logo
logo
"Гүн утга" уран бүтээлийн нэгдэл

ЯРУУ НАЙРАГЧ Э.ҮНЭНБАТЫН ШҮЛГҮҮД...

I

Яг ноднингын өнгөтэй энэ өдрүүдийг ээ
Ямархан гуниглагч бурханы нулимсаар угаагдаа вэ?
Цонхны шилэн дээр амь тавин орилолдох борооны дуслууд
Салхины исгэрээтэй хоршин шаналлын аяз эгшиглүүлээд
Өчнөөн цаасны амь хороосон яруу найрагчийн шүлгүүд
Өвчнөө даалгүй өөд болсон навчис шиг газрын элэг тэвэрсээр байна.

II

Борооны дусал алгандаа тосоод
Болжмор бээрхийг хараад өрөвдөж зогсдог
Ногоон навч,
Нойтон сонингийн үнэрт дуртай,
Ижийнхээ хайрсан боорцогноос илүү
Ийм гунигт өдрүүдэд хайртай байсан балчир насаа
Гуниглах дуртай охидын чинь алхдаг
Гудамж бүрээр хайрын шүлэг бичээд
Яруу найргийн онгодоор охидын зүрх эзэмдсэнийхээ төлөө
Ял сонсож яваа хайр дурлалын гэмт хэрэгтэй хорин хоёр насаар сольчихжээ

III

Чийг үнэртсэн нойтон гудамжаар алхахдаа
Чиний хулгайлсан балчир насыг дурсдаг шүү, цаг хугацаа
Гунигтай өдрүүдийг чинь хайрлахаа больчихсон нимгэн шүлэгчийн
Гудайлгаж яваа толгой чиний буруу бишээ
Охидын инээмсэглэл хүлхэж эцгийнхээ санааг чилээж явсан өдрүүдийг
Одоо энэ бурхадын нулимсаар угаачихаад
Эрхний бөөр шиг нэгэн хэвийн өнгөрдөг өдөр хоногуудыг чинь
Элээхийн тулд чамд дурласаар л байх болноо амьдрал минь.

 

***
 

Саврын шүд хугарчээ, Аав аа
Санаа алдах нь ээ, Ээж.
Санаа алд даа, Ээж ээ...

Санаа алдалт бүрээс тань цочих шувууд өдөө орхиод нисэг
Саврын шүдийг тэр өдөөр сольчихоод өвлийг хамтдаа угтая. 

Аавыг хүлээж,
намрыг шувуудаар аргамжих хүслээс тань болж 

Араг савар хэмхэржээ, Ээж ээ.  

 

***
 

Өрөөнийхөө аль нэг булан руу ширтээд
Өөрт үл таалагдах олон дурсамжийг урж сууна... 
Одоо би яах вэ... ?  

 

Холбоотой нийтлэл