logo
logo
"Гүн утга" уран бүтээлийн нэгдэл

МОНТЕ-КРИСТО ГҮН ХУВЬ ЗАЯАНЫ ЭРГЭЛТҮҮД

        А.Дюмагийн Монте-Кристо гүн 1844-1846 онуудад хэвлэгджээ. Романд хайр дурлалдаа умбаж, аз жаргалтай явж байгаад шорон гэдэг гүн уналтад орж буй далайчин залуу Эдмон Дантесын тухай өгүүлдэг. Дантес удахгүй усан онгоцныхоо капитан болж, үзэсгэлэнт католан бүсгүй Мерседэстэй хуримаа хийх байсан. Түүний хувьд ирээдүйн амьдрал нь гэрэл гэгээтэй байлаа. Гэтэл хөлөг онгоцны капитан болгохгүй гэсэн Дангларын атаархал, үзэсгэлэнт бүсгүй Мерседэсийг нь булаах гэсэн Фернаны тачаал, ямарч аргаар хамаагүй дээдэст таалагдаж албан тушаалд хүрэх гэсэн Вильфорын шунал бүгд давхцан нийлж түүний эсрэг хуйвалддаг. Хөлөг онгоц Эльба арлаар дайрсан, нас барсан ахмад Леклерийн захидлыг хүргэсэн зэргийг овжин ашиглаж, цөллөгдсөн Напольеоны төрийн эргэлт хийж францын эзэн хаан болох нууц ажиллаганаанд тусалсан гэсэн улс төрийн хэрэг зохиож шоронд оруулдаг. Ийнхүү гэмгүй цайлган, шударга романтик Эдмон Дантес арван дөрвөн жил Иф цайзад хоригдоно. Тэр шоронд үхэхээр шийдсэн боловч нэгэн өдөр түүний өрөөний хананы цаана чимээ гарч, удалгүй нүх цөмөрч нэгэн өвгөн орж ирдэг. Энэ өвгөн Фариа гэж нэртэй, шоронгоос оргохын тулд хана цоолж яваад буруу тооцоолон Дантесын өрөөний ханыг цоолжээ. Ингээд тэр хоёр нөхөрлөж Фариа, Дантес залууд мэдлэг боловсрол болон гадаад хэл зааж сургадаг. Тэр ч бүү хэл Фариа Дантесын түүхийг сонсож яагаад шоронд орсон улстөрийн цаад утгыг олж тайлбарлаж өгдөг. Тэр хоёр шоронгоос оргох төлөвлөгөө зохиож гадагш гарах нүх ухаж маш амжилттайгаар шоронгийн хашаанаас гарах боломжтой болдог. Гэтэл өвгөн Фариагийн эрүүл мэнд муудаж нас бардаг. Фариа нас барахынхаа өмнө Дантест Монте Кристо гэж арал дээр маш их алт мөнгө агуулсан авдар бий тухай баримтат түүх ярьж, тийш хэрхэн очиж авах тухай зааж хэлдэг. Нэгэнт Фариа үхсэн тул шоронгийн хуягууд Фариаг далай руу шидэхээр ирэх үед Дантес шуудай дотор орж далай руу шидэгддэг. Тэр олон жилийн дараа ингэж эрх чөлөөтэй болдог. Дантес Монте Кристо арал дээр очиж тэр их алт мөнгийг авч хөрөнгө мөнгөтэй болно. Тэр нэгэнт мэдлэг боловсрол болон гадаад хэл заалгасан тул Францын дээдсийн хүрээлэнд орж буйгаар роман өрнөдөг. Дантес өөрийг нь шоронд оруулсан хуйвалдагч нөхдөөсөө өшөөгөө авахын тулд Монте-Кристо гүн, гэгээн лам Бузони, Лорд Уйлмор, Синдбад далайчин гэх мэт дөрвөн ч хүний дүрд орж, тэдний бузар булхай үйлдэл, хүн амны хэрэг, хүчирхийлэл, луйврыг мөрдөнө. Тэд шударга бусаар хөрөнгөжин, эрх мэдэлд хүрч банкны эзэн, вангийн поркурор, тайж, гүн хэргэмтэн болцгоож бүгд дээдсийн хүрээнд багтжээ. Эгэл жирийн хүмүүсийг хэлмэгдүүлсэн, ядууст хүрэх тусламжийг замаас нь завшсан, өөрийнхөө нууц амрагаас гарсан хүүхдийг амьдаар нь газарт булсан, дайны үед эх орноосоо урваж хүртэл байсан байдаг. Дантес бол улаан гараараа багалзуурдан, буудан өшөө авагч биш, гэм нүглийг нь уудлан илчилсээр гэмтнүүдийг гишгэх газаргүй, байх аргагүй болгож өөрөөр нь өөрийг нь цээрлүүлэх замаар өшөө авагч юм. Шударга ёсыг тогтоох хууль шүүхийнхэн өөрсдөө дунд нь хутгалдчихаад ялгарахаа больсон, гэмтнийг гэсгээх бурханы шийтгэл ч олж хүрч чадахгүй байгаа тийм бугшиж илжирсэн харанхуй ёроолыг ухаж төнхөхөд үлдсэн амьдралаа зориулахаар шийдсэн хүн. Хэрэв бурханы шударга гэсгээлийн механизм ажиллахгүй байгаа бол тэр үүргийг нь би өмнөөс нь гүйцэтгэж өгье гэж Дантес амладаг. Гэвч үнэндээ Дантесийн хурч дайчин, шударга тэвчээртэй, ухаалаг бодлоготой алхам бүхэн өөрөө бурханы ажиллаж буй механизм болохыг сүүлд ойлгодог. Тэр олон жил өнгөрсөн хойно сүйт бүсгүй асан хайрт Мерседэстэйгээ уулзахдаа “би бурханд хэрэгтэй байсан, тэр надад амийг минь эргүүлж өгсөн. Би бурханы зэвсэг биш гэж үү?” гэж хэлдэг. Тэр Фариа ламтнаас өвөлсөн асар их алт эрдэнэсийг нийгэмд бугшсан идээ бээрийг ярж цэвэрлэхэд, мөн сайн санаат хүмүүсийг урамшуулан тэтгэхэд зориулсан. Түүний зорилго ганц өшөө авахын төлөө байгаагүй. Тэр сайхан сэтгэлт Моррелийн далайд сүйрсэн хөлөг онгоцыг дахин шинээр амилуулж дүүрэн ачаа бараатай нь зогсоолд ирүүлэгч шидтэн, үзэсгэлэнт залуухан Валентинаг үхлээс амилуулан хайрт залууд нь бэлэглэгч ачтан билээ. Ид шидийн мэт эдгээр сэтгэл догдлуулсан үйл явдлууд бол Дантесийн сэтгэсэн уран арга, өгөөмөр зан л байдаг.



