ИХ ХОРИГИЙН ТУХАЙ
Чингис хааны болон гэр бүлийн бүх оршуулгууд Бурхан халдунд орших Их хоригт байдаг, Их хоригийг Урианхайн Удач ноёноор ахлуулсан мянгат сахин хамгаалдаг талаар Персийн түүхч Рашид ад Дин “Судрын чуулган” хэмээх сурвалжаа дурдсан байдаг. Үүнээс үндэслэл болгон Их хориг, Чингисийн онгоныг эрэн сурвалжлах хайгуул судалгаа, түүхэн судалгааны ажил эхэлсэн болно.
Анх 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн дарга О. Жамъян, нэрт орчуулагч Ч. Батдорж, Л. Дэндэв нар хүрээлэнгийн дэргэд “Чингис хааны төрсөн болон онголсон нутгийг тогтоох комисс” байгуулан Юань улсын 110 дэвтэр түүхийг орчуулж, хайгуул судалгааны ажлыг зохиосон байдаг ба 1928 онд Дэлүүн болдгийг сурвалжилсан нь гэдэг өгүүллээ нийтлүүлсэн байна.
Үүнээс хойш Өрнө, Дорнын эрдэмтэд Чингис хаан, Монголын нууц товчоо, Чингисийг онголсон газрыг судлах судалгааг хийж байсан бөгөөд 1950-аад оноос энэхүү ажлыг гол хэсгийг Монголын ууган Археологч Х.Пэрлээ хийж гүйцэтгэсэн байдаг. 1955 оноос “Монголын нууц товчоонд байдаг газар усны нэрийг хайн олсон”, “Онон-Хэрлэнгийн Монголчууд”, “Хятан улсын үеийн Монгол орон дахь аймгууд”, “Хятан гүрний үеийн гурван мөрний эхний монгол аймгууд”, “Монголчуудын аймгийн холбоо”, “Гурван мөрний монголчуудын аман түүхийн мөрийг мөшгөсөн нь”, “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” зэрэг судалгааны бүтээлүүд туурвиж гаргасан нь гурван голын сав нутгийн түүх, археологийн судалгааны үндэс суурь болж болдог. Х. Пэрлээ нь 12-р зууны эхэн хүртэлх монгол аймгуудын тэргүүнүүдийг нэгэн газар оршуулж түүнийгээ ихсийн газар хэмээн нэрлэдэг байсан бөгөөд Их Монгол улсын үед тус үзэл нь өргөжиж Их хориг хэмээгдэх болсон гэж үзсэн байдаг.
1961 онд Монгол-Ардчилсан Германы хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулж Онон-Хэрлэнгийн эхээр түүхэн газар усыг судалсны үр дүнд Бурхан Халдун уулыг одоогийн Их Хэнтий уул мөн хэмээн үзжээ.
Мөн Германы эрдэмтэн Иоханнес Шуберт Хэнтий нутгаар судалгааны ажил хийж түүнийхээ үр дүнд “Бурхан Халдунд гарсан нь”, “БНМАУ-д явуулсан шинжилгээний аялал” зэрэг ном хэвлүүлж Х. Пэрлээтэй адил санал дүгнэлт гаргасан байдаг.
Оросын эрдэмтэн В. В. Барьтольд “Долнуур хотоос Хэрлэн орох замд Тас ууланд Монгол хаадын булш бий Их хоригийг хуучин хоригч нар ч танихын аргагүй нууцалдаг” байсан хэмээн дурдсан байна.
1984-1989 онд эрдэмтэн С. Бадамхатан Их Хэнтий нуруу, Бага Хэнтий нуруу, Туул, Онон, Хэрлэн голын сав дахь газар усны нэрийг нэг бүрчлэн бүртгэн Монголын Нууц Товчоонд тэмдэглэсэн газар усны нэрийн судалсан Х. Пэрлээгийн судалгааны үндсэн дээр харьцуулсан судалгааг хийж Хисийн газар, Их хоригийн нутгийн дуусийг тодотгоход чиглэсэн байсан байна. Тэрээр дээр дурдсан газруудад 7 жилийн хугацаанд жил бүр 30-40 орчим хоног морин хайгуул хийж мянга гаруй газар усны нэр бүртгэн авч судалгааны боловсруулалт хийсэн байдаг.
Энэхүү судалгааг үргэлжлүүлэн Монгол-Японы хамтарсан “Гурван гол” судалгааны төсөл 1990-1993 онд хэрэгжсэн бөгөөд тус төслийг Монголын талаас С. Бадамхатан тэргүүлж байсан болно.
Тэрээр “Гурван гол” төсөл хэрэгжиж дууссаны дараа 1997 онд “Чингис хаан: Би энд нойрсоно” нэртэй нэгэн сэдэвт зохиол гаргаж, үүндээ 1984-1989 оны судалгааны хэрэглэгдэхүүн, 1990-1993 онд зохион байгуулагдсан Монгол-Японы “Гурван гол” төслийн хээрийн судалгаан мэдээлэлд үндэслэн санал бодол байр сууриа илэрхийлсэн байдаг. Түүний үзсэнээр Бурхан Халдун уул, түүний эргэн тойрон хүрээлсэн өндөр сарьдаг уулс нь Ихсийн газар, Их хориг мөн хэмээн судалгаан дээр үндэслэн тайлбарласан нь өндөр ач холбогдолтойд тооцогддог.
Дээрх бүтээлээс гадна тухайн сэдвээр Археологч Д. Баяр “Эртний нүүдэлчдийн өвөг дээдсээ тахих ёсон хийгээд Чингис хааны онгон”, “Эртний Монголчуудын оршуулгын зан үйл”, Т. Базаргүр, Б. Энхбаяр “Чингис хааны төрсөн ба оршуулсан газар(түүхэн газарзүйн судалгаа)”, С. Өлзийбаяр “МНТ дахь Ихсийн газрын талаар цөөн хэдэн үг”, З. Батсайхан, Н. Даваа, Ж. Бор нарын “Тэнгэрийн овоо их хааны бунхан мөн үү(Бурхан Халдуны Ихсийн газар дахь Монголын Их хаадын оршуулга)” зэрэг цөөнгүй судалгааны өгүүлэл бичигдсэн байдаг бөгөөд Ихсийн газар, Их хоригийн судалгаа одоо хүртэл хийгдсээр байна.
Холбоотой нийтлэл
‘’ХЭРЛЭН ГОЛ’’ нэрийн тухайд
2020-12-05