Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой авдаггүй төртэй байхыг хүснэ
Ц.Хулан
Мөсөн унжлага, мэлмэрээ нүд шиг усан дуслаа урсгаад, хааяа ганц нэг нь ховхрон унаж тас няс хийх ахуйд сүрэг алаг туу уриныг дуудан сүргээрээ нисэлдэн ирэх хавар цаг. Алаг цоохор хайлмаг цасан хөрсний шим болохоор яарснаас болж хаа газар шавар шавхай тогтоно. Тийм нэг бүхий л зүйлсийн цаг хугацаа нь зохилдсон хаврын өдрүүд өнгөрөөд урин дулаан зуны эхэн сар ирэхэд өвс ногоо өнгө тунамал цухуйн ургаж орчлон ертөнцийн нэгээхэн амгалан сэрдэг ээ. Аяа бид байгалийн өмнө ямархан хүчин чадалтай сан билээ. Тэр тусмаа монгол хүн гэдэг дөрвөн цагийн хувьсалд аж ахуй, бие сэтгэл болоод бүхий л зүйлсээ дасган зохицуулсаар өдий хүрсэн нь бусад улс орон, үндэстнээс ялгардаг. Дөрвөн цагийн эрхэнд нүүж өвс, усны сайхныг даган нүүдэллэж ирсэн бидний цусанд байгальтай эсрэгцэх ямар ч шалтгаан үгүй мэт. Гэвч ... гэвч ... гэвч...
Хүн байгаль хоорондын холбоо зуунаас зуунд, жарнаас жаранд, жилээс жилд холдсоор л...
Иргэншлийн хамгийн том аюул нь байгалийн эсрэгцэлд хамаатах шиг. Угтаа хүн төрөлхтөн хөгжихийн тулд оршин буйн хамгийн том үнэд зүйл дээрээ гишгэсэн нь БАЙГАЛЬ юм. Харин байгаль дэлхий өөрийн хүчээрээ хариу үйлдэл үзүүлж буй. Энэ нь ямар нэгэн мухар сүсэг, үйлийн үртэй огтхон ч холбоогүй. Хүний буруутай үйлдэл нь байгаль экологийн тогтолцоог эвдэж түүнээс гарч буй хариу урвалд иргэд төр засгаа болон түмэн олон өвс, ургамлыг буруутгаад хор цацах, хадаж устгах болсон нь энгийн үйлдэл болоод уджээ.
Бид аялах дуртай. Суурин иргэншилд амьдарч сурсан ч дасаагүйн жишээг зун болмогц хөдөө гадаа хэрхэн хэсэгч олон монголчуудаас анзаарч болно. Ил сэдвийг сонгосон шалтгаан маань иргэд УРГАМЛЫН ХАРШИЛ –тай болсон нь тэгээд шарилж, зэрлэг ургамлын устгал гэж төр засгаас хүртэл хийх болсон мөн байгалийн тэнцвэртэй байдал хэрхэн алдагдаж, яг ямар замаар явсаар байгальтай ийнхүү тэрсэлдэж нэг нь амьд байх замыг сонгох болов гэдгийг илэрхийлэхийг зорилоо.
ТА УРГАМАЛД ХАЙРТАЙ ЮУ, УРГАМАЛ ТАНД ХАЙРТАЙ ЮУ?
Ургамал хувьссан уу? энэ асуулт уг нийтлэлийн маш чухал хэсэг нь юм. Ургамлын хувьсал нь ургамалд хамаарах биологийн болон гаднын нөлөөллийн хувьслын үзэгдлийн томоохон хэсэг байдаг. Ургамлын хувьслын үзэгдлүүд нь популяцийн дундаж үзүүлэлт, хүн амын дундаж үзүүлэлт, тархалт болон бусад статистикийн аргуудаар тодорхойлогддог шинж чанаруудтай. Энэ нь ургамлын хувьслыг хувь хүний амьдралд тохиолддог өөрчлөлтүүдтэй холбоотой хөгжлийн болон биологийн салбарт хамаатуулан ойлгох нь зүйтэй юм. Ургамлын хувьслын судалгаа нь байгаль экологи мөн хүний амьдралын цаг хугацааны туршид ургамлын өнөөгийн олон янз байдал хэрхэн үүссэнийг тайлбарлахыг оролддог. Үүнд удамшлын өөрчлөлт нь хүн төрөлхтний буруутай үйлдлээс үүдсэн нь их. Ургамал судлал гэж хичээл ордог байсныг уншигч та юу эсэх андах билээ. Хүн төрөлхтөн өөрсдийн ахуй хэрэглээнээс үүдэн тариалсан хүнсний ногоо болон жимс, жимсгэнийг ургуулж буй нь яг үнэндээ хэрэгцээний онолтой холбоотой болохоос биш байгалийн эко системтэй огтхон ч холбоогүй юм.
