Орхон аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан цахимаар хуралдаж байна.
Хуралдаанаар Орхон аймгийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хэмжээнд газрын харилцааны талаар 2020 онд хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлт, 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай, 2020 оны төсөвт зохицуулалт хийх тухай, 2021 оны төсөв, түрээсийн орон сууцны төсөв батлах тухай асуудлуудыг тус тус хэлэлцэн батална.
Хуралдаан 09:00 цагт эхэлсэн бөгөөд нийт 31 төлөөлөгч оролцож төлөөлөгчдийн ирц 74 хувьтай байна.
Эхний асуудал болох Орхон аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хэлэлцэж төлөөлөгчдийн 97,3 хувийн саналаар батлагдлаа. Төсөлтэй холбоотой 33 асуулт, 40 орчим санал гарчээ. Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Эрүүл, бүтээлч, хөгжих тэмүүлэлтэй-Эрдэнэт хүн, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Тогтвортой засаглал-Эрдэнэт хүн, Ногоон-Эрдэнэт хот, Аюулгүй, амар тайван -Эрдэнэт хот, Тогтвортой хөгжил-Эрдэнэт хот гэсэн 8 бүлэг 196 зорилтоос бүрдэж буй юм.
Эрдэнэтийн хөгжил, хүний хөгжил хэмээх суурь ойлголтыг тусгасан Эрдэнэт хүн, Эрдэнэт хот, Эрдэнэт хүч гэсэн гурван тулгуурт бодлогод тулгуурлан боловсруулсан гэдгийг ажлын хэсгийн ахлагч аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэллээ. Хуралдаан үргэлжилж байна.