Гэм Зэм-дэх Раскольниковын наминчлал
Ф.М.Достоевскийн “Гэм Зэм” роман бол уншигчийн сэтгэлийг эзэмдэн дотоод үйл явдлынхаа эргүүлэгт татан оруулж, догдуулж, түгшүүлж, зовиурлуулж чаддаг сэтгэлийн реализмын хосгүй чадварлаг бүтээл билээ. Унших явцад 19-р зууны Оросын Санкт Петербургын хуучин гудамжаар аялан бохир заваан оромж, ядуу гачуу түрээсийн байранд амьдарч, янз бүрийн хүмүүстэй учирч, яг л өнгөрсөн зууны цаг хугацаанд очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Зохиолын гол баатар Раскольниковтой хамт уушийн газар орж, шар айраг ууж, өвдөж халуурч, солиорч дэмийрч, зүүдэлж сэрж түүний жаргал зовлонг хамт эдлэнэ. Түүнтэй хамт гэмт хэрэг хийхэд нь байлцаж, цустай хувцасыг нь угаалцаж, уулзаагүй удсан ээж, дүүтэй нь уулзалцаж, Соняд татагдаж, мөрдөн байцаагчдад сэрдүүлж, эцэстээ үнэнээ илчилж Сибирьт цөллөгдөнө. Энэ бүх үйл явдалд оролцон сэтгэл үймж, түгшиж, зовиурлаж, бүр солиорч галзуурахын мэдэрэмжийг мэдрэм тийм үнэмшилтэй сэтгэлийн драмыг тавьснаараа Достоевский гайхамшигтай Психологич хүн юм. Ерөөс "Гэм Зэм" бол гэмт хэрэгтний сэтгэлийн задлан шинжлэл гэж судлаачид үздэг юм билээ. Тэгэхээр уншигч хэнбугай ч тэр задлан шинжлэлд оролцон гэмт хэрэг үйлдэх шалтгаан болон гэмт хэргийн дараах үйл явцыг тунгаан бодох эрхтэй. Ээж болон гэрийнхнийхээ хайртай ганц хүү, аварагч шүтээн нь болсон, бас нилээд боловсролтой оюутан Раскольников яагаад тийм хэрэг хийв.
Тэр жар эргэм насны хатингар эцэнхий биетэй, сувьдаг шунахай мөнгө хүүлэгч эмгэн Алена Ивановнаг дүү зарцтай нь хамт сүхдэж алаад хэсэг үнэт эдлэлийг нь аваад нуучихсан байгаа. Ийм хэрэг хийхэд хүргэсэн нөлөө, шалтгаан гэвэл зохиолд гарч байгаагаар, нэгдүгээрт ядуу зүдүү амьдрал, амь зогоохын тулд аргагүйдсан байдал. Хоёрдугаарт бусдыг мөлжиж баяжсан гэмт этгээдээс хөрөнгө мөнгийг нь булааж ядууст болон нийгэмд тус хүргэж болно гэсэн большевик маягийн итгэл өвөрлөж явдаг. Гуравдугаарт тэрбээр хүмүүсийг эгэл жирийн хүн, эгэл жирийн бус хүн гэж хоёр ангилж, өөрийгөө эгэл жирийн бус, бусдыг удирдан манлайлж чадна гэж үздэг. Удирдан манлайлагчид, агуу хүмүүс бүгдээрээ тухай үеийнхээ хууль ёсонд захирагддаггүй, ашиг тустай бол цус урсган хувьсгал хийдэг байсан гэх түүхэн мэдлэгтэйнх юм. Нэгэнт ийм хүчирхийллийн хандлагтай үзэл бодол тогтчихсон Раскольниковыг гэмт хэрэг хийхэд түлхэж нөлөөлсөн гол хоёр үйл явдал бий. Эхнийх нь уушийн газар Мармеладов хэмээх хөлчүү эртэй ярилцсан яриа. Тэр ядуу зүдүү амьдралынхаа хамаг бурууг өөртөө авч