ЯРУУ НАЙРГИЙН ХЭЛ, ХЭВ МАЯГ,
ЭХ БИЧВЭРИЙН ТУХАЙ
ХЭЛ
Хэл бол хүмүүсийн хоорондын ойлголцлын хэрэгсэл, өөрийн хуулийн хүрээнд оршиж, хөгжиж байдаг амьд зүйл юм. Хүмүүс хэлээр сэтгэдэг. Хэл нь юунаас ч илүү нийгмийн болон үндэсний шинж чанартай, хувь хүнээс гадна үндэстэнд хамаатай. Үндэсний ухамсар хийгээд соёлыг бүрдүүлэгч, үеэс үед өвлүүлэн дамжуулагч хамгийн чухал хэрэгсэл бол хэл, тэр дундаа бичгийн хэл билээ. Бичгийн хэлэнд үг хоорондын уялдаа холбоо, синтакс ба өгүүлбэрийн нарийвчлал нь ярианы хэлнээс илүү чухал байдаг. Үүний зэрэгцээ яруу найргийн хэл хэмээх ойлголт бий.
Уран зохиолын хамгийн эртний төрөл зүйл гэгддэг яруу найргийн нэн чухал шинж чанар бол илэрхийллийн тусгай хэл нь юм. "Яруу найргийн хэл" гэж нэрлэгддэг энэхүү тусгай хэл нь байгалийн буюу энгийн хэлнээс ялгаатай, гүн утга агуулга бүхий бүтэцтэй. "Тэмдгүүд болоод зүйрлэл дээр суурилсан өгүүлэмжийн хэл", "үгсийн хэмнэл", "сэтгэл хөдлөлийн эрч хүчийг тодотгосон үг хэллэг" зэрэг онцлог шинжүүд нь яруу найргийг утга зохиолын бусад төрлөөс ялгаруулдаг. Цаг үе бүхэн өөрийн гэсэн дуу хоолой, хэв маяг, ертөнцийг үзэх үзэлтэй байдаг тул яруу найраг нь тухай бүрдээ өөр өөр шинж чанарыг илэрхийлсээр ирсэн.
Яруу найрагчийн шүлгээ бичих үеийн сэтгэлзүй бүтээлд нь тусна. Түүнчлэн тухайн үеийн соёл, хүмүүсийн хоорондын харилцаа, нийгэм, улс төрийн үйл явдлууд, итгэл үнэмшил, амьдралын хэв маяг, уран зохиолын түвшин, уламжлал гэх мэт зүйлс яруу найргийн хэлэнд нөлөөлдөг.
Яруу найргийн хэлний онцлог шинж чанарууд:
- Далд утга
- Дүрслэл
- Цөөн үгээр том санаа илэрхийлэх байдал
Үгийн жинхэнэ утгыг ондоогоор ашиглахуй хийгээд уран яруу дүрслэлүүд, илүү шигүү, эрчимлэг, хүчирхэг үгс яруу найргийн хэлэнд л буй.
Орчин үеийн яруу найраг дахь байгалийн хэл, зохиолын синтакс болон шугаман холбоосууд илэрхий гажуудсан. Хэлбэр болон хэмнэлд ач холбогдол өгч, мэдрэхүйн мэдээллүүдийг хооронд нь сүлэлдүүлж, үгсийн ассоциатив хүчийг чухалчилж, товчхондоо дүрслэлүүдийн эвлүүлгээр оршихуйн цоо шинэ үнэнийг нээж байна. Зохиолын логик гэдэг бол нийгэм дэх хэлний нөхцлөөс нэн хамааралтай зүйл. Гэвч орчин үеийн яруу найраг нь бодит байдлын гадна орхигдсон зүйлс; жишээлбэл зургаа дахь мэдрэхүйн зөн совин, төсөөллүүд, төсөөллийн хязгааргүй хүрээнд эргэлдэгч үгс, үзэгдэл юмсыг ер бусын хэлбэрт шилжүүлдэг; ингэснээр хэлний хамрах хүрээг өргөжүүлдэг. Хэдийгээр энэхүү байдал нь хэлний дүрмүүдийг зөрчсөн ч гэсэн энгийн хэл ярианы логикийг түдгэлзүүлснээр төсөөллийн үр дүнд бий болсон утга зүй нь яруу найргийг ч, нийгмийг ч талсжуулах сайн талтай гэж судлаачид дүгнэдэг.
