logo
logo
"Гүн утга" уран бүтээлийн нэгдэл

ЯРУУ НАЙРАГЧ ГАНТӨМӨРИЙН ХАШБААТАРЫН ШҮЛГҮҮДЭЭС ...

"МАНАЙ ГУДАМЖНЫ блюз"

1.
Гадаа зогсоход
Гадаа гэдэг үг үл тохирох агаад
Гараар урласан гутлын
болхи атлаа бөх оёдол шиг
Манай хашааны банзнууд
Машид дотно үзэгдэнэ,
Дотор, ойрхон харагдана.
Дотор нь ханзарсан дээлний
Гадна оёдол шиг үзэгдэнэ.

2.
Эвлэршгүй хөрш минь
Дундын хашааны
Өөрийн талыг улаанаар будав.
"Эцэстээ өргөс бүрийг нь
түүгээсэй билээ" гэж
Тэрхэн үедээ бухимдан бодоход
Манай талын өнгө саарал хашаа
Машид үзэсгэлэнтэй харагдаад
Олон зүйлийг мартаж
сэтгэл онгойхтой зэрэгцээд
Онхи хөндий явсан аав ээж ирж,
Манай том хаалга онгойв.

3.
Ус уух хувьтай явахад
Худаг дээрээс хадаас олдоно.
Үдээс үдэхдээ шороо бүү тоол,
Үд ч бидэнд багаднам.
Зүс ижил хэдэн тугалаа усалж яваа
Цэцэгбадам эгч
Шинэ худгийн дэргэд
Хуучин ховоо шиг үзэгдэнэ.

4.
Дугуйтай хүүхэд
Дугуйгүй хүүхдүүдийн нүдийг сундлана.
Хайлаасны үр хаврыг зөөнө.
Борооноор энэ гудамжинд
Би ч бас аль нэг модны үр адил
Аль нэг зүг рүү урсдаг байсан
Орой гэхэд гэртээ үндэслээд
Орон дотроо ургаж байлаа...

5.
Биднийг холбосон нь
Гэрлийн л утаснууд юм.
Гэнэт тог тасарвал лаа гуйх нь хэнийх вэ?
Хаалган дээрээ
"Нохойтой! "гэж бичсэн
нохойгүй айл шиг энэ сумын
Тахиан байр шиг жаахан гудамжинд
Танихгүй танилууд
Тогоор холбогджээ
Лаагаар холбогджээ...

***

Цас ороод дуусчихсан уу
"Цас" романаа уншаад дуусгачихсан уу
Би цас байсан ч болоосой
Ном байсан ч болоосой.
Бэлдэж үлдээсэн түлээ минь дуусаад
Биедээ баймгүй хүчээр
чи минь сүх өргөнө үү
Эвлүүлж бичсэн шүлэг минь сүх өргөх хүчгүйд
Энэ л холд би биеэ зүхэн сууна.
Зун цагийн сүр бардам халгайнд
Зорьж очих шувуу ч үгүй үзэгддэг.
Зулгарч унасан намар нь нохой шээхийг үзэх нээ
Зуурдын бүхний өмнө амьд болгон хүчтэй.
Хуучин дээврийн хар цаасыг хучиж ордог цаснаар
Худлыг ч гэсэн аажмаар хучиж дарах цаснаар
Дүнсийгээд биесээ ширтэх хоёр улиасны хооронд
Дүүжин ор ганцаар салхинд савлах
Өвлөөр
Элс нь хатуу, чулуу нь зөөлөн, цас унадаггүй газарт,
Эгнэт хайртай бүхнээ
Санах нь хатуу, нулимс зөөлөн, цас шиг будрах би.
Иртэй сүх нь мохоо үг шиг байна уу?
Илчит галандаа чи минь гараа ээж сууна уу?
Би сүх байсан ч болоосой
Гал байсан ч болоосой.

