logo
logo
Нийтлэл & Ярилцлага

Б.ЦЭДЭНДАШ: БАЙШИНГИЙНХАА ХАНАН ПИЙШИН ДЭЭР ШҮЛЭГ БИЧДЭГ ХҮН

Бадарчийн Цэдэндаш. Хуучин номын худалдаачин. Эрдэнэт хотын төв гудамжинд хорин хоёр жил тасралтгүй сууж, хуучин ном худалдаалж буй. Тэр бас шүлэгч, зураач. Жижигхэн байшингийнхаа хана туургыг өөрийн зургаар чимэглэж, ханан пийшингийнхээ гадаргыг эхнэртээ зориулсан хайрын шүлгүүдээр дүүргэж буй нэгэн. Тэр бас уншигч. Уран зохиолын номуудыг, тэр дундаа орос номуудыг ууж идэх мэт уншиж өссөн, өдгөө ч уншсаар л буй. Социализмын сүүлийн жилүүдэд “Эрдэнэт үйлдвэр”-т зураачаар ажиллаж, Майн баяр болоод Октябрийн баяраар Лениний хөргийг маш томоор зурдаг байсан атлаа ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг. Нэн сонирхолтой ийм нэгэн хүнтэй халуун яриа өрнүүлснээ та бүхэнд толилуулж байна.  

1. БИ НЭГ ТЭРСҮҮД НАЙЗТАЙ



- Тэртээх 1989 оноос яриагаа эхлэх үү?

- Би тэр үед ГОК-ын РСЦ-д зураачаар ажиллаж байсан юм. Ажил дээрээ салбар зөвлөл байгуулж хэсэг бужигнуулаад...

- Ямар учиртай салбар зөвлөл вэ­?

- Зах зээлийн нийгэмд шилжих уур амьсгал орж байсан үе. Залуусыг ардчилалд хамруулах, хүмүүст ардчилалыг таниулах зорилготой. Би нэг тэрсүүд найзтай хүн. Түүний нөлөө их байсан л даа. Нэргүй гэдэг юм, тэр үед барилгын цехэд ажиллаж байсан залуу. Тэр маань нэлээд эсэргүү яриатай. Бид хоёр их дотно, ер нь их задгай байсан л даа. Тийм ч нам байгуулна, нам байгуулвал ийм ч нэр өгнө гэлцээд л, тэгж байтал хотод иймэрхүү хөдөлгөөн үүслээ гэсэн яриа гарлаа. Нэг орой яруу найрагч Л.Болдсайханыд яваад ортол хотоос баахан ухуулах хуудас ирсэн гээд надад үзүүлж байна. Түүнийг нь би хамт олондоо аваачиж үзүүлж харууллаа. Тэгэнгүүтээ нэг хурал хийгээд салбар зөвлөлийнхөө зохицуулагч болчихсон юм. Сүүлдээ дарга нартайгаа ч таарамж муутай боллоо, зураачийн орон тоо ч байхгүй боллоо, зах зээлийн нийгэмд ч шилжчихлээ, тэгээд л төвөгшөөгөөд ажлаасаа гарчихсан.

- Найзтайгаа бүр нам байгуулна гэж ярьдаг байж шүү дээ. Энэ тухайгаа жаахан дэлгэрүүлж ярихгүй юу?

- Түүнээс өмнө нэг сонин юм болсон л доо. Манай эвлэлийн үүрийн дарга, Нэргүй, эхнэр бид хэд нэг удаа шар айраг ууцгаалаа. Тэр үед архи дарс ховор, бид хааяа уухаараа “Эрдэнэт” гэдэг шар айраг аваад, хоёр гурвыг уугаад л тардаг байсан юм. Тэгээд сууцгааж байтал нөгөө Нэргүй маань “Энэ оросууд арай л даварч байна, биднийг дээрэлхэж байна, хамаг баялгийг цөлмөж байна, Оросын консулыг буудна” гээд л баахан дөвчигнөлөө. Тэгээд тарцгаасан юм. Маргааш нь ажил дээрээ сууж байтал энгийн хувцастай хоёр хүн ороод ирлээ. “Өрөөнд байгаа хүмүүсээ гаргачихгүй юу” гэж байна. Манай өрөөнд байсан хүмүүс ч гарлаа. Гэтэл НАХЯ-ны хүмүүс байж л дээ. “Нэргүй та хоёр найз уу” гэж байна, “Найз” л гэлээ. Баахан байцаав аа. “Нэргүй буутай юу” энэ тэр гээд л. Тэгснээ “Энэ хүмүүстээ хөдөөнөөс миний ах дүү ирсэн юм гээд хэлчихээрэй” гэчихээд гараад явчихлаа. Тэгээд л Нэргүйг маань үйлдвэрийн удирдлагууд оролдоод эхэлсэн юм. Ер нь Нэргүй их сонин хүн л дээ. Тэр үед хуучин монгол бичиг сурна гээд ном тэврээд хэвтчихдэг байсан юм. Бид хоёр одоо ч найзууд хэвээрээ л байна.

