Б.МӨНГӨНХӨЛӨГ
“УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ” УЧИРТАЙ
Монголын орчин үеийн уран зохиол, театрын урлагийн түүхэнд цоо шинэ үеийг нээсэн төдийгүй үндэсний дуурийн хөгжих үндэс болсон томоохон туурвил бол их зохиолч Д.Нацагдоржийн 1934 онд бичиж тайзнаа амилуулсан “Учиртай гурван толгой” хэмээх дуулалт жүжиг билээ. Энэ бүтээлийн тухай тухайн үеийн соёл урлагийн нэрт зүтгэлтэн Ишдорж:
Хятад ба Европын дууриудаас тэс өөр, өөрийн орны байдалд тохиролтой шинэ хэлбэр эрэлхийлсэн /Д.Намдаг “Шинэ монголын шинэ театр/ УБ 1988 64-р тал/ гэж өндөр үнэлж байжээ.
“Учиртай гурван толгой” жүжгийн судлалд юу юунаас илүүтэй анхаарал татаж ирсэн асуудал бол зохиолын нэрийн тухай асуудал юм. Энэ талаарх судлаачдын санал үндсэндээ хоёр бүлэгт хуваагддаг . Үүнд:
1.Зохиолыг сэдэвлэн бичсэн уг сурвалж жүжгийн тайз заслалыг гол болгон тайлбарлах нь бий. Зохиолч Д.Намдаг агсан дурдатгалдаа “ Их зохиолч амьд сэрүүн байхдаа “Үйлийн гурван толгой” гэдэг Халхад алдаршсан сайхан эр Юндэнгийн тухай ардын домогт харилцаа дууны өгүүлэмжид тулгуурлан эмгэнэлт жүжиг бичих бодолтой гэж ярьж байсан ба удалгүй “Учиртай гурван толгой”-гоо бичсэн /Шинэ монголын шинэ театр/ гэжээ.
Дээр дурдагдсан домогт Бал гүн, Юндэн, Сийриймаа гурвын гунигт хувь тавиланг өгүүлсэн бол “Юндэн” гөөгөө “ харилцаа дуунд Юндэн, Сийриймаа, Сэргүүмаа гэсэн өөр гурван хүний харилцаа гардаг.
Жишээ нь: Цагаан торгон цамцыг байсаар байтал
Цагаан чисчүү цамцаар юугаа хийх вэ ? хө
Царайлаг Сийриймаагаа байсаар байтал
Царай муутай Сэргүүмаагаар юугаа хийх вэ хө
/МААЗ-ын дээж бичиг/
Домгийн өгүүлэмжээс үндэслэн Нацагдорж зохиолынхоо тайз заслалыг бодож олсон бололтой. Жүжгийн эхэнд: Баруун талд модтой бэрх уул, зүүн талд хадтай уудам уул, ар талд нэг урт уул байх бөгөөд Юндэн зүүн уул өөд, Нансалмаа баруун уул уруу хандан дуулахын зэрэгцээ Балган дунд урт уулаас бууж ирж /ан хийж яваад/ Нансалмаатай учирдаг. Зарим судлаачид /К.Н.Яцковская Д.Намдаг нар/ жүжгийн нэрийн энэ гурван уултай холбон үзсэн байна.
Зохиолын цаашдын үйл явдлын өрнөлтийг ажиглавал гурван уулын дүрслэл төдийлөн ач холбогдолгүй болдог. Тухайлбал: Балган Нансалмааг зүүн уул уруу чирч явдаг бол Хоролмаа үргэлж зүүн уулнаас бууж ирдэг. Юндэн баруун уул уруу аянд явах боловч эргэж ирэхдээ хойд уулнаас ирдэг билээ. Үүнээс үзвэл дүрүүдийн хувьд гурван уулын байрлал онц чухал биш ажээ.
2.Олонх судлаачид зохиолын нэрийг гол дүрүүдтэй холбон үздэг нь бас л зөрчилтэй байна.
Жүжигт Юндэн:
Хоёр хүн нийлсэн сэн
Дөрвөн хүн болов…. Гэж дуулдагаас үзвэл зохиолд гурав биш дөрвөн дүрийн зөрчил гарч байна. Ийнхүү “Учиртай гурав нь” хэн хэн нь бэ? Гэсэн асуудал зүй ёсоор гарч ирэхэд олонх нь Юндэн, Нансалмаа, Балган гурвыг хамааруулж байв. Энэ тохиолдолд зохиолын хамгийн сонирхолтой дүр болох Хоролмаагийн дүр бүдгэрч орхигдоход хүрдэг.
