Эдүгээ, бизнес эрхлэгчид, дэлхий даяар франчайзинг руу хошуурч байна. Олон улсад танигдсан брэндийг төлөөлөх эрх авч, бараа, үйлчилгээг нь орон нутгийн зах зээлд нэвтрүүлэх нь өөрийн бизнесээ шинээр эхлүүлснээс эрсдэл, зардал багатай ажээ. Эрсдэл буурснаар тогтвортой хөгжиж, эдийн засагт бодит үнэ цэнэ, өсөлтийг авч ирдэг. Энэ бол бас өр тавихгүй, нэмж хөрөнгө гаргахгүйгээр бизнесээ өргөжүүлэх сайхан боломж. Франчайзинг олгож буй тал нь авч буй талдаа өөрийн бизнесээ нээж, цааш нь авч явах боломжийг олгохоос гадна шаардлагатай хөрөнгө оруулалтыг гаргадаг. Ийнхүү бусдын хөрөнгөөр өөрийн бизнесийг өсгөх алтан боломжийг олгодог юм.
Үйлчлүүлэгч нь дэлхийн аль ч хэсэгт аялаж, амьдрахдаа өөрийн мэддэг, дассан бараа, бүтээгдэхүүнээ хэрэглэж, олон улсын стандартын үйлчилгээ авах боломжийг франчайзинг бизнес олгож байна. Франчайзинг олгогч нь зах зээлээ өргөжүүлэхэд тулгардаг эрсдлээ эрс багасгаж, зөвхөн брэндийнхээ нөү-хау, стандартыг хянах, засах үүрэг хүлээдэг. Харин эрх хүлээн авагч тал нь нэгэнт танигдсан брэндийн нэр хүнд төдийгүй, туршлага мэдлэг, ололт амжилт дээр тулгуурлах замаар эрсдлээ багасган, үйл ажиллагаа явуулдаг. Франчайзинг нь хоёр талын харилцан үр ашигтай хамтын ажиллагаан дээр суурилдаг. Бизнес бүхлээрээ амжилттай, өгөөжтэй ажиллаж байж л франчайзинг эрх олгогч, эрх хүлээн авагч тал тус тусын ашгаа хүртдэг.
Олон улсад
Даяарчлагдсан эрин зуунд, энэхүү франчайзинг бизнес ихэнх улсын эдийн засгийн өсөлтийн нэгэн том хөдөлгүүр болоод байна. 2016 онд дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-д хувийн хэвшлийн нийт ажлын байрны 10 хувь буюу 16 сая нь франчайзингийн бизнест ногдож байна. ДНБ-ийх нь 7.4 хувь буюу 1.2 ихнаяд ам.долларыг франчайзинг бизнес бүтээжээ.
Манайхтай ойролцоо хүн амтай (4.7 сая) Шинэ Зеланд хүн амдаа ногдох франчайзингийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг ажээ. Тэнд, 2017 оны байдлаар 631 төрлийн франчайзинг 37 мянган бизнест, нийт 124 мянган хүн ажиллаж байв. Энэ салбарын худалдааны эргэлт таван жилийн дотор 15 тэрбумаас 27.6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-ийхээ 11 хувийг бүрдүүлжээ.
Франчайзингийн үндсэн загвар бол дэлхийн аль нэг зах зээл дээр туршаад, амжилт нь нотлогдсон стандартыг өөр нэг оронд тэр чигээр нь буулгах явдал. Дундад зууны үед хаад ноёдууд татвар, хураамж авах, зам барих зэрэг ажлыг хийлгүүлэхээр хувь хүн, эсвэл бүлэг хүмүүст олгож байсан бүрэн эрхийг францууд franche гэдэг байжээ.