***

Магсаржавын өргөн чөлөөний
                         аль ч гудамж байлаа
Мартаж орхиж,
Муурын зулзага тэнд төөрүүлчхээд
Буцаж гүйхэд
Өрөвдмөөр дуу нь
Өмнө гүйгээд, өр өвтгөөд байсан ч
Хаяад улам хурдан гүйсэн
Харанхуй шөнө.
Муужгайн дуу,
намайг бүдэрч унахыг хүлээх
Магад, гүйцээд очвол
аваад харина гэж горьдох
Нэг л мэдэхнээ гэртээ ирсэн би
Нинжин сэтгэлээ
гудманд төөрүүлсэн мэт санагдсан...

***

Хаалга савахад
Хагарч унасан аяга шиг
Хэнд ч гэмгүй
Охин минь
Аав нь чамайг эвлүүлж сууна.
Жаахан далиа эсгүүлэх өвдөлтийг мэдэхгүй
Жаахан цагаахан дагина минь
Аав нь чамайг эвийлж сууна.
Амьдрал яг л
Чи бидний нуугдаж тоглохтой
Адилхан юм.
Хаана байгааг нь мэдэх ч олж болохгүй
Хамгийн том эрэл хайрыг олоод зогсоно.
Охин минь
Аав нь чамайг хайж сууна.
Амьдрал яг л
Чиний минь зураг зурахтай
Адилхан юм.
Хэчнээн удаан ширтээд ч
учрыг нь олохгүй
Хамгийн нууцлаг ертөнц,
ээжийн чинь дотоод мэт
Охин минь
Аав нь чамайг хайрлаж сууна.
Хаалга нээхэд
Хүзүү тэврэх үр минь
Хамтдаа том болохын тулд
Аав нь чамайг өсгөж сууна...

***

Хагархай лааны сууриа
эвлүүлж суухдаа эхнэр минь
Ханцуйгаа үл ялиг хойш нь шуужээ.
Амьдралдаа хэзээ ч
чанга атгамааргүй турьхан
Анхи цагаан бугуй нь
сарны гэрэлд ч зүсэгдчихмээр.
Хуучны пянзны
зурагдсан аялгуу эвлэн дуулдана.
Хувирч болдог зүйл энэ хорвоод
эмэгтэй хүн ганцхан биш юм.
Худлыг түрдээ залгисан бидний нүд ч
Хуулж орхисон ханын цаасанд
хувилсан мэт.
Модны яр шиг цуурч, нэг л мэдэхнээ
нарийн түлээтэй хамт шатна.
Сэтгэлийн минь тийм зөөлөнд
чи бүлээцэх эрхтэй.
Мартаж орхисон дуу
аль нэг пянзанд нуугдаж
Магадгүй өдөр бүр зурагдахаа хүлээнэ.
Мартаж орхисон сэрэмж бүрийн хойно
алхалт бүхэн түгшилт,
Маргааш гэдэг бидний хувьд
асар том харайлт.
Хагалсан түлээгээ өрж суухдаа би
Хамтдаа өрж буй амьдралаа л бодлоо,
Хайрт минь.

***

Сохор хүн таягаараа гутал дээр минь тэмтрэх шиг
Сонин мэдрэмжит борооноос
Олж сонссон чимээ
Огт үзээгүй цэцгийн дэлбээ тасрах дуу
Сохор хүн үнэрлэн цэцэг сонгох шиг
Сонин мэдрэмжит салхинаас
Олж сонссон чимээ огт үзээгүй сохор хүнтэй ярилцах
Үүлгэр манант ертөнцөд хэн хараатайг бүү мэд
Үнэндээ тэр хүн миний дотор байх шиг
Үүрд мөнх би нүдээ аничихвал
Өнөөх сохор хүн хараа орох юм шиг санагдана

***

 Чаплингүй инээд...
Гунигт нүд чинь зандалчны багтай төстэй юм
Гуйлгачид харин яагаад чам шиг дэгжин биш юм бол оо
Гутал чинь хэдэн гудамж элээж
Гэнэт чи хаана зогссон бэ ?
Эцэстээ хөлийн чинь хуруунуудын
Имэрч үзсэн чулуу бүхнийг
Шарилын чинь чулууны
Сайн найзууд байсан гэлцэх юм

 

"Гүн утга" уран бүтээлийн нэгдлийн гишүүн 
Яруу найрагч Г. Хашбаатар

Холбоотой нийтлэл