Байгалийн хэл нь ил тод, шулуун, тогтмол утгатай, хэл шинжлэлийн хувьд асуудалгүй, шууд, уламжлалт дүгнэлтэд хүргэдэг. Харилцаа холбооны явцад үгсийн нэгдмэл байдлыг урьдчилан таамаглахгүй; үг бүр нь болзмол мэдээг тэмдэглэнэ. Харин үүний эсрэг хэлээр бичигдсэн яруу найргийн бичвэр нь бодит мэдээлэл, нотлогдсон баримт, утга зүйн хил хязгаарыг зөрчиж, хариулт бус асуулт эрэлхийлдэг. Уншигчдын дунд өрнөх энэ талын маргаан нь үндсэндээ хэл шинжлэлийн шинжтэй боловч хөдөлбөргүй ойлголтонд хүрэх, ойлгох чадварыг өргөжүүлэхэд чиглэсэн гоо зүйн үйл явц билээ.
ХЭВ МАЯГ
Хэв маяг (стиль) хэмээх үгийг бид хувцаслалт, үс засалт, нүүр будалт гэх мэт хувь хүний соёл, гоо сайхан, бусдаас ялгарах шинжийг тодотгох зорилгоор ихэвчлэн ашигладаг. Тэгвэл энэхүү нэр томъёо нь уран зохиолд, тэр тусмаа яруу найрагт ч бий. Яруу найргийн хэв маяг гэдэг нь хэлний боломжийг ашиглан бодол санаа, мэдрэмж, хүсэл мөрөөдөл, сэтгэл хөдлөлөө илэрхийлэх арга барил бөгөөд хувийн шинж чанар бүхий зүйл юм. Өөрөөр хэлбэл зохиогч бүр өөр өөрийн гэсэн бичлэгийн онцлогтой.
Уламжлалт хэв маяг:
- Энгийн
- Хээнцэр
- Сонгодог гэж гурав ангилна.
Энгийн гэдэг нь хиймэл гоёл чимэггүй, байгалийн хэл ярианд үндэслэсэн бүтээл, хээнцэр гэдэг нь хөнгөн зугаа төдий үзүүлэн шинжит зохиол, сонгодог буюу дээд түвшнийх гэдэг нь бодол санаа, мэдрэмжийн онцгой илэрхийлэмж, утга санаа хийгээд үгсийн зөв зохист байдалд ач холбогдол өгсөн туурвилуудын хэв маяг юм.
Өнөө цагт эдгээр ялгаанууд төдийлэн хүчинтэй биш болсон. Орчин үеийн утга зохиол судлалд хэв маягийн ангиллыг дараах байдлаар хийж байна.
- Зохиогчийн нэртэй холбоотой хэв маяг (Гомер хэв маяг гэх мэт)
- Цаг үетэй холбоотой хэв маяг (дундад зууны үеийн хэв маяг гэх мэт)
- Хэлтэй холбоотой хэв маяг (герман хэв маяг гэх мэт)
- Сэдэвтэй холбоотой хэв маяг (философийн хэв маяг гэх мэт)
- Улс үндэстэнтэй холбоотой хэв маяг (нутаг орны хэв маяг гэх мэт)
- Уншигч – үзэгчиин бүлэглэлд тааруулсан хэв маяг (тодорхой хүрээллийн хэв маяг, нийтлэг хэв маяг г.м)
- Зохиолын санаатай холбоотой хэв маяг (хошин хэв маяг гэх мэт).
Эдгээрээс гадна хэв маягийг төлөвшүүлэхэд чухал нөлөө бүхий дараах хүчин зүйлсийг мартаж болохгүй: Зохиогчийн уран зохиолын талаарх ойлголт, уламжлал, улс төрийн үзэл, нас, хүйс, хувийн сэтгэлзүйн онцлог, зан ааш, боловсрол, хэлний бүлгийн шинж чанар, гадаад хэлтэй харьцах байдал, уншигчдад хандах хандлага. Эдгээр зүйлс нь хувь уран бүтээлчийн бичлэг дэх хэв маягийн үүдэл юм.
Яруу найрагчийн зорилго бол уншигч бүрт өөр өөр сэтгэл хөдлөлийг төрүүлэх явдал. Тиймээс яруу найрагч цоо шинэ утгыг үгээр илэрхийлэхэд анхаарлаа хандуулдаг. Эдгээр утга нь толь бичигт үгүй. Тиймээс уншигч өөрөө мэдэрнэ. Уншигчийн зорилго бол энэхүү мөн чанарыг шүлэг дотроос анзаарч, илүү сайн ойлгохыг хичээх явдал болой.
