logo
logo
Шинэ бүтээл

Н.МӨНХБАЯР: ‘’ЖИЙД ХЭЛНИЙ БАДАГС’’-ААС ЖИМС ТҮҮСЭН ТЭМДЭГЛЭЛ

Яруу найрагч Х.Нямхишигийн ‘’Жийд хэлний бадагс’’ шинэ шүлгийн номоос эгэл жирийн амьдралын будаг шунхгүй дүр төрхөөс, эгэл бус субъектив сэрэл мэдрэмжийн амтат жимс боловсорсныг олж харав. Ерөөс бидний ертөнц энгийн болоод энгийн бус сүлэлдсэн зүй тогтолтой мэт. Энгийн, энгийн бус хоёр туйлын дунд амьдрагч хүмүүн өөрийн дотроо бас хоёр туйлтай юм сан уу. Би энэ номоос зарим энгийн бус сонирхолтой мөр бадгийг түүж, жийд хэлтний ууланд жимс амтлах мэт сууна. Тэр юу хэмээвээс:

Зорин ирдэг, өндөглөдөг, үргэдэг, буцаж нисдэг

Зовлонт шувуудтай эх нутагт минь,

Тэр шувуудаас төрсөн мэт яруу найрагчид

Тэнгэр ширтэн зогсмуй.

Ээ дээ,

Шүлэг бичиж л тайтгарахгүй бол

Шүүрс алдуулсаар бэтгэрүүлж мэдэх

Эх нутаг минь!

Ихэнх нь магтан дуулсан, санаж санааширсан, биширч шүтсэн эх нутгийн тухай олон шүлэг байдаг. Энэ шүлэгт ирж, буцаж үргэж, өндөглөдөг зовлонт шувуудтай, түүнээс төрсөн мэт тэнгэр ширтсэн яруу найрагчидтай нутаг дүрслэхдээ шүүрс алдам агшин, уярч тайтгарах хүсэл, санаж хайрласан сэтгэл нэвт шингэсэн нь үнэртэв. Найрагч дотоод сэтгэлийнхээ хөдлөлийг цөөн үгээр мэдрэмжтэй буулгажээ. Эх нутгийн уул ус, өнгө үзэмж, сүр жавхлан, гоё сайхны тухай нэг ч үг өгүүлбэр оруулалгүйгээр хөндүүр сэтгэл, гуниглуун аясаар өөриймсөг хайраа илэрхийлж болдгийг харуулах шиг ээ.

Харанхуй байна,

Харагдахгүй байна, гэвч

Хананд зураг байгаа,

Хүний зураг байгаа,

...Амьдрал, үхлийн завсарт буй мэт

Аймаар ийм харцны өмнө

Унтаж яахан чадах вэ дээ

Үзгээ тулан бослоо.

Унтаж чадахгүйн шалтгаан нь харанхуйд харагдахгүй байгаа хүний зураг. Харагдахгүй байгаа нь байхгүй гэсэн үг биш. Харагдахгүй байгаа ч тэнд байгаа. Тэгэхдээ бүр ХҮНИЙ зураг. Цаанаа ямар ч шалтгаантай байж болно. Ямар ч байлаа гэсэн унтаж чадахааргүй, харанхуйд харагдахгүй байлаа ч харц нь хэвээрээ байгаа. Яг ийм мэдрэмжийг яруу найрагч л мэдэрч чадаж элдэв сэтгэлийн үелзэлд ордог.

Элээнүүд эзэмдэхийн тулд сарвуутай.

Эвэршсэн сарвуу нь гижигдэхийн тулд байсан бол

Ээ дээ, мөчир бүхэн гандахгүй сэн.

Энэ бадаг бол бүр зэн мэдрэмж байна. Яруу найрагчийн дотоод ертөнцийн гайхамшиг нь бодот ахуйн боломжоос хэтийдсэн уран сайхны ахуй юм. Энэ уран сайхны ахуйн дүрслэлийг туурвил зүйн тохирсон аргаар илэрхийлж гэмээнэ сая яруу найраг бүтдэг.

Ер нь энэ бадгийг энгийнээр загварчилж болно л доо. Эзэмдэх- бол шунал хүсэл дээр суурилдаг.

