Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
2020-08-15Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллалаа
Өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг Эрхлэх Газрын дэд дарга Б.Энх-Амгалан нар, яамны газар, хэлтсийн дарга, албаны хүмүүсийн хамт зочиллоо. Эрдэнэт үйлдвэрийг зорьж Орхон аймагт хүрэлцэн ирсэн салбарын сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга тэргүүтэй албаны хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр, Үйлдвэрийн бодлогын газрын дарга П.Батболор нар болон Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд, Уурхайчин хамт олон халуун дотноор хүлээн авч уулзлаа. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, Уул уурхайн салбарын мэргэжлийн хүн сайд болсонд талархалтай байгаагаа илэрхийлэн, шинээр томилогдсон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндонд ажлын амжилт хүсэж, албан томилолтоор хүрэлцэн ирсэн зочдод Эрдэнэт үйлдвэрийн өнгөрсөн болон өнөөгийн үйлдвэрлэл, үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Эрдэнэт үйлдвэр түүхэн 42 жилийнхээ хугацаанд 38 жилд нь Монгол, Оросын хамтарсан үйлдвэр, сүүлийн 4 жилд Үндэсний үйлдвэр болон ажиллаж байгаа. Үүнээс эхний 3 жилд төр 51%, хувийн хэвшлийн 49%-ийн эзэмшлийн маргаантай байсан цаг үед ч Эрдэнэтийн уурхайчид үйлдвэрлэлийнхээ тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын төлөө хичээн ажилласан. Харин сүүлийн нэг жил гаран хугацаанд 100% төрийн өмчийн статустайгаар ажиллалаа. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрт нүүрлээд байсан засаглалын хямрал арилсан. Уул уурхайн салбар, тэр дундаа Эрдэнэт үйлдвэр холыг харж ажиллах ёстой. Тиймдээ ч Алсын хараа, Эрхэм зорилгоо баталж, баримтлан ажиллах Бодлогоо тодорхойлсноо Ерөнхий захирал танилцуулсан.
Тэрээр цааш нь, “Өнгөрсөн 4 жилийн хугацааг дүгнэж хэлэхэд, Эрдэнэт үйлдвэрийн уурхайчин хамт олон 2019 онд 37,2 тонн хүдэр олборлож, 32,2 сая тонн хүдэр боловсруулсан нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон. Мөн эдийн засаг, санхүүгийн үзүүлэлт ч гэсэн энийгээ дагаад өссөн. Хамгийн гол нь бид Үндэсний баялгаа улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлж байгаа орлогоороо дүгнэж үзэж байгаа. 2016 онд Эрдэнэт үйлдвэр улс, орон нутгийн төсөвт 184 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол, 2019 онд энэ дүн нэг их наяд төгрөгт дөхсөн. Бусад татвар, хураамж, төлбөр зэргийг нэмж тооцвол энэ дүн 1,2 их наяд төгрөгт хүрсэн. Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс бол эрдэс баялгийн нөөц юм. Сүүлийн гурван жилд бид 20 гаруй сая долларын хөрөнгө оруулалтыг геологи, хайгуулын ажилд хийсэн. Үүний үр дүнд үйлдвэрийнхээ насжилтыг 20 жилээр нэмэгдүүлж, Эрдэнэт үйлдвэр өнөөдрөөс цааш наанадаж 60 жил ажиллана. Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар аль нэгэн гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад ямар ч өр, зээлийн төлбөргүй болсон. Ингэснээр бид ирээдүйд олон том төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдаж болохуйц санхүү, эдийн засгийн яриа хэлэлцээрийг төр, засгийн дэмжлэгтэйгээр хийхэд бэлэн болсон гэж ойлгож байгаа” хэмээн ярьлаа.
Холбоотой нийтлэл
МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА
2021-11-12