ЭХ БИЧВЭР
Эх бичвэр (текст) гэж хэлбэр, илэрхийлэл, цэг таслал бүхий өгүүллийг бүрдүүлэгч үгсийг бүхэлд нь хэлдэг.
Уран зохиолын аливаа бичвэрийг ойлгохын тулд хэл найруулга, хэв маягийн талаар урьдчилсан ойлголттой байх шаардлагатай. Тиймээс энэхүү дарааллаар нь бичиж байна. Ер нь бол уран зохиолын эх бичвэр гэдэг нь сэтгэл хөдлөлөө гоо зүйн үүднээс илэрхийлэн бичих замаар бий болгосон зүйлсийн ерөнхий нэр.
Хүүрнэл хэлбэрийн уран зохиолын эх бичвэрүүдэд зохиогч гаднах ертөнцөөс авсан сэтгэгдлээ тодорхой сэдвийн хүрээн дотор зохиомол бүтэцтэйгээр дүрсэлдэг. Зохиол гэдэг нь зохиомол гэсэн санаа. Гэхдээ баримтат буюу бодит төрөл бий. Гаднах ертөнцийн бодит үйл явдлыг өгүүлдэг тийм бичвэрүүд бол түүх, эсвэл дурсамж юм.
Ингээд, сэдвээсээ гажихгүйн тулд яруу найраг руугаа оръё. Яруу найргийн эх бичвэр нь тайлбарлахад хүн бүрд нээлттэй бичвэр тул уншигчийн мэдрэмж, сэтгэлгээний түвшин, сэтгэлзүйн нөхцлөөс хамаарч өөр өөр утга илэрхийлдэг. Ийм онцлог шинж чанартай учраас сайн шүлэг ямар ч цаг үед хуучирдаггүй. Товчхондоо яруу найраг уншигчийнхаа нөхцөл байдалд нийцүүлэн шинэ утга олж авдаг. Зөвхөн нэг утга агуулдаггүй гэсэн үг. Тиймээс шүлгийг бүрэн гүйцэд тайлбарлах боломжгүй юм.
Энд жишээ болгох үүднээс хоёр шүлэгт товчхон задлал хийлээ:
Жишээ: №1
Д.Урианхайн нэгэн шүлгийн тухай
***
Галын дөл шиг
Ганц улаан навч
Намрын салхинд тасраад
Тэнгэр өөд хийсэж явна.
Би, уулын бэл рүү
Уруудаж явахдаа зөрлөө.
...Өнгөцхөн харахад уулын уруу бууж яваа хүн, газрын өөд өгсөж яваа навч. Хүн, навч хоёрын зөрөлдөөн. Ийм гүехэнээр ойлгосон ч энэ бол гайхалтай илэрхийлэмж. Бид ер нь намрын намарт хэчнээн навчтай зөрдөг юм бол? Зөрөхдөө хэд нь үүнийг анзаардаг юм бол? Иймэрхүү анзаарлууд, тэр тусмаа хүний дотоод сэрэл мэдрэхүйд торсон анзаарлуудаас л яруу найраг үүддэг шүү дээ.
За, одоо тэгвэл ойлгоцоо лавшруулъя. Д.Урианхай гуайн энэ шүлэг бол орчлонт ертөнцийн болзолт жам ёсны тухай шүлэг. “Тэнгэр өөд хийсэж” яваа “навч” – дүрийн бэлгэдэл нь нэн ойлгомжтой гэж үзвээс зохиогч өөрөөрөө төлөөлүүлсэн, “уулын бэл рүү уруудаж” яваа хүн бол амьдарсаар буй, амьдрах амьдрахдаа бүр амьдралын гүн рүү бие, сэтгэлийнхээ аясаар яваад орчихож буй хүмүүс (бид) юм.
Шүлгийн эхний мөр нь “навч”-ны өнгө, хэлбэр, үйл хөдөлгөөний чиглэлийг тун оновчтой тодотгож өгчээ. Түүнчлэн энэхүү зургаахан мөр, хорьхон үгэнд харуусалтай хэдий ч дасал болсон амьдрахуйн мөн чанарын тухай гүн эргэцүүлэл, ухаарал, шүүрс алдалт нэвт шингэсэн байна. Уруудах амархан, өгсөх хэцүү. Огтлолцохуй. Гашуун мэдрэмж. “Огтлолцохуй” гэснээс тухайн зохиогчийн ийм нэртэй сайхан ном бий...