2. НОМ УНШИХ БОЛ ГАЙХАМШГИЙГ МЭДРЭХҮЙ ЮМ. ГАЙХАМШГИЙГ МЭДРЭХГҮЙ ХОРВООГ БАРНА ГЭДЭГ АЙМШИГ

- Та уншигч, уран бүтээлч, хуучин номын худалдаачин хүн. Бүхий л амьдралаа номтой холбосон хүний хувьд ном гэдэг зүйлийг өөрийнхөөрөө, хамгийн товчоор тодорхойлбол?

- Номыг хүмүүс янз бүрээр л тодорхойлдог. Миний хувьд, нэг үгээр хэлэхэд, ном бол гайхамшиг юм даа. Ном уншдаггүй хүн бол гайхамшгийн хажуугаар зүгээр л өнгөрөөд байна гэсэн үг. Энэ ч бас надад гайхмаар санагддаг.

- Ном уншихын гол ач холбогдол нь юу вэ?

- Мөн л олон янзаар хэлж болно. Таашаал, танин мэдэхүй, хүмүүжүүлэх ач холбогдол гэхчилэн. Гэхдээ бол гайхамшгийг мэдрэхүй л юм даа. Гайхамшгийг мэдрэхгүй хорвоог барна гэдэг аймшиг. Хүмүүс “Насаараа ном уншсан чиний баян тарган, сайн сайхан болсон чинь хаана байна” гэх шахуу юм ярьж л байдаг юм. Энэ чинь их барьцгүй зүйл шүү дээ. “Өө, би ухаантай болчихсон” гэх аргагүй. Жишээ нь, би үнэтэй хаусд амьдарч байсан бол номын хүчээр гэх сэн. Тийм юм байхгүй. Би нэг гоё үг олж уншсан юм. “Ном уншдаг хүн бол мянга мянган хүний амьдралаар амьдарна, ном уншдаггүй хүн зөвхөн өөрийнхөө амьдралаар амьдарна” гэж. Ердөө л энэ байхгүй юу. Бас нэг юм бий. Ном уншдаг хүн туйлширдаггүй болдог юм. аливаа юмыг логиктой сэтгэдэг юм. Нэгд туйлширдаггүй, хоёрт жаахан логиктой сэтгэдэг байхад л хүн ер нь тэгээд болчихно шүү дээ.

- Таныг ном зараад сууж байхад мэдээж янз бүрийн уншигчид очиж байгаа. Та тэр уншигчдаас юу анзаардаг вэ? Жишээ нь, таны ном зарсан хорин хоёр жилийн хугацаанд уншигчид хэрхэн өөрчлөгдсөн бэ?

- Хорин хоёр жил гэдэг багагүй хугацаа. Энэ хооронд нийгэмд ч, хүний оюун санаанд ч хөгжил явагдаж байна. Эхэн үедээ Ж.Чэйзийн зохиолуудыг уншдаг нэг давалгаа байсан юм. Дараа нь арай өөрчлөгдөөд далдын хүч ч юм уу, чөтгөр шулмын сэдэвтэй номууд их асууцгаадаг болсон. Сүүлд нь баяжих арга ч гэх юм уу, хэрхэн мөнгөтэй болох вэ гэх мэтийн номууд их уншицгаадаг болсон. Яг одоо бол хувь хүний хөгжлийн талаарх номууд л гүйлгээтэй байна даа. Энэ бүхнийг би хүний оюун санаанд хөгжил явагдаж байна, уншигчдын түвшин дээшилж байна гэж хардаг. Бас нийгмийн хөгжлийн шатлалыг харуулж байна шүү дээ.

