Сургамжтай сануулга.
"Улс гүрний хамгийн аюултай дайснууд бол эрх мэдэл даган ирэх мөнгө, эд хөрөнгөнд хөл алдагч дотоодын, ордны эрх мэдэл бүхий ноёд түшмэд болно. Үүнийг мөхсөн Юань гүрний ордны амьдрал бэлэн гэрчилсэн билээ. Юань гүрний сүүлчийн жилүүдэд албан тушаалд донтой монголчууд эрх мэдлийн төлөө хоорондоо уралцан, улс орон ард иргэдээ бус үнэт хаш чулуун эдлэл, торго, нүд гялбам хувцас эдлэл, сэтгэл булаам морь адгуус зэргийг эрхэмлэн эцэс төгсгөлгүй найр цэнгэл, ууж идсээр улсаа барав. Миний Мин гүрэнд ийм бусармаг байдал газар авахыг би хэрхэвч үл тэвчинэ”- Монголын Их Юань гүрнийг мөхөөж, хятадын Мин гүрнийг байгуулсан Жу Юаньжян (朱元璋) хааны зарлигаас.
“Эрх мэдэлтнүүдийг зальхай муугаас хязгаарлах хааны зарлиг” (Эх сурвалж: “An Imperial Edict Restraining Officials from Evil”. Chinese Civilization: A Sourcebook, edited by Patricia Buckley Ebrey, 2nd ed. (New York: The Free Press, 1993)
Монголчууд бид Манжийн дарлалд 200 жил талхиулж байсан тухай түүх өгүүлдэг ба тэгж талхиулах үндсэн шалтгаан, учир холбогдлыг ч хэрдээ мэддэг, мэдэрдэг, тэр хэрээрээ тусгаар тогтнолынхоо түүхийг нандигнадаг билээ.
Манжид дагаар орох тухай гэрээнд хэн хэн гарын үсэг зурсан, Өндөр Гэгээн энд ямар холбогдолтой тухай энд өгүүлэх гээгүй. Ямраар ч бодсон Монголын тусгаар тогтнолыг үгүй хийж Манжид дагаар оруулахад шарын шашин сөргөөр нөлөөлснийг энд бас мартуулах гээгүй.
Юу өгүүлэх гэж байна вэ гэхлээр манж нарын зохиосон гурван чулууны үлгэр ярих гэж байна. Тэр гурван чулуугаар Монголын тусгаар тогтнолыг 200 жил боомилсон байгаа юм. Боомилох ч юу байх вэ, монголчуудаар өөрсдөөр нь тусгаар тогтнол хүсүүлэхгүй, тусгаар тогтнол гэж амиа дүйж байхаар гурван төрлийн чулуугаа “чулуу болгоод”, сайжруулаад сатааруулаад байсан хэрэг л дээ.
Монголчуудын шуналын дэв, материаллаг үнэгүй шагнал, гял цал, хэлбэр дүрсэнд унаж үхдэг нүүдэлчний уран сайхны сэтгэлгээн дээр нь манж нар зөв тоглочихсон түүх л дээ.
Модун Шаньюгийн хөөрөг, Чингисийн удмын тэрний хөөрөг энэ тэр гэж хөөрцөглөх цээж баян шинэ хөрөнгөтнүүдэд хэлэх ганц үг байна. Өвөрт нь түнтийтэл чимэг болоод явж байдаг наад чулуун хөөрөг гэдгийг чинь манж нар зохиомжлоод шунал нь барагддаггүй монгол ноёдод өгчихсөн юм шүү дээ. Ингээд нэгэн төрлийн чулуу гарт нь атгуулчих нь тэр. Хожим л хөөрөгний чулуу, толгойн чулуу нь үнэ хүрээд тэнгэрт гарчихсан болохоос тэгнэ чинээ анхлан хэн санаж сэдэж байсан бол?
Лут соруултай гаанс нэрээд сууж байгаа морьтон баатрын тухай үлгэр туульс, кино, уран зохиолын ном олон байдаг даа. Тамхины тухай ярьж байна аа даа. Наадхи чинь амандаа татдаг нь индиан нараас гаралтай, Америк тивийг нээсний хойно Еврази руу нэвтэрсэн эд л дээ. Чингисийн тийм баатрын үе дамжсан гаанс соруул гэж байдаг бол шал худлаа. Манж нар шунал нь барагддаггүй монгол ноёдод зохиомжлоод аманд нь бас нэг чулуу зуулгачихсан нь тэр.
Гурав дахь чулууг бүр донжтой нь аргагүй зохиосон байгаа юм. Нүүдэлчин монголчуудад ямар үл хөдлөх хөрөнгө, баялаг гэж байх биш, хэрэгтэй ч биш, эзлэхүүнгүй, төвөггүй нэг чимэг олсон нь отго жинс гэх элдэв чулуу юмсанж. Толгой дээр нь залчихад түүнийгээ сайжруулж шат ахиулахын төлөө монгол ноёд биесээ матан, хөнөөн Бээжинд зарга мэдүүлнэ гэдгийг олоод харчихгүй юү.
