logo
logo
"Гүн утга" уран бүтээлийн нэгдэл

ЛЕВ ТОЛСТОЙН "АННА КАРЕНИНА"-ГИЙН ХАЙРЫН ТУХАЙ ТЭМДЭГЛЭЛ

                                                                                     
          Л.Толстой ч, Достоевский ч сэтгэлийн реализмийг анхлан туурвигчид боловч ялгаа нь гэвэл Достоевский нийгмийн доод хэсгийн ядуу зүдүүчүүдийн тухай, Толстой дээд давхрага ноёд язгууртнуудын тухай голлон бичдэг. Толстойн “Анна Каренина” роман нь “Жаргалтай айлууд ерөнхийдөө адил төстэй харин зовлонтой гэр бүл өөр өөрийнхөөрөө л зовох ажгуу” гэж эхэлдэг. Энэ философи санааг л цааш улам дэлгэрэнгүйлж олон дүрд шингээж энэхүү нүсэр роман бүхэлдээ өгүүлдэг. Дүр бүхэн нь баян тансаг дээд язгуурынхан, ерөнхийдөө жаргалтай сайхан харагдавч дотор гүн рүү нь шагайвал өөр өөрсдийнхөө тарьсан зовлонгоор тус бүртээ зовж шаналж байдаг. Облонский бол Москвад томоохон алба хашдаг чинээлэг дээд язгууртан. Шалиг завхайгаасаа болж гэр бүл, өөрийнхөө тансаг амьдралыг там болгож орхисон. Тэр хүүхдүүдийнхээ хүмүүжүүлэгч Франц эмэгтэйтэйд сэтгэл алдаж нууц амрагийн холбоо тогтоосон нь баригдаж, таван хүүхэд болон эхнэртээ ад үзэгдэн шаналж явдаг нэгэн. Анна бол Петербургийн дээгүүр зиндааны албаны түшмэлийн гэргий, гоо үзэсгэлэн төгс, эрхэмсэг дээд язгууртан хатагтай. Хайр дурлалаасаа болж нөхөр, хүү, эрх ямба бүхнээ золиослоод зогсохгүй эцэстээ өөрөө галт тэргэн доогуур орж амиа егүүтгэдэг. Түүний эхний болоод хоёр дахь амьдрал бүхэлдээ худал хуурмагаар хучигдсан болохыг мэдүүтээ маш ихээр шаналан зовдог. Алексей Алексанрович Каренин бол Оросын хаант төрийн албаны түшмэл, Петербургийн дээд зиндааны язгууртан. Нэр төр, алдар хүндийн хэнээнээсээ болж өөрийгөө хэт албаны хатуу ёс дэгэнд дөнгөлүүлсэн нэгэн. Дээдсийн хүрээнийхний дунд нэр төрөө сэвтээхгүй, ёс алдахгүйн тулд л амьдардаг, энэ зан нь гэр бүлийнхэнд нь дарамт залхаалт болдгоос ёсолж суусан эхнэр Анна нь хөндийрч зугтахад хүргэсэн. Вронский бол дунд тушаалын залуу офицер, цэвэр цэмцгэр, ганган дэгжин сурвалжит гүн. Дур зоргоороо юм бүхэнд оролцож энд тэнд аялж, эрх чөлөөтэй амьдардаг хүн. Хамаг бүхнээ золиослон байж өөрт нь ирсэн Аннагийн хайр сэтгэлд хайнга хандаж, улмаар үхлийг сонгоход хүргэсэн. Аннагийн үхлийн дараа цог жавхлан буурч цонхийсон амьтан болж сайн дураараа Сербийн дайнд явдаг. Алексей Алексанрович Каренин хууль ёсны эхнэр Аннагаас гэрлэлтээ цуцлуулахыг хүсээгүй учир Вронский өөрийн төрсөн охиноо өөрөөрөө овоглож чаддаггүй. Албан ёсоор бол Анна ч, охин нь ч Каренинийх, өөрийн өв залгамжлагч үлдэхгүйг ойлгомогцоо ихэд гутардаг. Энэ зохиолын хамгийн сайхан дүр бол Левин. Их сургууль төгссөн, нэлээд мэдлэг боловсролтой, газрын эзэн. Зовлон нь гэвэл өөрийнхөө царай муутайд гутарангуй явдаг. Кити гэж дээд зиндааны айлын охинд сэтгэлтэй болсон ч тэр нь өөр залууд /өнөөх Вронскийд/ сэтгэлтэй учир тэгсгээд орхидог. Гэвч удаан хүлээцтэй хандсаны хариуд Кититэйгээ сууж сэтгэл хангалуун амьдардаг. Томоохон зохиол болгонд л зохиолчийг төлөөлөн санаа бодлыг нь хэлдэг нэг дүр байдаг даа. Тэр нь Левин юм шиг байгаа юм.    
     