- Таны бодлоор уншигчдыг хэд ангилж болох вэ?

- За, миний бодлоор уншдаггүй, уншдаг, маш их уншдаг, элит түвшний уншигч гээд дөрөв ангилчихаж болно. Огт уншдаггүй хүнд ном бариулахад хоёр хуудас эргүүлээд л унтаад өгнө шүү дээ. Энэ бол уншдаггүй хүн. Бас халтар хултар уншдаг нэг бүлэг байна. Сураг таамгаар голдуу уншдаг хэсэг гэсэн үг. Мөн хэнээс ч хараат бишээр, өөрөө номоо сонгоод уншдаг хүмүүс байна. За, элит хэсэг бол ойлгомжтой шүү дээ. Хар багаасаа уншчихсан, уншихыг бүр дадал, амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгочихсон уншигчид.

- Таны хамгийн дуртай зохиолч, зохиол тань?

- Антон Чехов, Иван Бунин, Иван Тургеневт дуртай. Миний дуртай зохиолчид ер нь орос голцуу юм байна. Хамгийн дуртай зохиол гэвэл Марк  Твений “Приключения Гекльберри Финна” (Гекльберри Финнад тохиолдсон адал явдал) хэмээх ном бий. Үүнийг хүүхдийн зохиол гээд байдаг юм. Эрнест Хэмингуэй “Америкийн уран зохиол Гекльберри Финнээс эхэлсэн” гэж хэлсэн юм билээ. Би энэ зохиолыг дөнгөж хоёр хоногийн өмнө дөрөв дэх удаагаа уншлаа. Сайн ном ингэж уншигддаг юм. Дахиад нэг номын тухай ярья. Данийн алдарт зохиолч Мартин Андерсен Нексегийн “Дитте дитя человеческое” (Хүний бяцхан үр Дитте) хэмээх ном. Энэ номыг би хүүхэд байхдаа уншаад бүр мэлмэртлээ уйлсан юм. Ном уншаад анх удаагаа уйлсан нь тэр. Сүүлд цэрэгт очоод, цэргийн ангийн номын санд тэр ном байхаар нь уншихаар авлаа. Тэгээд дахин уншихдаа бас л уйлсан. Бүх насаараа зовчихоод, ямар ч жаргал үзэхгүйгээр амьдрал нь төгсөж байгаа нэгэн эмэгтэйн тухай зохиол. Бүр гайхмаар, жаахан ч жаргал байхгүй юу гэж асуумаар.

- Таны гэрийн тань номын сангийн онцлог юу вэ? Номын сандаа байгаа хамгийн ховор нандин номыг нэрлэвэл?

- Өөрийгөө рекламдах гэж ном өрөх, үнэн сэтгэлээсээ унших гэж ном өрөх хоёр өөр л дөө. Миний хувьд бол дахиад нэг сөхөөд харчих шаардлагатай гэснээ л номын сандаа байлгадаг. За, эдгээрээсээ хоёр ном онцолъё. Эхнийх нь Я.Отченашекийн “Ромео Жульетта хоёр харанхуйд” хэмээх нимгэхэн ном. Яагаад ч юм, энэ номыг хүмүүс сайн мэддэггүй юм билээ. Уншаад жинхэнэ таашаал авсан номуудын маань нэг. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн тухай ном. Нэгэн еврей хүүхэн гардаг юм. Зугатаж явахад нь нэгэн залуу өрөөндөө оруулж нуугаад, улмаар хайр сэтгэлтэй болдог тухай, товчхондоо бол нэг тийм романтик хайрын тухай зохиол. Хоёр дахь ном нь гэвэл Марина Цветаевагийнх. Бичгийн машинаар шивсэн чигээр нь, ямар ч нэр усгүйгээр хэвлэсэн, орос хэл дээрх эхний хувилбар нь юм билээ. Бүх зүйлд коммунист цензур тогтоодог байсан тэр цаг үед хөөрхий зохиолчид өөрсдийн зохиол бүтээлээ хүмүүст хүргэхийн мөрөөсөл болно шүү дээ. Тэгэхээр тухайн үед хяналтан доорх, хяналтаас гадуурх гэсэн хоёр хэвлэл байсан юм шиг байна лээ. М.Цветаевагийн хэлсэн “Жизнь вокзал, скоро уеду, куда - не скажу” (Амьдрал бол галт тэрэгний буудал, би удахгүй явна, гэхдээ хаашаа гэдгээ хэлэхгүй) гэсэн үг байдаг юм. Би энэ үгэнд нь зориулж нэг ийм шүлэг бичсэн юм.  

