logo
logo
Нийтлэл & Ярилцлага

СОЦИОЛОГИЧ, ОРЧУУЛАГЧ Д.МӨНХТӨР: ТЭРГҮҮН ФРОНТЫН ДАЙЧИД ба ТЭЖЭЭВЭР ГӨЛӨГНҮҮДИЙН ЦАРАЙ

Цаг үе бүхэн өөр өөрийн сорилттой.

Тэр тусмаа дайн самуун, байгалийн томоохон гамшиг (газар хөдлөлт, хар шуурга, гал усны аюул...) гээд онцгой нөхцөл байдлууд бүгд л өөр өөрийн эрсдэл, буцаахын аргагүй хоолойд тулгасан нөхцлүүдтэй байж...

Тэр нөхцөлүүдийн онцлогоос болоод ажил мэргэжлийн өөр өөр бүлэгт, тухайн цаг үеийнхээ онцгой эрсдэлт бүлэг буюу аюулын өөдөөс сөрж, ачааны хүндийг үүрч одох тавилан ноогдсоор иржээ.

Дэлхийн 1, 2-р дайнд хамрагдсан улс орнуудын энгийн иргэд үй түмээрээ амь үрэгдсэн нь харамсалтай үнэн. Түүнийг юутай ч харьцуулшгүй. Харин тэр дайны ТЭРГҮҮН ФРОНТ бол тэр чигээрээ ЦЭРЭГ АРМИЙНХНЫ ажил байсан юм, шинэ цэргээс авахуулаад буурал генералаа хүртэл. Дайны хамгийн хүнд өдрүүдээр тэргүүн фронтод үхэл амьдрал гэдэг тэдний хувьд нэг өнгөтэй шахуу байсан биз. Тэр зовлонг өнөөгийн мань мэтэс нь мянган сайн кино үзэж мэлмэрээд ч гадарлах аргагүй билээ. Дэлхийн 2-р дайнд амь үрэгдсэн нийт хүний 33 хувь нь ЦЭРГИЙНХЭН байсан юм. Ажил мэргэжлийн ганцхан салбар гэхэд дэндүү том тоо шүү!!!

Харин COVID-19 хэмээгдэгч энэ нэлэнхүй, хил хязгааргүй дайны ТЭРГҮҮН ФРОНТ бол гэнэтийн аюулт тахалтай яах ч аргагүй гардан тулаанд орсон ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХАН, эмч, сувилагч, асрагч нар мөнөөсөө мөн. Тэднийхээ чимээгүй зүтгэлийн ач буянаар бид төдийгөөс өдий хүртэл тэслээ. Үүнд олон таван үг, жишээ нотолгоо хэрэггүй. Одоо би өөрөөрөө жишээ аваад хэлэхэд л, багш бид нар бол тэдэнтэй харьцуулахад, "хар нүднээс хөмсөг гадуур" гэдэг шиг, ажил мэргэжлийн онцлогоосоо болоод энэ үеийн эрсдэл багатай харьцангуй санаа амар хэсгийнхний нэг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Олон улсын Amnesty International байгууллага өнгөрсөн намар "7000 гаруй эмнэлгийн ажилтан бусдын амийг аврах гэж яваад өөрсдөө амь эрсэдсэн нь ноцтой хямрал..." гэж мэдэгдсэн байдаг. Гэхдээ энэ нь бүрэн бус, дарагдсан ч байж магадгүй тоогоор шүү. Тэрнээс хойш энэ тоо хэд ч хүрсэн, хэд ч хүрэх юм бүү мэд.



Харин энэ, тайван амгалан байж болох шинэ цаг үед ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНЫ эрсдлийг заавал үхлийн тоогоор хэмжих албагүй. Цаг наргүй, хоолтой хоолгүй хөдөлмөр зүтгэл, үнэлүүлсэн үнэлүүлээгүй сэтгэл урам, адилхан хүн л болсон хойно үр хүүхэд гэр бүлээ гээд ухармаар байвч мэргэжлийн ёсзүйдээ чирэгдсэн зүтгэл зутрал, төрийг нь зайдагнасан амиа хоохойлогч бүлэглэл, тогтолцооны хүн чанаргүй, ичих нүүргүй, чадваргүй ажиллагааны золиос болсон зэвсэг хэрэгсэлгүй жирийн эмч сувилагч нарын гар нүцгэн тулаан, эцэст нь бас ажлын онцлогоосоо болоод нүүрэлдэж болох өвчин эмгэг, үхэл хагацал...



Товчхондоо энэ бэрх үеийн ачааны хүндийг нуруундаа үүрч, өлсөж цангаж, ядарч туйлдсан ч өргөсөн тангаргаа амандаа чимээгүйхэн давтаж, шүд зуун тулаанд орж буй ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫНХНАА ХАЙРЛАЦГААЯ, УУЦЫГ НЬ ХУГАЛАЛГҮЙ УРМААР ДЭМЖИЦГЭЭЕ.

Нөгөө талаас, "Ядаж байхад энэ тэнгэрийн царайг..." гэдэг шиг, ядарсан ч цаана чинь улс орноороо хичээж байхад, энэ төр засагт үүрлэчихсэн тэжээвэр гөлөгнүүдийн идүүр дэх ясаа булаацалдаад авирлаж байгаа царайг!!!


          зургийг шог зураач С.Цогтбаяр
"Улсын хэмжээнд ... ийм ганцхан аппараттай.." гэж бүх телевизийнхээ бүх мэдээгээр дэлхийгээр нэг 3 сая иргэнийхээ бөгсийг улайтал зарлуулахдаа эдний бөгс нь биш гэхэд ядаж нүүр нь яагаад улайдаггүй юм болоо?

Миний бодлоор, COVID-19 ЦАР ТАХЛЫН СОРИЛТОД ОРУУЛЖ БУЙ ХАМГИЙН ГОЛ ЗҮЙЛ БОЛ УЛС ОРНУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮТЭЙ, УЛС ОРНУУДЫН НИЙГМИЙН ЕРӨНХИЙ ЭРҮҮЛ МЭНД, ЗАСАГЛАЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДАЛ ЮМ.

Харамсалтай нь бид энэ шалгалтад дэлхий нийтийн нүдэн дээр унаж байна.

                                                                                                                СОЦИОЛОГИЧ, ОРЧУУЛАГЧ Д.МӨНХТӨР
                                                                                                                                 
/Бичвэрийг зохиогчын зөвшөөрөлтэй нийтлэв/

Холбоотой нийтлэл