хорсол гэмшил хосолсон яриандаа: гэр бүлээн амь зогоохын тулд баяцхан охин Соня нь биеэ үнэлэгч болсон тухай, охин нь анх оройн зургаан цагийн орчимд яваад өглөө найм өнгөрч байхад буцаж ирээд ширээн дээр гучин зоосон мөнгө дуугүйхан тавьж орхиод орон дээрээ хана руу харж хэвтээд шургачихсан уйлж, хойд эх Катарина Иванова нь Сонягийн ор луу очиж оройн турш сөхрөн сууж хөлийг нь үнсэж байсан тухай сэтгэл өвдөм түүхийг ярьж өгдөг. Соня бол гэр бүлийнхээ төлөө өөрийгээ золиослож буй бяцхан Есүс юм. Энэ түүхийг Раскольников сэтгэл урагдан сонсдог. Дараагийнх нь ээжээс нь ирсэн захидал. Захидалд: мөн л гэр бүлээ тэжээхийн тулд дүү Дуня нь хайр сэтгэлгүй ч бэл бэнчинтэй, тавь эргэм насны түшмэл Лужин гэгчтэй гэрлэх гэж байгаа, өмнө нь Дуняг ажиллуулж байсан газрын эзэн Свидрегайлев түүнд санаархан хоргоож үйл тамыг нь үздэг байснаас ийм сонголт хийж түшмэлийн хамгаалалтанд орсон тухай бичсэн байв. Энэ захидалыг уншаад Раскольников уйлдаг. Дээрх хоёр явдал бол хүний зовлон зүдгүүр, цөхрөл гутрал хамгийн доод цэгтээ тулсан, түүнээс доошлох газар үгүй, тэсвэр тэвчээр барагдсаныг мэдрүүлдэг. Үүний дараах нь Раскольников хэсэг согтуу тариачид нэг морийг тэргэнд хөллөн үхтэл нь балбаж бахардуулж алж буй аймшигт зүүд зүүдэлдэг. “Гэм Зэм”-ийг уншсан хүн энэ аймшигт хар дарсан зүүдийг марталгүй жийрхэж явдаг бизээ. Энэ зүүд бол зовлон зүдгүүрээр хүний бие махбодь, оюун санаа нэвчиж дүүрээд, далд ухамсартаа хүртэл хордож, зүүд нойроороо эргэн огиулж буй үзэгдэл юм. Ингээд л маргааш нь хүний аминд хүрсэн гэмт хэрэг хийдэг. Энэ хэргээ маш цэвэр, ул мөргүй үйлдсэн ч маргаашнаас нь эхлээд л айдас түгшүүр, ааш зан, байж байгаа байдлаараа сэжиглэхэд хүргэнэ. Түүнийг өр төлбөрийн асуудлаар цагдаад дуудагдаж очихдоо л балмагдаж, ухаан алдан унаж, бие нь тавгүйрхэж байгааг, мөн сонинд хэвлүүлсэн нийтлэлийнх нь үзэл бодлыг, бас сүсэг бишрэлийн хандлагыг нь библийн зарим хэсгээс цохон асууж шинжилж дүгнээд л гэмт хэрэг хийснийг хянамгай мөрдөгч Порфирий Петрович ойлгодог. Гэхдээ нотлох баримт үгүй тул баривчилж чаддаггүй. Раскольников ч хардаж сэрдэж байгааг гадарлан цагдаад очоод бүгдийг нь хэлье гэж нэг бус удаа боддог боловч, яг хэлж чаддаггүй. Энэ зуур Мармеладов сүйх тэрэгчний морьдод дайруулан нас барж Раскольников байгаа бүх мөнгөө буяных нь ажилд зориулж бэлбэсэн эхнэр Катерина Ивановнад өгнө. Дараа нь нөхрийнхөө хойдохын будаалган дээр Катерина Ивановна галзуурч нас бараад цэл залуухан Соня хойд ээжийнхээ гурван балчир