Эль хуль, эзэнгүй энэ буудал дээр

Энхрийхэн Муся элгээ эвхээд зогсоно.

Хаашаа ч юм жигшин зугтахаар

Хөмхий зуун шийдсэн мэт харагдана.

Дурлал хайр одоо түүнд байхгүй ээ,

Тэгээд л ийм уйтгартай байгаа юм.

Тэр бид хоёр үүгээрээ л их адилхан,

Дурлахгүйгээр бид амьдарч чадахгүй.

Удахгүй явна даа, удахгүй ээ гэж

Учиргүй яаран шивнэж байсан даа.

Уйлахгүй тэснэ дээ, уйлахгүй ээ гэж

Уруулаа зуугаад тэвчиж байсан даа.

Хар даашинзаа хэрэг болгон өмсөөд

Хаа очих гэж ингэтэл яарсан юм бол?

Хэн ч үгүй хоосон энэ буудал дээр

Харанхуй шөнөөр юунд ирсэн юм бол?

Хаа хүрэхээ тэр хэнд ч хэлээгүй ээ,

Хүнгүй, эзгүй галт тэргэнд суугаад

Хүжигнэх дуунд нь өөрийгөө бүүвэйлсээр

Түнэр харанхуй руу яваад өгсөн дөө,

Муся минь.

- Яагаад заавал хуучин ном зарах болов?

- Нэгдүгээрт амь зуухын тулд, хоёрдугаарт, дам дамандаа бол бусдад оюуны таашаал өгөх, бүр томоор ярих юм бол Эрдэнэтийн ард түмэнд соён гэгээрэл түгээх (инээв). Нэг хүн ном унших, тэр чинь л гоё шүү дээ. Авахгүй ч гэсэн ном үзээд зогсож байгаа хүн гоё харагддаг. Зарах зарахгүй нь гол биш, ингээд л сууж байх нь сайхан. Гэхдээ нэг их бурханлаг юм яриад яахав, хорин хэдэн жил Эрдэнэтийнхэн ном авч намайг тэжээсэн нь үнэн. Хамгийн гол нь энэ хугацаанд би маш баяр баясгалантайгаар ном зарсан л байхгүй юу. Товчхондоо мах зардаг, эсвэл ундаа зардаг хүнээс илүү баяр баясгалантайгаар л энэ хорин хоёр жилийг өнгөрөөсөн. Хуучин номын үнэр нь гоё юм даа.



- Энэ хугацаанд та хуучин ном зарах ажлаа больё, өөрчилье гэсэн бодол төрж байв уу?

- Үгүй. Гэхдээ би номыг ургуулахгүй шүү дээ. Хэн нэгнээс авч л таарна. Үндсэндээ ченж л гэсэн үг. Тэнд энд ном байна, очоод аваарай гэхэд бөөн баяр болдог. Ямар ном байгаа бол, юу байгаа бол гээд л догдлоно. Тэгээд л авлаа, авчирлаа, энд асгалаа. Энэ ийм ном, тэр тийм ном гээд ялгаж суух үнэхээр сайхан шүү. Гоё номыг хурдан зарчихалгүй, лангуун дээрээ байлгаад л баймаар санагддаг юм. Нэг зүйлийг хэлэхэд ном зардаг хүн номоо маш сайн мэддэг, уншсан байх ёстой. Би нэг удаа хотод очоод гутсан юм. Сэлбийн гүүрний тэнд байдаг хуучин номын павильонд оров оо. Ном сонирхоод зогсож байтал нэг охин ороод ирлээ. Худалдагчаас нь А.С Гребоедовын “Ухаантны зовлон” байна уу гэж асуулаа. Тэгтэл нөгөө худалдагч нь “Тийм ном байдаг юм уу, мэдэхгүй юм байна” гэдэг юм даа. Би тийм хүмүүс ном зарж байгаад дургүй.

3. БИ ЭНЭ АМЬДРАЛД БЭРХЭЭР БИШ, ЭРХЭЭР ЯВАА ХҮН



- Уран зурагтай хэдийнээс холбогдов? 