Монголын хувийн хэвшилд
Манай эдийн засаг өсөхийн хэрээр гадаад брэндийн нэр, шошготой худалдаа, үйлчилгээний газар олширсоор байна. Шинэ зүйлд нээлттэй, харьцангуй хурдан дасдаг, нийт хүн амын гуравны хоёрыг 35 хүртэлх насны залуус эзэлдэг Монголд сүүлийн жилүүдэд олон улсын франчайзинг орж ирэх нь нэмэгдсээр байна. Ялангуяа түргэн хоолны KFC брэнд орж ирснээр энэ бизнесийг монголчууд илүү сайн ойлгох болов. Франчайзинг залуу хүн амын хэрэгцээ, шаардлагад нийцэж, тэдний амьдралын хэв маягт нөлөөж монголын зах зээлд амжилттай нэвтэрч байна. Тухайлбал Солонгосын жижиглэн худалдааны CU (өмнө нь Японы Family Mart-ын сүлжээ) дэлгүүр Улаанбаатар хотод ганцхан жилийн дотор 55 салбараа нээж, жижиглэнгийн худалдаа, үйлчилгээнд шинэ өнгө төрх бүрдүүлж байна. CU нь улмаар хүнсний жижиг дэлгүүрийн эзэдтэй хамтран франчайзингийн хөтөлбөр санал болгосноор ойрын гурван жилд 300 салбар нэмж, 3000 ажлын байр, орчин үеийн үйлчилгээ бий болгохоор зорьж байгаа аж. Манай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ зөвхөн СU Монголоос гадна, гадаадын бусад орнуудад байгаа тус дэлгүүрийн сүлжээ, дэд бүтцийг ашиглан борлуулах боломж ч бас бүрдэж байна. Энэ бол аль нэг үйлдвэрлэгчид бизнесээ тэлж, олон улсын зах зээл дээр гарч, экспортлох алтан боломж юм.
Дэлхийд танигдсан брэндтэй хамтран ажиллаж байгаа компаниудад үйл ажиллагаа нь ойлгомжтой, зах зээл нь тодорхой учир санхүүжилтээ босгох, зээл авахад ч илүү хялбар хурдан болохыг бусад орны жишээ харуулж байна. Бас тухайн брэндээс ажил, бизнестээ зөвлөгөө авах, хамтран өсөх боломж нээлттэй байдаг. Франчайзинг хийснээр манай жижиг дунд бизнес эрхлэгчид эрсдлээ бууруулж, улмаар тогтвортой хөгжих боломж бүрдсэнээр эдийн засагт бодит үнэ цэнэ, өсөлт авчирна.
Ашгийн бус салбарт
Сүүлийн үед нийгмийн франчайзинг гэх ойлголт яригдах боллоо. Энэ нь олон улсын зээл, тусламж, сайн дурын байгууллагуудын үйл ажиллагааг франчайзингаар оруулж ирэх хувилбар юм. Жишээ нь 2008 онд байгуулагдсан “Дэлхийн эрүүл мэндийн партнерс” гэх ашгийн бус байгууллага Энэтхэг улсад нийгмийн франчайзинг (social franchising) амжилттай нэвтрүүлж, ядуу өрхүүдэд эмнэлгийн тусламж үзүүлж байна.
Нийгмийн франчайзингийн гол зорилго нь ашиг олох биш, нийгмийн тодорхой асуудлуудыг шийдэхийн тулд олон хүнд, ялангуяа орон нутагт хүрэх явдал юм. Улаанбаатарт ажиллаж буй ашгийн бус байгууллагууд хөдөө, орон нутагт хүрч ажиллах зорилгодоо олон хүнийг нэгтгэх боломжийг нийгмийн франчайзинг олгох юм.
Тэгэхийн тулд франчайзингийн боломжуудыг эрсдэл багатайгаар, амьдралд хэрэгжүүлэхийг дэмжсэн хууль, эрх зүйн зохицуулалт шаардлагатай. Дэлхийн улс орнуудад франчайзингийн харилцааг зохицуулахдаа чөлөөт өрсөлдөөн, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн холбоотой бусад хууль журамтайгаа нийцүүлэн, тусгайлсан хууль ч гаргадаг ажээ. Монголд энэ төрлийн зохицуулалт иргэний хуулинд байгаа ч, франчайзингийн харилцаа, ялангуяа дээр дурдсан нийгмийн чиглэлийн франчайзинг зохицуулахад учир дутагдалтай байна.
Франчайзинг хөрөнгө оруулагчийн нүдээр харвал эрсдлийг нь бууруулж буй учир дундаж өгөөжтэй, тасралтгүй ашигтай бизнес эрхлэх боломж гэж хэлж болно. Франчайзинг улам хөгжихийн хэрээр Монголын жижиглэнгийн худалдааны салбарт өрсөлдөөн улам ширүүсч, үйлчилгээний чанар дээшилж, яваандаа эцсийн хэрэглэгчид илүү ашигтай болно. Монголын хувийн хэвшлийн өмнө франчайзинг бизнесийн бүх боломжийг бүрэн ашиглах нөхцөл бүрдсэнээр, чөлөөт зах зээлийн хөгжил дараагийн үе шатандаа орох болно.