Үүгээрээ тэр мөнгө хөрөнгөнөөс илүү үнэ цэнэтэй зүйл байдаг юм шүү гэдгийг тунхаглагч билээ. Зохиолд сэтгэл догдлуулсан үйл явдал олон өрнөдгөөс Дантес анх удаа Монте Кристо гүний багаа тайлан ил гарч, Данглар хэрхэн гэм нүглийнхээ үрийг амсан амь гуйж байгаа онцгой мөчийг харуулсан хэсгээс эшлэн толилуулья. //-Миний үлдсэн бүх алтыг ав, гэж өөрийнхөө түрийвчийг сунгаад Данглар бувтналаа, тэгээд намайг энд, энэ агуйд амьдруулахаар үлдээ. Одоо бол би эрх чөлөө гуйхгүй, би зүгээр л миний амийг үлдээхийг гуйж байна. -Та их зовж байна уу? гэж Вампа асуулаа. -Тиймээ, би маш хэрцгийгээр зовж байна! -Харин үүнээс ч илүү их зовж байсан хүмүүс байдаг юм даа. -Ийм зүйл байж боломгүй! -Гэхдээ энэ бол тиймээ! Өлсөж үхсэн хүмүүс. Данглар дэмийрч байхдаа ядуу өрөөнд, орон дээр хэвтэж байхыг нь харсан тэр өрөвдмөөр өвгөнийг санав. Тэр ёолон духаа чулуун шаланд наалаа. -Тийм ээ, тийм хүмүүс үнэхээр байсан, надаас илүү зовж байсан хүмүүс, гэвч тэд бол зовлон эдлэгчид байсан. -Та гэмшиж байна уу? гэж хэн нэгний ёслол төгөлдөр бараан дуу хоолой асуухад Дангларын толгойтой үс бослоо. Тэр суларсан харцаараа тэр эргэн тойрноо харахыг хичээж, Луижигийн ард, чулуун баганын сүүдэрт хагас далдлагдсан цувтай хүнийг олж харлаа. -Би юунд гэмших ёстой бэ? гэж Данглар бараг үл сонсогдохоор бувтнан асуув. -Хийсэн муу үйлдэлдээ, гэж нөгөө дуу хоолой хэллээ. Тиймээ, би гэмшиж байна, гэмшиж байна! гэж Данглар дуу алдлаа. Тэгээд тэр турж эцсэн гараараа цээжээ нүдэж гарав. -Тийм бол би таныг уучилж байна, гэж үл таних хүн хэлээд, цуваа авч хаян, гэрэлтэй газарт зогсохоор урагшаа нэг алхлаа. Монте-Кристо гүн! гэж айдаст автсан Данглар дуу алдав, тэгээд өлсөж зовсондоо цонхийсон түүний царай улам цонхийв. -Та андуурч байна, би Монте-Кристо гүн биш. -Тэгээд та хэн юм бэ? -Би бол таны худалдсан, таны урваж нэр төргүй болгосон тэр хүн байна. би бол сүйт бүсгүйг нь та өөр хүнд өгч, баялагт хүрэхийн тулд таны уландаа гишгэсэн тэр хүн байна. Таны буруугаас болж эцэг нь өлсөж үхсэн тэр хүн байна. Би танд өлсөж үхэх ял тулгасан, тэгсэн ч гэсэн надад өөрт минь уучлалт хэрэгтэй болохоор би таныг өршөөж байна. Би Эдмон Дантес байна! Данглар дуу алдаад түүний хөлд уналаа. -Бос, би танд амийг чинь бэлэглэж байна.// Итгэмээргүй муухай хуйвалдаанаар амьдралыг нь сүйрүүлсэн, үүрсэн хамаг зовлонгийнх нь гол эзэнг даашгүй хүндээр зовж тарчилсан нөхөгдөшгүй ихээр хохирогч нь уучилж байна. Гайхамшигтай биш гэж үү...?


                                                                                                    НИЙТЛЭЛЧ Н.МӨНХБАЯР

Холбоотой нийтлэл