- Хар багаасаа л зурах сонирхолтой байсан. Ээж маань бага ангийн багш, намайг хөгжүүлэх гэж их хичээдэг байсан юм. Миний бүх юм ер нь ээжтэй холбоотой л доо. Намайг бүр жаахан байхад хичээл дээрээ дагуулж очоод, арын ширээнд суулгачихна. Тэгсээр байгаад би нэгдүгээр ангид орохдоо уншиж бичээд сурчихсан, бүр роман унших хэмжээнд оччихсон байсан юм. Бусад хүүхдүүд А, Б, ААВ гэхчилэн үсэг үзэж байхад би ширээн доороо роман хийчихээд л уншиж суудаг байлаа. Өөр яах вэ дээ (инээв). Нэг өдөр бага ангийн багшдаа баригдчихав аа. Багш маань миний уншиж байсан номыг хүүхдүүдэд харуулаад, “Хүүе ээ, энэ хүүхэд ном уншиж байна. Ямар мундаг юм бэ” гээд л бөөн сүйд майд боллоо. Тэгээд л бага ангийн багш маань намайг эрхлүүлчихсэн, би ч бүр дархлагдчихсан. Хичээл орж байхад би номоо уншаад л сууж байна. Тэгэх ер нь дэмий юм билээ. Гэтэл дөрөвдүгээр ангиа төгсөх болов оо. Би монгол хэл, уран зохиолдоо онц, бусад бүх хичээлдээ муу. Нөгөө багш заахаа мартчихсан, би сурахаа мартчихсан (инээв). Тэгж явсаар долдугаар ангиа нэг юм төгслөө. Ээж маань намайг Дүрслэх урлагийн дунд сургуульд оруулна гээд, тэгэхээр нь ватум цаасан дээр зурсан хэдэн зураг аваад тэр сургууль руу очлоо. Захирал нь төрийн соёрхолт зураач Д.Амгалан байсан юм. Ямар ч байсан тэнцээд орлоо. Тэр үед боловсролын систем их буруу байсан санагддаг юм. Зургийн сургуульд дандаа ерөнхий эрдмийн хичээл заана. Нэг жил сурлаа. Зургийн хичээлдээ онц гардаг хэрнээ алгебр, физик, химидээ явдаггүй ээ. Дүрслэх урлагийн дунд сургууль гурван хичээлд л муу гарвал хасах журамтай байсан юм. Тэгтэл би таван хичээлд муу гарчихав аа. Тэгээд дахиж очоогүй.  Би энэ амьдралд ер нь бэрхээр биш, эрхээр явсан хүн дээ.

- Өөрийнхөө яруу найргийн тухайд?

- Би өөрийгөө яруу найрагч гэж боддоггүй. Гэхдээ хэдэн шүлгүүдээ эмхэтгээд “Элегия1”, “Элегия-2” нэртэйгээр хэвлүүлсэн. “Элегия-3” буюу гурав дахь номоо сая хэвлэлд шилжүүллээ. Зүгээр л эхнэртээ зориулж хэвлүүлдэг юм. Эхнэр маань надаар их бахархдаг. Би жил бүрийн 3-р сарын 8-нд эхнэртээ зориулж, байшингийнхаа ханан пийшин дээр дөрвөн мөрт шүлэг бичиж үлдээдэг юм. Одоо бүр уламжлал болчихож дээ.







- Та ГОК-д зураачаар ажиллаж байхдаа тухайн цаг үе болоод ажлын шаардлагаар социалист уриа лоозон бичдэг, удирдагчид болоод хөдөлмөрчдийн зураг зурдаг ажилтай байж. Тэдгээрээс тань ямар нэгэн байдлаар хадгалагдаж үлдсэн бүтээл бий юу?

- Тийм ээ, янз бүрийн л юм зурдаг байсан. Гурван метр өндөртэй Лениний хөрөг хүртэл зурж байлаа. Үлдэж хоцорсон зураг байхгүй ээ. Аан нээрэн, городоос ГОК руу явах замд “Эрдэнэсийн овоо” гээд орос, монголоор миний бичсэн самбар байдаг юм. Тэр л үлдсэн байх.

 

Ярилцсан: Х.Нямхишиг

Холбоотой нийтлэл