Гижигдэх бол- шунал хүслээс хамаарахгүй бие махбодын мэдрэхүй. Сүйрэл бүхний эх үндэс болсон шунал хүслээс ангид бол амьдралын салаа мөчир бүхэн гандахгүй. Гэхдээ ингэж хэлэх юм бол яруу найраг биш болно. Яруу найргийн хэл ба туурвил зүйн аргаар л, өөрөөр хэлвэл элээний сарвуунд эзэмдэх, гижигдэх үйлийг зүүж модны мөчир гандах гандахгүйг шийдсэнээр дээрх бадаг амилж байна.

Нам гүмд донтогч нэгэн эрийг

Уйт үгстэй нь,

Усан нүдэт үрстэй нь

Намхан нуруундаа үүрч яваа

Гэгээнтний таяг шиг элэгдмэл бүсгүйд

Гэнэ гэнэхэн цэцэг таараасай,

Цэцэг л таараасай!

Борви бохисхийх бүрдээ

Тэр бүсгүй

Хүүхэлдэй нэхнэ.

Бороон дундуур гараас нь хөтөлж явах учиртай

Эр нөхөр нь

Үргэлж зав чөлөөгүй,

Үзэг атган сууна.

Зүрхнийхээ ханхай зайг нөхөхөөр

Тэр бүсгүй

Зүү сүвлэж хүүхэлдэй нэхсээр,

Хүүхэлдэй л нэхсээр...

Н.Н-д гэсэн толгой гарчигтай нэлээд урт энэ шүлгийг уншаад Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн ‘’Найрагчийн эхнэр болж нажидаа эдлээгүйд чинь баяр хүргэе’’ гэсэн үг санаанд оров. Гэхдээ Нямхишигийн эхнэртээ зориулсан энэ шүлэг бол өөр ‘’нажидтай’’ юм. /Нажид гэхээр л унд хоолыг нь хийж урьсан зочдын нь хөлд дарагдаж суудаг гэрийн үйлчлэгч эхнэр байх албагүй л дээ/

Энэ шүлэгт үзэг цаастай нөхөрлөн өдөр шөнөжин нам гүм суугч зохиогчийн дотоод ертөнц, ханьдаа тавьсан хайр хийгээд, үр хүүхэд гэр орноо авч яваа эхнэр-бүсгүйн дотоод ертөнц, түүний гэгээн ариухан сэтгэл хоёулаа сүлэлдэж уншигдана.

Гэгээнтний таяг шиг элэгдмэл бүсгүйд

Гэнэ гэнэхэн цэцэг таараасай,

Цэцэг л таараасай!

Гэсэн мөрүүд найрагчийн ханиа хайрласан сэтгэлийн залбирал мэт уншигдана.

Цэцэг л таараасай! Гэсэн сүүлийн үг яг байраа олж давтагджээ. Хэрэв энэ нөхцөлд давтаж бичигдээгүй бол чин сэтгэлийн үг болж залбирал мэт сонсогдохгүй. Бас илүү нэг давтагдсан бол улиг болж амьгүй сонсогдоно. Энд найрагчийн нам гүмд донтон цаг завгүй сууж ханьдаа халамж дутаасан сэтгэлийн зовнилоос гадна ханийх нь сэтгэл дэх хүүхдийнх шиг гэгээн ариун байдал давхар уншигдана.

Цэцэг л таараасай... Хүүхэлдэй л нэхсээр... гэсэн мөрүүд тухайн эмэгтэй хүний дотоод ертөнцийн гэгээн ариун байдлын дүрслэл. Гэгээлэг ариуныг ЦЭЦЭГ, ХҮҮХЭЛДЭЙ бэлгэдэж чаджээ. Мөнгө хөрөнгө биш.

Ертөнцийн юмс үзэгдэл, хүмүүний амьдрал, хайр сэтгэл, гоо зүйн тухай урт урт уран цэцэлдэг уламжлалт аргаас эрс өөр, энгийн санамсаргүй үйл хөдлөлөөс өлгөн авч дотоод гоо сайхан мөн чанарыг нь нээсэн найрагчийн энэхүү шүлэглэх арга зүй нь шинэ дэвшилтэд санагдлаа. Баярлалаа.

2023.09.19