БАЙГАЛЬ БИДНИЙ ХАРШИЛ УУ? БИД БАЙГАЛИЙН ХАРШИЛ УУ?
21 дүгээр зууныг эрдэмтэд харшилын зуун гэж нэрийджээ. Учир нь энэ зуун гарснаас хойш харшлын өвчлөл ихэсч буйг “Old friends theory” буюу “Эртний нөхрөө алдах онол”-оор тайлбарласан нь бий. Хүний арьс, хамар, амны хөндий, хоол боловсруулах эрхтэн гээд салстын талаасаа ч гэсэн бичил биетүүдээр бүрхэгдсэн байдаг. Түүнийг нь микробиом гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл, хүний арьсан дээр маш олон төрлийн вирус, бактери, мөөгөнцөрийн халдварын хүчин зүйлүүд бий. Тэр хүчин зүйлүүд нь хүний биед тохирч, тэр бичил биетүүдэд хүн зохицсны үр дүнд эрүүл амьдардаг байх нь. Ингэж биологийн биетүүд харилцан зохицож амьдрахыг симбиоз гэж нэрлэдэг. Жишээ нь, хүний нарийн бүдүүн гэдсэнд хүнд ашигтай бифидобактер, лактобацилл зэрэг нянгууд байдаг. Тэр нянгууд хүний бие физиологид хэвийн үйл ажиллагаа явагдахад оролцож, тусалж байдаг. Гэтэл хүний биед ашигтай хэрэгтэй тэр нян, бактери, мөөгөнцөрийн тоо хэмжээ, харьцаа алдагдан микробиом нь өөрчлөгдөөд ирэх юм бол дисбиоз болж халдварын эсрэг дархлааны өөрчлөлт гарч ХАРШИЛ-аар өвчилж байна гэж тайлбарлах болсон.Хүний биеийн дархлааны тогтолцоо нь гадны янз бүрийн нөлөөллөөс биднийг хамгаалах үүрэгтэй. Идэвхтэй дархлааны тогтолцоо ажилснаар ХАРШИЛ гэх өвчний эхлэл бий болдог. Ургамлын харшлыг анагаах ухаанд “поллиноз” гэж нэрлэнэ. Энэ бол нилээд тархмал эмгэг бөгөөд ургамлын тоосонцроор үүсгэгддэг харшил юм. Манай дэлхий дээр хэдэн мянган зүйл ургамал ургадаг боловч ердөө л 50 гаруй зүйл нь энэхүү поллиноз өвчнийг үүсгэдэг гэнэ. Поллиноз нь харшлын эмгэгүүдийн дотор 25% орчмыг эзэлдэг ба голдуу 3-9 насанд эхлэн илэрнэ. Харшлын илрэл нь голчлон амьсгалын замын ба нүдний салст бүрхүүлд улирлын шинжтэйгээр жил бүр илэрч, ялангуяа харшлуулагч зүйл ургамал цэцэглэх, тоосоо гөвөх үеэр хурцаддаг. Энэ төрлийн харшилд удамшлын хүчин зүйл ихээхэн нөлөөтэй. Тэгэхээр иргэншлийн нөлөө нь бидний ургамлаас байгальтай ХАРШЛАХ эсрэгцлийг бий болгодог байх нь.
Дэлхийн өнцөг булан бүрт туйлын мөс хайлж, далайн түвшин нэмэгдэх зэрэг цаг уурын өөрчлөлт огцом мэдрэгдэх болсон энэ цаг үед эрдэмтэд цаашдаа ч цаг уур улам бүр эрчимтэй өөрчлөгдөх болно гэж таамаглал дэвшүүлж байгаа.
