УРЛАГ ДОТОРХ УРАН ЗОХИОЛ
УРЛАГ
Хүн төрөлхтний түүхийн туршид олон хүмүүс урлагийг өөрсдийнхөөрөө тодорхойлж ирсэн байдаг. Эдгээр тодорхойлолтуудын нийтлэг санаанууд дээр үндэслэн дараах зүйлийг хэлж болно: Урлаг гэдэг нь хүмүүс өөрийн мэдрэмж хийгээд бодлыг зураас, өнгө, хэлбэр дүрс, дуу авиа, үг, хэмнэл зэрэг элементүүдээр зөв зохистой, үр дүнтэй, хувийн хэв маягаар илэрхийлэхүй юм.
"Цэргийн урлаг", "илтгэх урлаг" гэх мэтээр аливаа хэлнээ сайн, сайхан юм болгонд "урлаг" гэсэн үгийг ашиглах нь бий. Тийнхүү "урлаг" гэсэн үгийг оруулах нь урлагийн онцлог шинж чанарыг илтгэдэг. Бүтээл, эсвэл хөдөлгөөн нь гоо сайханлаг, шинэлэг, гайхалтай харагдаж байгаа нь түүнийг урлаг гэж ойлгоход хүргэдэг. Учир нь хүн бүтээлээ улам бүр хөгжүүлж, түүнд гоо зүйн гэрэл гэгээ нэмж чаддаг болох тусмаа урлагийн үзэгдэлд ойртдог гэсэн үг юм. Иймээс урлагийн өвөрмөц шинж чанаруудын нэг нь өдөр тутмын, хэт энгийн, давтагдмал зүйлсээс дээгүүр байх явдал болой.
Уран бүтээлч, шинжлэх ухааны эрдэмтэн хоёрын ялгааг хэлэхийн тулд нэгэн жишээ татъя. Байгалийн үзэгдэл болох “аянга”-ын тухайд авч үзье. Эрдэмтэд бол тэрхүү үзэгдлийн шалтгааныг судалж, түүнээс зайлсхийх арга замыг эрэлхийлнэ. Тийнхүү ажиллах явцдаа аянга зайлуулах арга хэрэгсэл олж, түүнийхээ үр нөлөөллийг томъёогоор илэрхийлнэ. Харин уран бүтээлч хүн аянгатай ингэж харьцдаггүй. Тэрээр гаднах ертөнцөөс мэдэрсэн зүйлээ өөрийн уран сайхны төсөөллөөр бодит болгодог. Жишээ нь, яруу найрагч үгийн холболтын хүч, хэлний илэрхийлэх чадварыг ашиглан дотоод ертөнцөө илэрхийлнэ. Энэ үед "аянга" гэдэг үг нь яруу найрагчийн илэрхийллийн нэгж, мэдээний хэрэгсэл болж хувирдаг гэсэн үг.
"Урлаг нь сэтгэл хөдлөлөө хөдөлгөөн, дуу чимээ, дүрс,
өнгө, үгээр илэрхийлэхийг хүссэн хүний хэрэгцээ шаардлагаас
үүдэлтэй бөгөөд ингэснээр бусад хүмүүс ч
ижил мэдрэмжийг мэдэрнэ."
Л.Н.Толстой
Урлагийн бүтээл нь ихэвчлэн хувь хүн, эсвэл хүн төрөлхтний хамгийн дотно зүйлсийн тухай байдаг. Тодорхой объектыг дүрсэлж, хэсэгчлэн илэрхийлнэ. Уран зураг гэмээнэ байгалийн тодорхой хэсэг, эсвэл хүний дүр төрхийг харуулсан дүрслэл; жүжиг бол тодорхой үйл явдлууд, яруу найраг ч юм уу, хөгжмийн бүтээл нь аль нэг үзэгдэл юмс болоод хүний сэтгэлийн гоо зүйн тайлал юм.
УРЛАГИЙН АНГИЛАЛ
Урлагийг ерөнхийд нь үйлдвэрлэлийн урлаг (гар урлал), дүрслэх урлаг гэсэн хоёр бүлэгт хуваадаг.
Хүмүүсийн материаллаг хэрэгцээг хангахын тулд хийгддэг туршлага, ур чадвар, сурц шаардсан ажлыг "гар урлал" гэж хэмээдэг. Нэхэх, үнэт эдлэл урлах, гутал оёх ч бүгд гар урлал. Уран зохиол, хөгжим, уран зураг, уран баримал, архитектур, театр гэх мэт, хүмүүсийн урам зориг, бишрэлийг төрүүлдэг урлагийг дүрслэх урлаг хэмээнэ.
