logo
logo

БИ БОЛ САЙН ДУРААРАА ДАЛАЙ ЛАМ БОЛООГҮЙ

Сурвалжлагч: Та ер нь уурлаж байсан уу?
Далай Лам: Мэдээж тэгэлгүй яахав. Би бол хүн төрөлтөн. Хүн уур хилэнгээ гаргахгүй байвал ямар нэгэн юм хэвийн биш байна гэсэн үг. Тархиндаа өөрчлөлттэй гэж ойлгоно.  (Инээв)
Сурвалжлагч: Дэлхий дээр маш олон муу муухай зүйл болж байхад та яаж ийм өөдрөг, сайхан сэтгэлтэй байж байна вэ?
Далай Лам: Би ямар нэгэн үйл явдлыг маш өргөн олон талаас нь хардаг. Өдөр бүр хаа сайгүй алаан хядаан, дээрэм , хүндрэлтэй асуудлууд гарч байна. Гэвч та бүх дэлхийг иймээр төсөөлж байгаа бол буруу бодож байна. Энэ дэлхийн 6 тэрбум хүнээс муу үйл үйлдэгч нь  гарын алганд багтахаар цөөхөн байдаг.
Сурвалжлагч: Таныг анх Далай Лам болоход таны үүрэг хэрхэн өөрчлөгдсөн бэ?
Далай Лам: Би бол сайн дураараа Далай Лам болоогүй. Би хүссэн ч хүсээгүй ч энэ том буддын их сургуульд энгийн шавь лам нарын нэгэн адил буддын философийг судлах ёстой байсан. Гэвч надад үүрэг хариуцлага байгааг би мэдэрсэн. Хаана шаардлага гарч байна тэнд илүү үйлчлэх боломж байна гэсэн үг. Гэвч энэ нь заримдаа хүнд байдаг.
Сурвалжлагч: Та ер нь Хятадын засгийн газартай эвлэрэх боломж байна гэж боддог уу?
Далай Лам: Тиймээ. Боломж бий. Гэвч надад тохиолдож өнгөрсөн бүхнээс харахад энэ нь амаргүй байна байх гэж бодож байна. Хатуу чиг шугам баримтлагчид ихэнхдээ алсын хараа муутай байдаг. Тэд юмыг нэгдмэл аргаар бүхэлд нь харж чаддаггүй. Гэвч БНХАУ гадаад ертөнцтэй маш өргөн холбоо тогтоож байна. Гэсэн хэдийч олон хүмүүс тэр дундаа оюуны хөдөлмөр эрхэлдэг сэхээтэн хүмүүс сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байна. Ирээдүйд бүх зүйл өөрчлөгдөх болно.
Сурвалжлагч: Бид хүүхдүүддээ уургүй байх талаар хэрхэн заах вэ?
Далай Лам: Хүүхдүүд байнга өөрийн эцэг эхээ харж дуурайж байдаг. Тиймээс эцэг эхчүүд нь тайван байх хэрэгтэй. Та хүүхэддээ бид маш олон асуудалтай тулгардаг боловч маш тайван ухаанаар асуудалд хандах хэрэгтэй гэж сургах хэрэгтэй. Бид уураг тархиныхаа хөгжилд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэвч өгөөмөр сайхан сэтгэлийг бид батлан харуулдаг гэсэн орчин үеийн боловсролын системийн үзэл бодол надад байдаг.
Сурвалжлагч: Та Далай Лам байхаас илүү энгийн хүн байсан бол гэж бодож үзсэн үү?

Далай Лам: Тиймээ. Залуу байхдаа боддог байлаа. “Өө ямар их дарамт вэ. Би зүгээр энгийн Төвд хүн байсан бол илүү их эрх чөлөөтэй байх байсан даа” гэж бодож байсан. Гэвч дараа нь би миний энэ байр суурь бол бусдад хэрэгтэй зүйл юм гэдгийг ухаарсан. Харин одоо бол би Далай Лам болсноороо маш их аз жаргалтай байдаг. Өөрийгөө ямар нэгэн онцгой өвөрмөц хүн гэж боддоггүй. Бид бүгдээрээ ижилхэн хүмүүс.
Сурвалжлагч: Та Төвдийг санаж үгүйлдэг үү?
Далай Лам: Тиймээ. Төвдийн соёл бол зөвхөн эртнийх төдийгүй өнөө цагийн дэлхий ертөнцтэй ч холбоотой. Хүчирхийлэлтэй асуудлуудыг харсны дараа Төвдийн соёл ямар нигүүлсэнгүй, хүчирхийлэлгүй болохыг бид мэдэрч байдаг. Мөн Энэтхэгийн борооны улирлаар энд маш чийглэг байдаг. Энэ үед би Төвдийг маш их санадаг.
Сурвалжлагч: Та шашныг ямар нэгэн хүчирхийлэх, хүн алах шалтгаан болгон ашигладаг хүмүүст юу гэж хэлэх вэ?
Далай Лам: Өөр хүсэл сонирхолтой хүмүүст мэхлэгдсэн  гэм буруугүй, шударга хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн сонирхол нь шашин бус харин эрх мэдэл, мөнгө байдаг. Эдгээр хүмүүс шашны сүсэг бишрэлийн аргаар залилж мэхэлдэг. Ийм тохиолдолд бид шашнаас шалтгаалаагүй зүйл гэдгийг ялгаж харах хэрэгтэй.
Сурвалжлагч: Та ер нь өмд өмсөж байсан уу?
Далай Лам: 1959 онд намайг оргож байх үед маш хүйтэн байсан. Тэр үед би энгийн хүмүүсийн адил өмд өмсөж байсан.
Сурвалжлагч: Таны энэ ертөнцөд байх цаг үед та амжилттай байсан гэж бодож байна уу?
Далай Лам: Энэ бол харьцангуй ойлголт юм. Хэлэхэд хэцүү. Бүх л хүмүүс алдаатай, бас оноотой байдаг.

Тайм сэтгүүл.