“Карамзовын хөвгүүд”-д гэхэд Иван л Достоевскийн хэлэх гэсэн гол санааг хэлдэг шиг. Левин бол Толстой өөрөө мөн гэж зарим судлаачид бичсэн л байдаг. Эдгээр гол дүрүүдийн үйл явдлыг цэгнээд үзвэл үнэхээр л романд эхний өгүүлбэрээр бичсэн шиг “жаргалтай айлууд ерөнхийдөө адил төстэй ч зовлон нь өөр өөрийнхөөрөө тусдаа” харагдаж байна. Гэхдээ энд зөвхөн зовлон жаргалын тухай ганц сэдвээр өгүүлсэн гэсэн үг биш, хүмүүс хоорондын харилцаа, СЭТГЭЛИЙН ТУСГАЛ, УХАМСРЫН ТООЦОО, МЭДРЭМЖИЙН ШИЙДЛҮҮД-ийг чухалчлан үзүүлсэн нь бий. Жишээ нь, Анна охиноо төрүүлээд маш хүндээр өвчилж хэвтэрт байхад хамаг сэтгэл зүрхээ өгсөн Вронский ихэд хайнга хөндий хандаж, харин хуучин нөхөр Алексей Алексанрович анхаарал халамж тавьдаг. Алексей Алексанрович нэгэнт өөрөөс нь бүр мөсөн явж хүнийх болсон эхнэрээсээ яагаад гэрлэлтээ цуцлуулдаггүй вэ гэвэл, цуцлуулсан, цуцлуулаагүй адилхан өнгөрсөн, дээдсийн хүрээнийхний дунд нэмж дахин доог тохуу, ярих сэдэв болохгүй гэсэн ухамсрын тооцоо байдаг. Анна, Вронскийд дурлан бүр дотносох явцад соёлч боловсон хуучин нөхөр нь улам л бүдүүлэг зэвүүн харагдаад эхэлдэг сэтгэлийн тусгал, мөн амиа егүүтгэх түмэн арга дундаас яагаад заавал галт тэрэгний доогуур орохыг сонгов гэхээр өмнө нь Москвагийн галт тэрэгний буудал дээр яг тийм осол харснаас үүдсэн мэдрэмжийн шийдэл юм. Анна гэж яг хэн бэ? Түүний үхэлд хэн буруутай вэ? гэсэн асуулт уншсан хүн бүхэнд тулгарах нь зүй ёсных. Түүний үхэлд олон шалтгаан эрж болно. Ердийн амьдралаар бол ерөнхийдөө эхлээд хайр дурлалтайгаа учирч дараа нь гэр бүл үүсэж бүрэлддэг. Аннагийх эхлээд гэр бүл бүрдэж дараа нь хайр дурлалтайгаа учирсан эсрэг урсгал гэмээр хувь заяанд амьдардаг. Түүний хайр нийгэмд эзэлсэн байр суурь, нэр төр, дээдсийн хүрээний дэг журам, уламжлал, өндөр зэргийн албаны нөхөр, төрүүлж өсгөсөн хүү гээд олон давхар шалтгаанаар хуягласан бат бэх гэр бүлийн хүрээг сэтлэн гарч оргилсон агуу хайр дурлал байсан. Энэ агуу хайр Вронскийд ирээд санаснаар болсонгүй урмыг нь хугалсан юм. Аннагийн үхэл нь Вронскийн туйлбаргүй хайрыг эсэргүүцсэн шийтгэл мэт боловч өөрийнхөө амьдралдаа гаргасан алдаа завхралыг амиараа цагаатгаж наминчлах гэсэн шийдвэр гэж болно. Вронский ч мөн адил Аннагийн үхлийн дараа сайн дураараа фронтод явдаг нь бас л нэг гэм нүглээ наминчлаж буй арга юм. Яг л “Гэм Зэм” романы Росколников гэмт хэргээ өөрөө илчилж ял шийтгэл авснаар гэм нүглээ төлж цайруулах гэдэг шиг. Харин Левиний гэр бүл эдлэн газраа өөд татаж, тариалангийн шинэ арга техник боловсруулж, ном зохиол уншиж, гүн ухааны бодол бясалгал эрэгцүүлж, амьдрал нь хөгжүүн сайхан цэцэглэн байдаг билээ.

                                                                                                                          Н.МӨНХБАЯР

Холбоотой нийтлэл