Жишээ: №2
Д.Мандахсангийн нэгэн шүлгийн тухай
***
Ганц утсан дээр
Дан аялгуу уйлахад
Гурван цаг дамнасан
Эртний буурал нулимс
Хацар зүсэж
Зүрх өмөрнө.
Галгүй болтлоо
Туулж элээсэн
Хуучин харгуй,
Дивангарын өвс ногоо,
Чиний миний
Дуу төөрсөн
Дан аялгуу...
Чулуу эмтэрнэ.
...Энэ шүлэгт хүч султай үг алга. Мөр бүхэн нь, үг бүр нь хүчирхэг. Хүчирхэг гэдэг нь ялалтын дуу шиг гэсэн үг биш. Гүн гүнзгий мэдрэмж, уй гунигийн илэрхийлэмж юм, энэ шүлэг. Үүнээс өөр байх боломжгүй, чинээндээ тулсан үгсийн сонголт, үгсийн зохирол. Үг бүхэн өөр өөрийн өнгөтэй. Яг л будаг шиг. Өнгө өнгийн үгсээр зохирол бий болгож шүлэг бичдэг. Яг зураг зурах шиг.
“Энэ шүлэг юуны тухай вэ?” гэж асуувал, би “мэдэхгүй ээ” гэж хариулна. Ер нь яруу найргийн хамгийн чухал зүйл нь уншигчийн оюун хийгээд сэтгэл зүрхэнд “эртний буурал нулимс” шиг чим чим унагах мэдрэмж юм. Баяр, гуниг, догдлол, харуусал, гэмшил, эмзэглэл.., хүний дотоод оршихуйн олон олон мэдрэмжүүд. Яруу найраг бол “гурван цаг дамнасан” таашаал төрүүлэгч юм гэдгийг энэ шүлгээр төлөөлүүлэн хэлэхийг хүслээ. “Дан аялгуу” бол уй гунигийн дуу, гэхдээ гадагш биш, дотогш дуулсан дуу ажээ.
“Ганц утсан дээр
Дан аялгуу уйлахад...” хэмээж, зүрх шимшрэм эхэлсэн шүлэг улам бүр лавширсаар “чулуу эмтэрнэ” хэмээн төгсөж байна. Хэрэв Д.Мандахсан найрагчийн оронд өөр хүн энэ шүлгийг бичсэн сэн бол хамгийн сүүлийн тэр мөрийг “орхиж” төгсгөх биз. Гэтэл тэрбээр бусдын сэтгэлд яргах үгсийн хүч, гол зурсан мэдрэмжид улам нэмэр өгч, “...чулуу эмтэрнэ” хэмээжихүй...
Яруу найраг дахь харьцуулал, хэтрүүлэл, зүйрлэлүүд нь уран сэтгэмж, хийсвэр ертөнцийг бүтээх, дүрслэл болгон хувиргах боломжийг хангалттай олгодог гэдгийг энэхүү хоёр шүлгийн жишээнээс харж болох юм шүү. Дийлэнх текст заах, мэдээлэх зорилготой байдаг бол үлдсэн нь уран сайхны таашаал өдөөх зорилгоор бичигддэг.
Эх бичвэр гэгч харилцааны тусгай хэрэгсэл. Энэхүү харилцаа холбоо нь илгээгч (зохиогч)-ийн уран сайхны сэдлээр үйлдсэн текст (мессеж)-ээр дамжуулан түүнд хандах хүлээн авагч (уншигч)-ийн хооронд явагдана. Яруу найргийн тухайд гэвэл энэхүү холбоос нь ерөнхийдөө тодорхой бус бөгөөд урлаг сонирхдоггүй хүлээн авагчдын анхаарлын гадна оршино. Хэдийгээр аман хэлбэрээр хэлэх боломжтой ч ихэнхдээ номоор дамждаг, тэгэх нь ч зөв юм.
Бичигчид, бичвэрт шимтэн дурлагчид тун чиг олширсон энэ цаг үед уран зохиолын тухай суурь ойлголт өгөх зорилгоор цуврал нийтлэл эхлүүлсэн болно. Мэддэгт нь мэдээжийн боловч мэдэхээр мэрийж байгаа эхлэн бичигч, сонирхогч түвшний хүмүүс олон бий нь ойлгомжтой билээ.
Х.НЯМХИШИГ
Холбоотой нийтлэл
ГАШУУН ӨДӨР
2022-01-07
ЯРУУ НАЙРАГЧ Э.ҮНЭНБАТЫН ШҮЛГҮҮД...
2021-04-11