Ингээд л гурван чулууг тойруулаад, дээрээс нь шарын тарнийн шашнаар толгойг нь эргүүлэн монголчуудыг 200 жил дарласан түүх өрнөдөг. Монголчуудын хаад ноёд нь гавьяа шагналд дуртай, түүнийхээ төлөө яахаас ч буцдаггүй, шунал нь барагдахгүй хэмээн Манжийн төрөөс Гадаад Монголыг захирах Монгол Журганы яамны үе үеийн гэрээс бичигт нь байж байх нь тийм учиртай. Монголчуудтай харьцахдаа дуртай цол хэргэм, чулууг нь өгөөд урхидаад байвал болчихно гэсэн санаа юм.
Эзэн биегүй, эзлэхүүн зай талбайгүй, хөнгөн шингэн шагнал (бэлэг, хахууль, авлигын алин нь байж болох) монголчуудыг 200 жил ховстсон тухай үлгэрийг ингэсхийгээд төгсгөөд орчин цаг руу оръё.
“Xятадын лууг малгайн дээрээ шүтээд, магнайн дээрээ алт мөнгө шүр овоолоод, өвөр дүүрэн эрдэнэс даахгүй болтлоо өвөртлөөд гүзээ суучихсан адуучин харсан уу” хэмээн “Оюунлаг Монгол” ТББ-ын тэргүүн нэг эмэгтэй хэвлэлийн хурал дээр ярьж байсныг онч үг болгоод энд хэргээр эшлэчихье.
Социализмын 70 жил, ардчиллын 33 жилд шагнал хэрхэн өрнөв. Лав Mанжийн тэр 200 жилээс бэлэг, шагналын тоо, хэмжээ, ховстсон үзүүлэлтээрээ бүр давж гарна. Мөн л эзлэхүүн зай талбайгүй, хөнгөн шингэн, төр засаг нь өглөө тараалаа гээд ер хохирохгүй шагналын тогтолцоог СССР-ээс хуулбарлан оруулж иржээ.
Социалист нийгэм гэдэг бол зовж зүдэрч, хөлс хүчээ өгч, амь насаа дэнчинд тавьж, бүр үхэлдэж бүтээдэг нийгэм, дараа нь түүнийхээ үр шим, аз жаргалыг (Төрийн одон медаль, баярын бичиг, сайшаалын үнэмлэх гэх мэт) амсдаг нийгэм байсныг бахдалтайяа давтан тэмдэглэе. Бидний аав өвөө нарын үе тийм л байсан юм чинь би буруутгах гээгүй.
Социализмын үеийн сэхээтэн гэж учир нь олдохгүй нэг давхарга байв. “Хөдөлмөрийн” гэж тодотгон байж “хөдөлмөрийн сэхээтэн” гэж алдаршуулахаас бус жирийн сэхээтнээ (жишээ нь эрдэмтэд) тэр бүр алдаршуулахгүй. Нийгэм нь нэгэнтээ ажилчин анги, хоршоолсон малчин гэсэн хоёр ангитай, сэхээтнийг анги гэж үзэхгүйгээс дараагийн бүх буруу тайлбар угшилтай. Иймдээ ч xөдөлмөрчин хүнийг алдаршуулж байгаа нь энэ гэж оюун ухаан, мэдлэг, тархийг тэр бүр шүтдэггүй байв. Хөдөлмөрчин анги нь нам-засгийн төлөвлөгөө даалгаврыг биелүүлэхийн төлөө хар тэнхээгээрээ муйхраар өдөр шөнөгүй зүтгэж ямагт нормоо давуулан биелүүлэх учиртай. Тэгж ч байсан даа.
Тэрхүү үхэлдэн байгуулах нийгэм маань социалист уралдаан, төддүгээр 5 жилийн гавшгайч, шилжин явах туг, аян, коммунист субботник гэсэн элдэв нэр хаягтай явж ирсэн ба ийм сүржин кампанит ажлын дараа улс нийгэм нь хожиж, ард иргэд нь баярын бичиг, сайшаалын үнэмлэх (одоо цагт өргөмжлөл), их хожлоо гэхэд медаль, дахиад хэдэн жил тэсвэл одон, бүр томроод одоо боллоо үхэхэд гомдолгүй гэдгийн босгон дээр гавьяат цол, ардын цол төрөөс нь хөхүүлэн олгодог байсан, одоо ч байгаа.
Хөдөлмөрийнхөө үр шим, аз жаргалыг одон медаль, алдар цолоор орлуулан амсдаг тэр сэтгэхүй нь одоо ч монголчуудаас арилаагүй, мөддөө ч арилахгүй нь шиг бололтой.
- Үргэлжлэл бий
Холбоотой нийтлэл
ХУРД
2024-04-14
ХӨДӨӨГ ЯААЯ ДАА БАЙЗ?
2024-04-14