Гар урлалч нь материаллаг чанар, үр ашигтай байдлын төлөө; дүрслэх урлагийн чиглэлээр ажилладаг уран бүтээлч гоо зүй шингээсэн, өвөрмөц бүтээлийн төлөө ажилладаг. Зорилгын энэ ялгаа нь дүрслэх урлаг ба гар урлал хоёрын ялгааг хамгийн энгийнээр илэрхийлж байна. Урлагийг үйлдвэрлэлийн урлаг, дүрслэх урлаг гэж ангилах гол хүчин зүйл бол үйлдвэрлэх бүтээгдэхүүний шинж чанар, анхны илэрхийлэмж, давтагдашгүй байдал. Жишээлбэл, уран барималч ч, мужаан ч модыг хэлбэржүүлэн дүрсэлж болно; гэхдээ барималч хүний модыг хэлбэржүүлж буй байдал болоод мужааны илэрхийлэх хэв маяг ижил биш юм. Уран барималч өөрийн бүтээлийг ер бусын, шинэлэг, өвөрмөц хэв маягаар хийдэг бол мужаан нь уламжлалт, тодорхой, давтагдмал байдлаар хэлбэржүүлнэ. Энэ ч утгаараа хоёулаа ижил материалыг авч хэлбэржүүлдэг боловч уран барималч нь дүрслэх урлагийн чиглэлийн туурвилч. Мужаан бол яг л будагчин, төмрийн дарханы нэгэн адил гар урлал хийдэг.
СОНГОДОГ болон УЛАМЖЛАЛТ АНГИЛАЛ
Авиа зүйн /фонетик/ урлаг:
- Хөгжим
- Уран зохиол
Харааны /визуал/ урлаг:
- Зураг
- Хөшөө, баримал
- Архитектур
Хөдөлгөөний /драматик/ урлаг:
- Жүжиг
- Балет
- Бүжиг
- Дуурь
- Кино
ОРЧИН ҮЕИЙН (МОДЕРН) АНГИЛАЛ
Гадаргууны урлаг:
- Чимэглэл
- Хананы зураг
- Гэрэл зураг
- Миниатюр
- Гар бичмэл, шугам зураг
- Цаасан урлалын зарим төрөл багтана.
Эзэлхүүний урлаг:
- Хөшөө, баримал
- Хөөмөл урлал
- Шаазан урлал /шавар урлал/
Хэлний урлаг:
- Хүүрнэл зохиол
- Яруу найраг
Үйлдлийн урлаг:
- Балет, бүжгэн жүжиг
- Бүжиг
- Пантомим
Дуу авианы урлаг:
- Хөгжим
Театрын урлаг:
- Жүжиг
- Дуурь
- Кино урлаг
Фонетик элементүүд нь ихэнх ритмик /хэмнэл бүхий/ болон карма /холимог/ урлагт оролцдог. Жишээлбэл, жүжгийг уран зохиолоос тусад нь авч үзэх боломжгүй. Учир нь, хэрвээ пантомимыг хасчихвал, бүх жүжигт үг бий; дам утгаараа фонетик урлагаас гадуур авч үздэг боловч жүжгийн текстийг уран зохиолд тооцох нь зүйн хэрэг. Үүн лүгээ адил балет, бүжиг, дуурь, кинонд ч дуу авиа хүчин төгөлдөр билээ.
Уран зохиолын хэрэглэгдэхүүн бол хэл, өөрөөр хэлбэл дуу авианаас бүрдэх харилцааны хэрэгсэл юм гэж үзвэл фонетик урлагийн хүрээнд уран зохиолыг авч үзэх нь мэдээж юм. Сэтгэл хөдлөл, бодол, хүсэл мөрөөдлөө хэлээр дамжуулан уран яруу, үр дүнтэй, өвөрмөц, сонирхолтой байдлаар илэрхийлдэг УРЛАГ бол УРАН ЗОХИОЛ.
Түүх, физик, философи болон шүлэг, роман, өгүүллэгийн текстийг харьцуулж үзэхэд уран зохиол гэж юу болох нь илүү сайн ойлгогдоно. Эхний төрлийн текстүүдийн гол зорилго нь сэдвийг тодруулах, аливаа сэдвээр мэдээлэл өгөх явдал. Харин уран зохиолын бүтээлүүдийн гол зорилго нь тухайн сэдвээр үл мэдэгдэх зүйлийг тайлбарлах биш, хэлний боломжийг ашиглан аливаа мессежийг гайхалтай, гоо сайханлаг байдлаар тайлбарлах, уншигч - үзэгчдэд гоо зүйн мэдрэмж төрүүлэх явдал юм. Ямар ч тосон будгийн зураг, баримал, дуу зэрэг нь хүнд сайхан мэдрэмж төрүүлдэг шиг, уран зохиол ч мөн бусад дүрслэх урлагийн бүтээлүүдтэй ижил зорилгод шүлэглэл болон хүүрнэл бичвэрээрээ хүрч очдог.
Х.НЯМХИШИГ
Холбоотой нийтлэл
ГАШУУН ӨДӨР
2022-01-07
ЯРУУ НАЙРАГЧ Э.ҮНЭНБАТЫН ШҮЛГҮҮД...
2021-04-11