирийн “Ромео Джульетта хоёр “ буюу Узбекийн -Фархад Ширин хоёр” зэрэг жүжгийн аугаа зөрчлийн шийдвэрлэлтэй адилтгах зүйл юм. Энэ нь жүжгийн зохиолын зөрчил жижгээс том руу, хувийнхаас нийгэмд буюу антагонист зөрчилгүй байдалд бол нийгэм, нийт олны үндэслэлтэй хувь хүн хамт олон, гэр бүл хоорондын, хуучин үе, шинэ үеийн бодол санаа, амьдралын янз маяг, ёс суртхууны ажил хөдөлмөрийн хуучин, шинэ аргын, хот хөдөөгийн гэх зэрэг зөрчлүүд олон олноороо байдгийг тодорхой харуулж байна.
Тэгэхдээ зөрчил гэдэг нь хашгирч гуугалсан хүмүүсийн бужигнаан сандраан биш, сэтгэл санааны гүнд орших хямрал, маргаан үзэл бодлын том зөрөөн зэрэгт маш нарийн илэрч гардаг хоёр анги, нийгмийн том тэмцэл байдгийг Нацагдорж магад сайн судалж зөрчлийн эхлэл, өрнөлт хэсэг бүрт диалектик хувирал өөрчлөлтөнд ордгийгч үнэнхүү гаргасан байдаг. Зөрчлийн туйл, эцэст нь тайлал байдаг зэргийг их зохиолч маань онолын ёсоор хийдэг байв. Жишээ нь “Их авхай” зохиолд Оюунчимэг хүүхэн золигт гарахдаа юү ч мэдэлгүй явсан бол харийн нутагт цөлөгдсөн хойноо хичнээн гамшиг зовлон үзсэн ч данжаад хятадын эхнэр болохгүй гэж зөрчилдөн мөн эмчийн газар очоод ч улам хатуу, бэрх зөрчилд орж тэмцлийн замд шилжээд хүний нутагт дэмжих дэмжлэггүй, бүсгүй хүн тэр бүдүүлэг үед төдий их тэмцэл хийсээр мөн эх орноосоо, эцэг эхээсээ хайрт хүнээсээ салсан зэрэг гэнэт олон давхар зовлонд учирснаас балмагдан эрүүл мэдрэл алдахад хүрснээр үзүүлж харин эх орныхоо хязгаарт ирмэгц хайрт хүн Амгаасэдийн нэрийг хэлж байгаа нь одоо ухаан санаа нь сэргэх нь гэдэг ойлголт өгч жүжгээ төгсгөж байна.Бас уул жүжгээ зөрчил, тэмцлийн хувьд ангич, интернационалч чанарыг нь өндөрт өргөсөн байдаг юм. Үүнд ядуу халх бүсгүй Оюунчимэгт учирсан зовлонд хятад нутагт хэн туслав гэвэл жирийн ядуу тариачин иргэн хүмүүс тусалж хил хязгаарт нь хүргэж өгч байгаагаар тодорхойлсон байна.
Д.Нацагдорж нь жүжгийн зөрчлийг маш нарийн ухаалаг хөтлөн явуулж эцсийн дүнд юу болох нь урьдаас таагдаж мэдэгдэхгүй, үзэгчдийг “Одоо юү болдог бол” гэж бодуулан сонирхуулсаар байгаад төгсдөг нь үнэхээр бахдалтай жүжгийн зохиолын гол увидсыг олсон байдаг юм. Үүгээрээ хүний сэтгэлд харван нөлөөлөх чадлаараа ч их ажээ.
Мөнхүү жүжгүүдэд феодалын үед хэд хэдэн давхар дарлалд нухлагдаж байсан эрийн зарц, босгоны боол бүсгүйчүүдийн дүрийг гарган, давж туулахад бэрхтэй зөрчилд оруулж түүнийг зориг зүрхээр нь ялуулан гаргаж төгсгөж байсан явдал 1920-40-өөд онд эмэгтэйчүүдийн идэвхийг сэргээн улс эх орноо хөгжүүлэх нийгмийн тустай ажилд оруулах намын том зорилгыг биелүүлэхэд тусгай ухуулга болж байсан нь дамжиггүй юм.
Жүжгийн зохиолын зөрчлийн асуудлыг жүжигт гарч байгаа хүмүүс хэрхэн яаж үзэж , амьдралынхаа зам мөрийг түүнээс болж яаж шийдвэрлэж байгаагаас үзэгч олон ертөнцийн учир утгыг ойлгох, зөрчлийн хурц болон цаг үеэ олсноос жүжгийн олонд нөлөөлөх чадал улам гүнзгий болдгоороо жүжиг нь хүний амьдралыг өөрчлөн хувиргах материаллаг хүчин болдог билээ. Үүнд бас уул жүжгийг нарийн ойлгон, улс төр, ёс суртхууны нь зөрчил, тэмцлийг зөв нээж, тавих найруулагч, хөгжим, тайз , заслалыг нь урлан бүтээх хөгжмийн зохиолч, зураачдаас шалтгаалах нь зүйн хэрэг ээ.
МАХН-аас уран бүтээлийн хүмүүст гүнзгий нөлөөлөх чадварыг улам чанаржуулах тухай заалт нь жүжгийн зохиолын үзэл санааг өндөржүүлэн зөрчлийг зөв олж сайтар хурц гаргах, түүгээр нь олонд нөлөөлөх чадлыг гүнзгийрүүлэх гэсэн үг юм. Үүнийг бид их зохиолч Нацагдоржийн өв уламжлалаас, түүний жүжгийн зохиолыг задлан шинжилж судалснаар ихийг сурах ёстой болж байна. Зохиолч Нацагдоржийн маань аль ч зохиолын гайхамшиг нь зохиолыг нь унших тоолонд шинэ туршлага, урд ойлгогдоогүй сургамжтай тал байн байн гарч ирдэгт оршдог шүү дээ.
Д.Нацагдоржийн жүжгийн зохиолын зөрчлийн асуудлыг энэхэн зүйлээр гүн мэдэж гаргах боломж даанч үгүй, том асуудал учир, утга зохиол, урлаг судлагч манай эрдэмтэн , мэргэд уул зүйлийг тусгайлан судалж жүжгийн зохиолчид, урлагийн ажилтнуудад ажил хэргийн холбогдолтой гарын авлага хэвлэх цаг нэгэнт болжээ.
Холбоотой нийтлэл
Д.НАМДАГ: УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ
2020-12-05
“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” УЧИРТАЙ
2020-11-12