ЦӨЛЖИЛТ ба ХӨГЖИЛ
Desertification буюу "desert" "fication" гэдэг англи үгийг үг зүйн хувьд авч үзвэл цөл бий болгох гэсэн утга санааг илэрхийлдэг байна. Цөлжилт бол удаан хугацаагаар үргэлжлэх газар доройтох үйл явц, цөл бол энэ үйл явцын төгсгөлийн үе шат гэж үздэг. Цөлжилт нь байгалийн хүчин зүйл болон хүний үйл ажиллагааны олон талт нөлөөнөөс хамаардаг учир цөлжилтийн нийтлэг нэгдсэн тодорхойлолт гаргахад нилээд хүндрэлтэй юм.
Орчин үед Цөлжилттэй тэмцэх олон улсын конвенцээс гаргасан тодорхойлолтыг илүү баримтлах болжээ. Тус конвенцид зааснаар "Уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа хавсарсан олон янзын хүчин зүйлсийн нөлөөгөөр хуурай, заримдаг хуурай, хуурайвтар, чийг дутмаг нутаг оронд газар орчин доройтохыг цөлжилт гэнэ" гэж тодорхойлсон байдаг.
МОНГОЛ ОРНЫ ЦӨЛЖИЛТИЙН БАЙДАЛ 2020 ОНЫ БАЙДЛААР
Монгол орон газар зүйн байршил, эх газрын эрс тэс уур амьсгал зэргээс хамааран дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд эрчимтэй өртөөд байгаа 10 орны нэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулааны улирлын хур тунадасны хэмжээ ихээхэн буурч хуурайших, гандуу болох, цөлжих явц илүү ажиглагдаж байна. Сүүлийн 80 жилийн уур амьсгалын үндсэн үзүүлэлтийн ажиглалтаар Монгол орны хэмжээнд дундчилсан байдлаар жилийн агаарын температур 2.25 градусаар дулаарч, хур тунадасны хэмжээ 8 хувиар буураад байна (MARCC, 2014).
2020 оны байдлаар Монгол орны цөлжилтийн үнэлгээгээр нийт нутаг дэвсгэрийн 76.9% буюу 120.3 сая га талбай доройтсон. Үүнээс нэн хүчтэй 4.7%, хүчтэй 18.6%-ийг эзлэх ба засаг захиргааны нэгжийн хувьд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говь-сүмбэр, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв аймгийн нийт газар нутгийн 50-70% цөлжилт, газрын доройтолд өртсөн.
Жилээс жилд бид уудам сайхан эх нутгаа зугуухнаар элсний орон болж буйг мэдэхгүй ч үгүй магадгүй мэдэхийг ч хүсэхгүйгээр ургамлын ХАРШИЛ тайгаа тэмцсээр өнгөрөөж байх. Та бидний алхам тутамд хийх буруутай үйлдлүүд байгалийн эсрэг хэчнээн их хэмжээний хор хөнөөл авчирч болзошгүйг таашгүй. Энэ нь эргээд бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн гишгэх газар, харах тал хээр, харьцах ус мөрөн, амьсгалах агаар болно гэдгийг иргэн бүр ухамсарламаар.
Хаврын урин цагийг зууж ирэх шувуудтай зэрэгцэн үзүүртэй хүнд бетон зуусан барилгын кранууд энэ тэндээс нисэн ирнэ. Жилээс жилд, өдрөөс өдөрт, цагаас цагт иргэншлийн сүр хүчин байгалийн сүр хүчтэй уралдах шиг болно. Бид хөгжиж болно, гэвч байгаль тийм хөгжлийг хүсэхгүй. Тэр биднээс огтхон ч юуг ч хүсэхгүй.
ЦАРДМАЛ ЗАМЫН ЦУТГАМАЛ ХАШЛАГЫГ ДАРЖ ХУНГАРЛАСАН ЭЛСЭН ДЭЭР ХҮҮХДҮҮД ТОГЛОНО. ЦААНА НЬ ЗЭРЛЭГ УРГАМАЛ ҮНДСЭЭР НЬ ЗУЛГААЖ ЗОГСОО ЗЭРЛЭГ ХҮМҮҮС ҮЗЭГДЭНЭ.
СЭТГҮҮЛЧ Г.ХАШБААТАР