хүүхэдтэй үлдэнэ. Соня бол бүгдийн төлөөнөө өөрийгөө золиослогч, Христийн бурханы бэлгэдэл, энэ романы хамгийн гэгээлэг дүр юм. Раскольников нэг удаа тэдний гэрт очихдоо Сонягийн хөлийг үнсдэг. Өмнө нь хойд эх Катерина Ивановнагийн үнсэж байсан хөлийг нь үнсэхдээ “Би чамд биш, хүн гэдэг амьтны хамаг зовлон шаналалд мэхийн ёсолж байна” гэж хэлдэг. Соня, Раскольников хоёр ямар нэгэн шижмээр заавал холбогдоод байдаг. Хийсэн хэргээсээ болоод хүмүүсээс жийрхэн улам бүр холдож зожгирсон Раскольников хэргээ хүлээж өөрийгөө аврахаар шийдээд ээж, дүү нартайгаа сүүлчийн удаа уулзаж, дахиж уулзахгүй ч байж мэдэхээр хол газар явж байгаагаа хэлдэг. Ингээд үйлдсэн хэргээ хамгийн түрүүнд Соняд л ярьдаг. Соня дуу алдан сонсоод “Яг одоо, нэн даруй замын бэлчир дээр очиж мэхийн ёслоод өөрийнхөө бузарласан газар шороог үнс, дараа нь дөрвөн зүг найман зовхист хандан хорвоо дэлхийд мөргө, тэгээд хүн болгонд дуулдахуйц чангаар “би алсан” гэж хэл. Тэр цагт бурхан чамд дахин амьдрал хайрлах болно” гэж хэлдэг. Бас хэзээч, хаана ч, цөллөгт очсон ч хамт байна гэж амладаг. Дараах нэг өдөр Раскольников талбайн голд сөхрөн суугаад Сонягийн хэлсэн ёсоор бүгдийг гүйцэтгэсэн ч “би алсан” гэдэг үгийг л хэлж чаддаггүй. Цагдаагийн газар очтол, ичгүүр сонжуургүй муу явдалт Свидригайлав амиа егүүтгэсэн болохыг мэддэг. Тэр Мармеладовынхны өнчирч үлдсэн хүүхдүүдэд тусалж, хүүхэд бүрт мөнгө хувиарлаж хувь заяаг нь цэгцэлж өгөөд, өөрийнх нь үхэлд хэн ч буруугүйг гэрчилсэн бичиг үлдээгээд духандаа бууджээ. Энэ гэнэтийн явдал, гэм нүглийг зоригтойгоор наминчлах, тэр байтугай амиараа цагаатгаж болдгийн үлгэр жишээ болж Раскольниковын хэргээ илчлэхэд нь хүч тэнхээ нэмнэ. Гэвч бас арай л зүрх хүрэлгүй цагдаагийн газраас буцаад гарч ирэхэд, цонхийсон царайтай Соня хаашаа ч хамт явахад бэлэн зогсож харагдана. Раскольников хөмхийгөө зууж биеэ зориглоод буцаж орон хэргээ хүлээчихдэг. Ингээд л Раскольников Сибирийн нэгэн бөглүү хотод ял эдэлж Соня тэнд даган очоод оёдолчин болно. Тэд хоорондоо хайртай болсноо мэдэрч, амьд мэнд байгаадаа, амьдралд дахин ирснээ баяр баясгалантайгаар мэдэрнэ. Эдгээр үйл явдлуудыг тоймловол зовлон зүдгүүр, цөхрөл гуниг хүнийг гэмт хэрэг рүү түлхэж, харин хүн чанар, бурханлаг зөн нь илчлэл наминчлал руу хөтөлдөг байна. Роман бүхэлдээ зэрлэг нийгэм, хүн чанар хоёрын өрсөлдөөн юм. Эцэст нь хүн чанар ялан үлдэж байна.
НИЙТЛЭЛЧ Н.МӨНХБАЯР
Холбоотой нийтлэл
ГАШУУН ӨДӨР
2022-01-07
ЯРУУ НАЙРАГЧ Э.ҮНЭНБАТЫН ШҮЛГҮҮД...
2021-04-11