Ялангуяа 1943 онд ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн агсан уг зохиолыг дуурийн цомнол болгож бичихдээ зохиолын өгүүлэгдэхүүн, гол зөрчил, дүрүүдийг ангийн чанартай болгон өөрчилсөн нь /дуулалт жүжгийг үндэсний дуурь болгосон гавьяаг нь үгүйсгэх аргагүй дэвшил ч гэсэн / асуудлыг улам бүрхэгдүүлж, ингэснээрээ харин ч хялбархан шийдвэрлэх бололцоо олгожээ. Судлаач Б.Содном:
-Юндэн, Нансалмаа, Балган гурвын дүрээр эсрэг тэсрэг ангийг төлөөлүүлсэн тул “Учиртай гурван толгой” болж байгаа юм. Харин Хоролмаа угаасаа харц ардын хүн байвч өөрийн ашиг сонирхлын үүднээс хоёр ангийн төлөөлөгчдийн аль алинд нь адилхан үйлчилж буй тогтворгүй хүн бөгөөд энэ гурвын дагуул замын хань учир Нацагдорж “гурвын” тоондоо оруулсангүй…./Б.Содном “Д.Нацагдоржийн намтар зохиол” УБ 1966 хуудас 231/ гэж бичжээ.
Эрдэмтэн зохиолч Э.Оюун “Д.Нацагдоржийн жүжгийн зохиолын зөрчлийн асуудалд /”Д.Нацагдоржийн уран бүтээлийн тухай” УБ .1978. 48-р тал/ өгүүлэлдээ : Зохиолын зөрчлийг мөн адил ангийн тэмцлийн утгаар тайлбарласан байна.
Хэрэв уг асуудлыг тийнхүү ангийн утгаар нарийвчлан үзвэл Юндэн Нансалмаа хоёр ч нэг л ангийн төлөөлөгч учир зохиол нь хоёр ангийн эвлэршгүй зөрчлийг харуулахад хүрч ямар нэг гурвалжин холбооны тухайд нэртэй холбон үзэх үндэсгүй болж ирнэ. Ерөөс их зохиолч бүтээлийнхээ нэрэнд гойд анхаардаг байсан нь олон зохиолоос нь харагддаг билээ. Жишээ нь:
“Залуу нас цэцгийн адил”, “Эрүүл явбал улсын наадам үзнэ”, “Өлзийт өвчин”, “Хуучин хүү”, “Цагаан сар ба хар нулимс”, “үзэгдээгүй юм” гэх мэт.
Зохиолын өгүүлэмж, гол зөрчил, дүрүүдийн холбоо хамаарлыг сонирхвол зохиогч “Учиртай гурван толгой” нэрийг их л бодож өгсөн учиртай нэр мэт. Жүжгийн хуурчийн шүлэгт:
Хос хоёр амраг зайгүй ч
Гурвалжин болдог нь будлиантай
Янагийн үлгэр гэгч
Ингэж эхэлдэг ажээ./ “Түүвэр зохиол” УБ 1961 он 307-р тал/
“Монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд тэмдэглэхдээ “Зохиолч энэхүү бүтээлдээ дэлхийн утга зохиолын түгээмэл зохиомж - гурвалжны харьцаагаар өгүүлэмжийн эрчимтэй өрнөлд баатруудын зан төрхийг төлөвшүүлэн сэтгэлийн хувирал хөдөлгөөнийг уран дүрсэлсэн юм” / 1 боть , УБ, 1985 . 125-р тал/ гэжээ.
Ер нь сонгодог уран зохиолын түүхэнд хайр сэтгэл, янаг амрагийн сэдэвт зохиолд олонх тохиолдолд энэхүү гурвалжин холбоог дүрсэлсэн байдаг. Жишээ нь: Эсхилийн “Орест”, Еврипилийн “Медея”, В.Шексперийн “Отелло”, П.Бомаршегийн “Севилийн үсчин”, И.Гёте “Залуу Вертерийн шаналан”, В.Гюго “Парисийн дарь эхийн сүм” , Г.Флобер “Бовари хатагтай”,” А.С.Пушкин “Евгений Онегин”, Л.Толстой “Анна Каренина”, М.А.Шолохов “Дөлгөөн дон” Г.Г.Маркес “Зуун жилийн ганцаардал” гэх мэт.
Зохиолд дөрвөн гол баатрын үйлдэл гардаг атал яагаад учиртай гурав болов гэдэгт логик дүгнэлт хийхийг оролдьё.
1.Юндэн Нансалмаад хайртай.
Балган түүний эсрэг дүр
2.Нансалмаа Юндэнд хайртай
Хоролмаа түүний эсрэг дүр
3.Хоролмаа Юндэнд хайртай
Нансалмаа түүний өрсөлдөгч
4.Балган Нансалмаад санаархдаг
Юндэн түүний өрсөлдөгч
Зохиолд гарч буй дүр тус бүр дор хаяад хоёр дүртэй эерэг буюу эсрэг харилцаатай байна.
Энэ дөрвийн холбоо хамаарлыг хийсвэрлэн зургаар илэрхийлбэл:
Зураг…..
Дөрвөн өнцөгт пирамидаас үзвэл Д.Нацагдорж хайрын гурвалжнаас хэнийг нь ч хассангүй. “Учиртай гурван толгой” хэмээх нэрийн цаана дөрвөн хүн, дөрвөн гурвалжин, дөрвөн хувь заяаг нэгэн гурвалжинд багтаажээ гэж хэлж болмоор. Энэ бол их зохиолчийн уран сэтгэмж. “Учиртай гурван толгой” учиртай ажээ.